logo
Харь гаригийн хүн Монголд айлчилсан нь /фельетон/

Харь гаригийн хүн Монголд айлчилсан нь /фельетон/

2012/10/08
Нисдэг таваг Монголд буув. UFO хөлөглөсөн харь гаригийн элч нар дэлхийн өөр хаа нэгтээ бус зөвхөн Монголд, манай ариун газар шороон дээр хөдөлгүүр юугаа унтрааж морилон саатав. Улаанбаатарын тэнгэрт нисдэг тэрэгнүүд эргэлдэж, хоёр алхам тутамд цагдаа холхиж гудамжны хөдөлгөөнийг хагас өдрөөр хаав.

НҮБ-ийн Энхийг сахиулах хүчнийг төлөөлж америк мэргэн буудагчид нийслэлийн маань барилга бүрийн дээвэр дээрээс харь гаригийнхныг хянаж, сэжигтэй огцом хөдөлгөөн хийвэл буудаж устгахаар онилсон байв. Гэнэтийн, учир битүүлэг энэ айлчлал ямар санаа зорилго агуулж байгаа нь хамгийн сонин байлаа.

Манай гаригийн мэдээллийн бүх агентлагууд энэ айлчлалыг сурвалжлан цацаж, дэлхий тэр аяараа амьсгаа даран ажиглаж, яагаад ямар зорилгоор чухам Монголыг сонгож айлчлав гэдгийг тааварлаж ядан байв. Харь гаригийнхныг нутагтаа урих санаа дэлхийн бусад удирдагчдад төрөөгүй байхад манай ерөнхийлөгч урьсан төдийгүй, айлчлалыг ерөнхий менежерийн хувьд биечлэн удирдав.

Янкууд NASA-ынхаа хүч хэрэгслээр уриад өдөөд байхад нь харь гаригийнхан хариу өгөөгүй мөртлөө манай ерөнхийлөгчийн урилгыг хүндэтгэн хүлээн авч, түүнд бараалхаж ажил хэргийн яриа өрнүүлэн гэрээ хэлэлцээр хийлээ. Хүн төрөлхтнөөс анх удаа харь соёлтны төлөөлөгчтэй хийсэн нарийн ээдрээтэй, хүнд хэцүү яриа хэлэлцээрийг манай ерөнхийлөгч төгс амжилтад хүргэж, харь гариг ба дэлхий хоорондын найрсаг дотно харилцааны үндсийг тавив.

Төрийн ордонд болсон хэлэлцээрийн дараа харь гаригийн хүн Монголын ард түмэнд хандаж үг хэлэхдээ манай улсын дотоод амьдралыг нэвт шувт мэдэж байгаагаа харууллаа. Монголоор мэндчилж бас Алунгуа хатны багцалсан таван сумны тухай домгийг хүртэл иш татсан нь олныг гайхшруулав. Тэр ч бүү хэл Монголын сор болсон хэдэн коммунист дарга нарыг маань бүр лалын суурь үзэлтнүүдтэй адилтгаж, улаан нүүрэн дээр нь сөнөх тавилантай хэмээн хэлсэн гээч.

Түүний ёрлосноор коммунистууд маань сөнөчихвөл бид хэнийгээ сонгож удирдуулах билээ дээ. Түүнчлэн манайхан зочиддоо дэлхийн амьтны аймгийг төлөөлүүлж морь, сарлаг, тэмээ зэрэг амьтдаа сонирхуулсны зэрэгцээ нүүдлийн соёл иргэншлийн бэлэг тэмдэг болсон малчин айлаар оруулав.

Айлчлалын явцад харь гаригийн ноёнтой гар барьсан болон хамт зургаа авахуулагсад дор бүрнээ бахархал дүүрэн үлдсэн бөгөөд Монголчууд тогтсон заншлаараа овоо хэдэн сая доллартай тэнцэх харь гаригийн мөнгөн тэмдэгтийн тусламж амлуулсан билээ. Айлчлал өндөрлөсний дараа, тэднийг урих санааг анх сэдэж айлчлуулсан хүндэт ерөнхийлөгч маань Монголын хамгийн өндөр IQ-тай хүнээр шалгарч, олон байгууллага, газраас түүнийг “Шилдгийн шилдгийн шилдэг удирдагчаар” өргөмжлөв.

Мөн нийслэлийнхээ газар шороон дээр харь гаригийнхныг хөл тавиулсныг нь үнэлж Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга Болормаа хүндэт ерөнхийлөгчөө “Нийслэлийн хүнээр” тодруулав. Харин дэлхийн нэр хүндтэй улс төрч, судлаачдын дүгнэж байгаагаар харь гаригийнхан зориуд нисдэг тавагнаасаа бууж үдлээд, дипломат ёсоор хэлж сануулснаас үзэхэд тэдний энэ гэнэтийн айлчлалын цаад зорилго нь ердөө л Монголд авилгалын хууль гаргахад нөлөөлөхөд оршиж байжээ.

Ийнхүү Кофи Аннанд ч чичлүүлээд зогсож байхаасаа гудийхгүй Монголын алдарт авилгачид харь гаригийнхан ирж санаа тавьсны эцэст сая нэг юм “нөгөөх” хуулиа гаргахаас аргагүйд хүрсэн байна.

Д.Баясгалан
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш