logo
Сэтгэцийн эмгэг өвчин ихэсч, амиа егүүтгэх хандлага буурахгүй байна

Сэтгэцийн эмгэг өвчин ихэсч, амиа егүүтгэх хандлага буурахгүй байна

2012/10/08

Манай улс Сэтгэцийн эрүүл мэндийн дэлхийн өдрийг жил бүрийн аравдугаар сарын 10-нд тэмдэглэж өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жил 13 дахь удаагаа тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Сэтгэцийн эмгэг гэхээр хүмүүс галзуурах гэж ойлгодог. Тэгвэл ямар ч хүнд сэтгэл гутрал тохиох бөгөөд тэр нь гүнзгийрэх тусам сэтгэцийн эмгэг болдог байна. Харин галзуу гэж өвчин байдаггүй. Галзуу гэдэг нь ХӨСҮТ-д хамаатай, галзуу нохой ч юм уу, амьтанд хазуулснаас болж галзуурах шинж илэрдэг өвчин хэмээн албаны эх сурвалж тайлбарласан байдаг.

 

Сэтгэцийн эмгэг өвчинд ихэвчлэн сэтгэцийн архаг солиорох эмгэг, тархины гэмтлийн улмаас үүссэн сэтгэцийн өөрчлөлт илэрдэг аж. Мөн сүүлийн үед архи, мансууруулах бодисын чиглэлийн болон нийгмээс шалтгаалсан сэтгэцийн эмгэг өөрчлөлтүүд ихсэх хандлагатай байгаа аж. Мөн сэтгэцийн өвчин нь дотроо олон янз, өвчин бүр нь өөрийн гэсэн шалтгаантай байдаг бөгөөд удам дамжих болон тархи, толгой гэмтэх, нийгмийн стресс, донтох зэргээс шалтгаалдаг гэнэ.

 

Архи, тамхи ч юм уу ямар нэгэн зүйлд донтсоноос болж сэтгэцийн өөрчлөлттэй болж болдог аж. Үүнээс гадна стрессээс үүдэн сэтгэцийн өвчлөл үүсдэг байна. Нийгэм хөгжөөд хүний хийж байгаа зүйлс их хийсвэр болж, дээр нь оюуны хэт ачаалал, стрессээс үүдэн сэтгэцийн эмгэг өөрчлөлтүүд өсч байна. Архи уух, хар тамхинд донтох зэрэг эмгэг нь мөн л стресстэй холбоотой үүсч байгаа аж.

 

Цочролд орсноос болж сэтгэцийн эмгэгтэй болох тохиолдол ч гардаг байна. Хүчтэй цочролын улмаас түр зуурын сэтгэл санаа хямрах үзэгдлүүд гарахын зэрэгцээ ер нь ойр дотны хүн нь нас барах болон гамшгийн үед хүний сэтгэл санаа түр зуур хямрах шинж тэмдгүүд илэрч болдог байна. Гэхдээ тухайн зүйл нь өнгөрсний дараа эмчийн тусламжтайгаар хэвэндээ ордог аж.

 

Харин бага насны хүүхдүүдэд ихэвчлэн тоглоомонд донтох байдал илэрдэг байна. Насанд хүрэгчдийн хувьд мөрийтэй тоглоомд донтох тохиолдол байдаг ч хүүхдүүд шиг тэгтлээ их донтдоггүй гэнэ. Сэтгцэийн эмгэг өвчлөлөөр өвчилсөн тохиолдолд ихэнхдээ өөрийгөө мэддэггүй. Уурлаад байгаа хэрнээ би уурлахгүй байна аа гэх ч юм уу үгүйсгэх байдлаар илэрдэг гэнэ. 

 

Иймэрхүү шинж тэмдэг архичин хүнд их илэрдэг байна. Архи их уудаг мөртлөө би архичин биш зохицуулаад явдаг, амьдралаа аваад явж байна гэдэг. Гэтэл яг үнэндээ архинд донтох өвчтэй болчихсон байдаг аж. Мөн гол илрэх шинж тэмдэг нь өвчин бүрт өөр байдаг гэнэ. Хамгийн элбэг тохиолдох шинж тэмдэг нь нойрны асуудал. Нойргүйтэх, их хөнгөн унтах, зүүдлэх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.

 

Мөн сэтгэл санаа гуньж, гутраад хүнтэй ярихаа болих, ямар нэгэн зүйлд сэтгэл ханамжгүй болох ч юм уу. Өөрөөр хэлбэл, хүний сэтгэцийн хэвийн үйл ажиллагаа тодорхой хэмжээгээр алдагдаж эхэлдэг байна. Энэ байдал нь цаашдаа хүндрэх юм бол өөртөө болон нийгэмд аюултай үйлдэл хийж болзошгүй байдалд хүрдэг гэнэ.

 

Мөн биеэ даасан сэтгэцийн архаг солиорлууд эдгэрэхгүй тохиолдол байдаг бол гамшиг болон сэтгэцийн түр зуурын хямралын улмаас үүссэн сэтгэцийн өөрчлөлтүүд бүрэн эдгэрдэг байна. ДЭМБ-ын судалгаагаар бие махбодийн архаг хууч өвчин сэтгэл гутралтай хавсарсан тохиолдолд хүний биеийн эрүүл мэндийн байдал улам хурдан мууддаг болохыг тогтоосон байна.

 

Халдварт бус, архаг өвчнүүд одоогоор дэлхий дахинд нас баралтын гол шалтгаан болоод байгаа юм. Архаг хууч өвчтэй хүмүүс болон түүний гэр бүлийнхний амьдралын чанарт нөлөөлөх хүчин зүйлийн нэг нь бол сэтгэл санааны байдал юм. Үүнээс гадна удаан хугацааны турш өвчтэй байх нь сэтгэл санаанд дарамт үзүүлснээр сэтгэл түгшилт, эрүүл бус зан үйлтэй болоход нөлөөлж, энэ нь сэтгэл зүйн ба бие махбодийн шинж тэмдгээр илэрдэг аж.

 

Сүүлийн 25 жилд манай улсад сэтгэц, зан үйлийн эмгэгийн тархалтын судалгаа хийгдээгүй бөгөөд эрүүл мэндийн статистик мэдээгээр сэтгэц, зан үйлийн эмгэгийн тохиолдол 2000 онд 10 мянган хүн амд 77.4 байсан бол 2007 онд 112.9 болж нэмэгджээ. 2008 оны байдлаар манай улсад сэтгэц, зан үйлийн эмгэгтэй 22 мянга гаруй хүн эмнэлгийн идэвхтэй хяналтад эмчлэгдэж, хөдөлмөрийн чадвар алдсан нийт хүний дотор сэтгэцийн эмгэгтэй хүн 15 хувийг эзэлж байгаа аж. Мөн сэтгэцэд нөлөөт шинэ эмийг эмчилгээнд нэвтрүүлэх боломж хязгаарлагдмал байна.

 

Дэлхий нийтэд 200 гаруй нэр төрлийн сэтгэцэд нөлөөт шинэ эмийг эмчилгээнд хэрэглэж байхад Монгол Улс зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад бүртгэгдсэн, эмчилгээний үр дүн багатай, гаж нөлөө ихтэй 10 нэр төрлийн эмийг сүүлийн 50 жилийн турш хэрэглэсээр иржээ. Үүний зэрэгцээ эдгээр эмийн хангамж, хүрэлцээ сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бүх шатлалд ялангуяа сум, өрх, аймаг, дүүргийн төвшинд хангалтгүй байдаг.

 

Түүнчлэн дэлхий нийтэд сэтгэцийн эрүүл мэндийн эмнэлэгт суурилсан тусламжаас татгалзаж, нийгэм, хамт олонд тулгуурласан тусламж, үйлчилгээг түлхүү хөгжүүлж байхад манай улсад сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний нийт зардлын 64 хувийг ор бүхий эмнэлгийн тусламж үйлчилгээнд зарцуулж байгаагаас нийгэм, хамт олонд тулгуурласан сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах боломж хязгаарлагдмал байна.

 

“Эрүүл мэндийн салбарын мастер төлөвлөгөө”-нд 2015 он гэхэд сэтгэц, зан үйлийн эмгэгийг 10 мянган хүн амд 65 хүртэл хувиар бууруулах, сэтгэцийн эрүүл мэндийн анхан шатны тусламж шаардлагатай үйлчлүүлэгсдийн 70 хүртэлх хувийг тусламж үйлчилгээнд хамруулахаар төлөвлөсөн бөгөөд хүн амын дунд сэтгэц, зан үйлийн эмгэгийн тохиолдол, амиа хорлолт буурахгүй байгааг харгалзан “Сэтгэцийн эрүүл мэнд” үндэсний хоёр дахь хөтөлбөрийг боловсруулжээ.

 

Уг хөтөлбөрийг 2010-2019 он хүртэл хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд хөтөлбөрийн санхүүжилтийг улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө, Засгийн газрын зарим тусгай сан, гадаад, дотоодын төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хандив, тусламж, олон улсын байгууллага, хандивлагч орны зээл, тусламж, хууль тогтоомжоор хориглоогүй бусад эх үүсвэрээс төвлөрүүлэх талаар мэдэгдээд буй.

 


Ингээд Сэтгэцийн эрүүл мэндийн дэлхийн өдөртэй холбогдуулан "Надад  сэтгэл гутрал  бий юу?” тестийг сонирхуулж байна. Энэхүү тестээр та өөрийн зовиур шаналгааны цаана сонгодог сэтгэл гутрал  явагдаж буй эсэхийг тодорхойлж болох аж. Доорх шинжүүдээс танд гурав нь илэрч байвал  та сэтгэл гутралд орсон байх магадлалтай тул сэтгэл зүйчид хандах хэрэгтэй.



Шинжүүд:
1.    Та ихэнхдээ сэтгэл дундуур гонсгор байдаг.
2.    Урьд өмнө нь сонирхол татаж байсан зүйлдээ сонирхолгүй болсон, өдөр ирэх тусам таашаал авах нь буурч буй.
3.    Та хэвийн хооллож байгаа ч жин ихээхэн нэмэгдсэн, эсвэл мэдэгдэхvйц буурсан.
4.    Танд байнга өлсөх мэдрэмж төрдөг болсон, эсвэл хоолны дуршил буурсан.
5.    Нойргүйдэх, эсвэл үргэлж нойрмоглодог болсон.
6.    Та байнгын хэт сэрэлтэй байх, эсвэл сулрал болон огцом бууралт мэдэрдэг болсон.
7.    Таны эрч хүч суларч, амархан ядардаг болсон.
8.    Өөрийгөө хэнд ч хэрэггүй гэсэн мэдрэмж төрж, шалтгаангүйгээр өөрийгөө буруутгадаг болсон.
9.    Таны оюуны чадавхи мэдэгдэхүйц  буурч сэтгэл санаагаа төвлөрүүлэн шийдвэр гаргах чадвар буурсан.
10. Танд үхэл, амиа хорлох талаар бодлууд бий болсон.
11. Амиа хорлох оролдлогууд хийсэн.


Дээрх шинжүүдээс тав нь танд нэгэн зэрэг илэрч буй бол та сэтгэл гутралын гүн хэлбэрт орсныг илтгэнэ. Сэтгэл гонсгор байх нь сонгодог сэтгэл гутралын аль ч хэлбэрийн анхны бөгөөд зайлшгүй илэрдэг дохио гэнэ.


Э.Туул
Эх сурвалж:"Монголын Мэдээ"

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш