-Хип хопчид өргөн өмд, малгайтай цамцны цуглуулгатай гэдэг нь мэдээж. Гэхдээ үүнээс өөр сонирхож, цуглуулах зүйлс байдаг биз дээ?
-Байгаа. Би пүүз цуглуулдаг шүү. Бүр дөрөвдүгээр ангид байхаасаа эхлээд өнөөг хүртэл пүүзнээс салаагүй. Пүүз миний стиль имижийн нэг хэсэг, бас чухал хэрэглээ. Энэ ч утгаараа, сонирхолдоо хөтлөгдөөд “Миний пүүз” нэртэй анхны дуугаа гаргаж байлаа. “Vanguish” хамтлагийн дуучин Цэцээ гэдгээр минь олонд таниулсан уран бүтээл шүү дээ.
-Тэгвэл энэ хугацаанд хэчнээн төрлийн пүүз цуглуулсан бол?
-Одоогийн байдлаар 40 гаруй пүүзтэй. Би энд амьдардаггүй л дээ. Тиймээс ихэнх пүүзээ Америкт үлдээсэн. Сонирхуулж хэлэхэд, надад “Nike”, ”Jordan” фирмийн пүүзнээс өөр сонголт байхгүй. Чанар, хийц загвар гээд бүхий л талаараа таалагддаг учраас тэр.
-Энэ талаар сонирхдог хүний хувьд, чамгүй мэдлэгтэй байх?
-Гайгүй шүү. Бусдын өмссөн пүүзийг хараад л хаана үйлдвэрлэсэн, ямар фирмийн, хэдий хэмжээний үнэтэйг нь хэлж чадна. Энд тэнд явж байхад гоё загвартай, чанар сайтай пүүз өмссөн охид залуустай цөөнгүй таардаг. Зөвхөн залуус гэлтгүй, дунд сургуулийн сурагчид пүүзээр гоёж, хоорондоо багахан хэмжээний өрсөлдөөн үүсгэсэн юм шиг санагдсан.
-Алдартай фирмийн пүүз Америкт өндөр үнэтэй байдаг биз дээ. Цуглуулгадаа байгаа хамгийн үнэтэй пүүзээ хэлээч?
-Америкаас хийц загвар, чанар сайтай пүүзийг боломжийн үнээр худалдаж авдаг. Харин энд их үнэтэй юм билээ. Миний цуглуулгад байгаа пүүзнээс хамгийн үнэтэй нь 1000 ам.долларынх. Бусад нь харьцангуй хямд л даа.
-Спортоор хичээллэдэг үү. Пүүз өмсөх дуртай болохоор ингэж асуулаа?
-Огтхон ч үгүй. Харин чөлөөт цагаараа бааранд орж бүжиглэх дуртай. Архи уухдаа гол нь бус. Бүжиглэх орчныг тэндээс өөр ямар ч газарт бүрдүүлээгүй байна шүү дээ, манайд.
-Пүүзнээс өөр сонирхол тань юу вэ?
-Хип хоп дууны үг бичих. Би дөрвөн цомог гаргасан. Бүх дууныхаа үгийг өөрөө бичсэн шүү. Хувь хүний үзэл бодлыг шингээсэн учраас шүлэг гэж хэлж болохгүй. Завтай үедээ аятайхан ая сонсоод л дууныхаа үгийг бичдэг. Гэхдээ ихэнх хип хопчдын дуулдаг шиг хайр дурлалын сэдэв сонгох дургүй. Өмсч байгаа пүүз, идэж байгаа бууз, унаж яваа машиныхаа хөгжмийнхөө тухай өгүүлэх жишээтэй. Өөрөөр хэлбэл, бидний өдөр тутмын амьдралд байдаг хэрнээ хэн ч анзаардаггүй тэр л сэдвүүдийг чухалчилна.
-Хамтлагийн уран бүтээлд таны зохиосон үг нэлээд багтсан байх, тийм үү?
-“Vanguish” хамтлагийн хувьд, цомог гаргаагүй л дээ. Урын санд маань гурав, дөрвөн ч цомог гаргах хэмжээний дуу бий. Зарим бүтээлд нь миний санаа багтсан нь үнэн.