logo
Оройтсон болзоо

Оройтсон болзоо

2016/11/22

Туяа өөрийгөө дахин, дахин толинд харлаа. Нүүрийг нь чимэн зурайх тас хар хөмсөг, урт сормуус, мөрөө даран сул асгарах өтгөн хар гэзэг, саяхан их л үнэтэй авсан чамин даашинз биеийнх нь хэлбэр дүрсийг хачин сайхан тодруулж байгааг тэр харж, сэтгэл хангалуунаар инээмсэглэв. Цагаа хяламхийн харвал аль хэдийнээ болзсон цаг болчихож. Нүүр нүдээ будах гэж суусаар хоцорч байгаагаа мэдэж байсан ч “Эмэгтэй хүн болзоонд түрүүлж очих дэмий” хэмээн хөөрч догдолсон сэтгэлээ дарах гэж өөртөө чангахан хэлээд машиндаа суулаа.
Том зочид буудлын тансаг зоогийн газарт орвол Амгалан түүнийг хүлээж байсан нь илт. Нүдэндээ инээмсэглэл цацруулан өндөлзөж байлаа. Туяа ч Амгаланг харан инээмсэглэж, түүний зүг алхаж байхдаа “Миний нүүр ямар харагдаж байгаа бол” хэмээн хальтхан бодож амжив.

Яагаад ч юм энэ залуу анхнаасаа л Туяагийн сэтгэлийг татсан. Өндөр чийрэг нуруутай, өөрийн гэсэн тов хийсэн бизнестэй, гадаадад сургууль төгссөн, олны дунд нэр хүндтэй энэ залууг тэр өөрийн болгож чаднаа гэдэгтээ итгэлтэй байлаа. Амгалан ч түүнийг илт сонирхож байгааг мэдэрч, удаан хайсан хүнээ энэ мөн гэдэгт Туяа эргэлзэхгүй байв.

Туяа ялдамхан инээмсэглэсээр

-Сайн уу? гэвэл залуу түүний зүг инээмсэглэж

-Чамайг л хүлээж удсныг эс тооцвол сайн хэмээн хөгжилтэйгээр хэлээд гэнэтхэн санаа алдав. Зөөгч бүсгүй ирж, хөнгөн зууш, хоол унд ширээн дээр өрсөн ч Туяа жимсний жүүснээс өөр юунд ч ам хүрсэнгүй. Туяа шороо боссон саарал гудамжинд зайрмаг долоон, болзсон хөвгүүнтэйгээгээ хөтлөлцөж гүйдэг байснаа санаад инээвхийлэв. Нүүрэнд нь инээмсэглэл тодрох түүний рүү Амгалан харан байн, байн инээмсэглэж

-Чамайг ямар их санав аа гэхэд Туяа түүн рүү болгоомжтойгоор харж байснаа “Тэнэг нөхөр байна даа. Юун ч нялуун юм бэ дээ” хэмээн бодож байсан ч дуугарсангүй.

-Үнэнээ хэлэхэд би яг л жигүүртэй юм шиг болчихож. Хурдхан ажил тараасай, чамтай уулзах юмсан гэж яарч догдлоод л гэснээ Амгалан түүн рүү гараа сунгахад Туяа сандарсхийн ширээн дээр тавьсан гараа татаж авлаа. Амгалан гайхаж байгаа нь илт

-Яасан? Ичээд байгаа юм уу гэхэд Туяад хэлэх үг олдсонгүй.

-Зүгээр л ... хэмээн түгдчихэд

-Миний хонгор ийм хөөрхөн, даруухан ш дээ хэмээн гэснээ үнсье хэмээн уруулаа цорвойлгоход Туяа сандарсандаа

-Зүгээр байл даа хэмээн огцомхон хэлснээ санаа зовон сандчиж эхлэв. Амгалан тийм ч их таатай бус байгааг нь мэдсэн бололтой, дуугаа хураан, хийх юмаа олж ядан өндөлзөж эхэллээ. Ширээн дээр байсан жижигхэн цүнхийг нь авч сандал дээр зөөлхөн тавихад Туяагийн дургүй хүрч эхлэв.

-Дураараа, маягтай нөхөр байна даа, хүний юманд ч зөвшөөрөлгүй хүрээд...Юун нялуун юм гэж бодож суухдаа саяхан л асаж байсан оргилуун мөрөөдөл, Амгаланг өөрийн болгох тэр хүсэл нь аль хэдийнээ унтарсныг ойлгож эхлэв.

Туяа урамгүйхэн харьж явлаа. Дахиад л нэг амжилтгүй болзоо... Өнгөрсөн хорин жил, Их сургууль төгссөнөөс хойш тэр хоёрхон зүйлд л анхаарлаа хандуулж явсан. Ажил, хувийн нэр төр...Бусад охид шиг болзоонд гүйж, орой үдэш цэнгээний газруудын хаалга татаж, наргиж дарвиж явсангүй. Ажил гэр хоёрын хооронд жим гаргаж, өөрийгөө л өөд нь татан, олсон мөнгөө хувцас гоо сайхандаа зориулж явсан. Хэнд ч гологдохооргүй сайхан хүүхэн гэдгээ тэр мэднэ. Гэвч нэг л мэдэхэд гав ганцаараа хоёр өрөө жижигхэн байрандаа өтлөж, харин түүний үеийнхэн аль хэдийнээ аав ээж болж, өнөр өтгөн гэр бүл зохиосон байлаа. Тиймээс сүүлийн үед тэр нөхөртэй, гэр бүлтэй болох гэж хэр чадлаараа хичээж байгаа нь энэ. Гэвч сэтгэлд нь таарах хүн өнөөдрийг хүртэл гарч ирсэнгүй. Түүний сэтгэлд таарах зүйл тун ховор. Ялангуяа эрчүүд...

Нэг бол ядуу, нэг бол тэнэг, архинд дуртай, хүүхэмсэг, арчаа муутай, боловсролгүй гэсэн шалтгаанаар олон эрчүүд түүний жагсаалтаас хасагдаж, бүтэл муутай болзоонд явсаар үнэндээ залхаж байлаа.

Хэдхэн хоногийн дараа түүний төрсөн өдөр болно гэдгийг санаад гэнэтхэн дургүй нь хүрэв. Туяа дөчин нас хүрнэ. Өнгөрсөн дөчин жил түүнд ямархан дурсамж үлдээснийг эргэж санах гээд чадсангүй. Харин хөөрүү дэвэргэн хүүхэд насандаа л хамгийн сайхан мөчүүдийг өнгөрөөснөө мэдэж байлаа.

Хэнийг ч ялгаж үзэхгүй, хэзээ ч муу муухай зүйл бодохгүй. Сэтгэл яг л арчсан толь шиг тунгалаг. Тэр дүрсэнд туссан дүрс бүрийг охин ялгаж салгахгүйгээр хүлээж авдаг байж. Түүнийг харахаараа л чавга шиг улаадаг хажуу айлын халтар банди, гадаа нь эргэлдэх хөвгүүд... Хэн ирэх бол хэзээ дуудах бол гэж хүлээдэг байсан охин хонгор нас...Орцны үүдэнд болзоонд зогсож, үеийн хөвгүүн гарт нь шүргэхэд л бүх бие нь дагжин чичирдэг байсан тэр үеүд тэртээ үлдэж, харин хөөрч дэвэрдэг сэтгэл хөшиж, царцсныг Туяа сая л ойлгов. Түүний сэтгэлийг одоо юу ч тэгтэл уяраахгүй, юу ч тэгтэл хөдөлгөхгүй гэдгийг сайн мэдэж байлаа.

Утас нь жингэнэтэл дуугарав. Дахиад л бүтэлгүй болзоо

Намсхийх салхины аясаар намрын навчис бороо шиг асгарч байлаа.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш