logo
 Дахин нэг барилгыг нураахаар шийдвэрлэлээ

Дахин нэг барилгыг нураахаар шийдвэрлэлээ

2012/10/08
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл оршин суугчдын гомдлын дагуу өнгөрөгч амралтын өдөр Хан-уул дүүрэгт зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгуудын байдалтай танилцлаа.

Бидний очсон эхний газар тус дүүргийн 15 дугаар хороо, Ээрмэлийн үйлдвэрийн зүүн талд байрлалтай барилга байв. Энэхүү барилга нь нар хааж, эргэн тойрон дахь үзэгдэх орчноо хязгаарласан хэмээн иргэн Гантогоо, Оюунгэрэл нар хотын даргад өргөдөл хаягласан аж. Гэвч тус газар хотын даргыг саатахад, гомдол гаргасан иргэд өөрийн биеэр ирээгүй. Харин тус байрны оршин суугчид “Бид гомдол гаргаагүй” гэсэн хариултыг өгсөн юм.

Ийнхүү бидний дараагийн “буудал” Хан-уул дүүргийн нэгдүгээр хорооны 13, 14 дүгээр байрны хажууд байрлалтай 12 давхар, ямар ч зөвшөөрөлгүй орон сууцны барилга байв. Тус барилга нь 2002 онд Бадрал, 2004 онд Анхбаяр, Цэцгээ нарын эзэмшлийнх байсан бөгөөд шүүхийн шийдвэрээр газрын бичгийг нь хүчингүй болгожээ. Харин тус барилгын эсрэг нэгдүгээр хорооны оршин суугч Б.Түвшинбаяр гомдол гаргасны дагуу тус барилгыг шалгаж, нураах шийдвэр гаргасан байна. Гэвч уг барилгатай залгаа хоёр  давхар барилгыг нураахад л, 40 гаруй сая төгрөг шаардлагатай аж. Харин бүхэлд нь нураахад багаар бодоход долоон тэрбум төгрөг зарцуулах юм байна.

Энэ талаар хотын дарга “Хуульд зааснаар тухайн компани өөрийн хөрөнгөөр буулгах эсвэл албадан буулгаж, хөрөнгөө гаргуулж авах ёстой байдаг. Тус барилгыг барьсан компани ор сураггүй байгаа учир хүйтрэхээс өмнө улсаас хөрөнгө гаргаж нураана. Дараа нь уг компаниар барилгыг нураасан зардлыг нь гаргуулна. Ер нь цаашид энэ мэтчилэн барилгын асуудлыг онцгой анхаарч, хариуцлагыг нь холбогдох эзэнд нь үүрүүлдэг болно. Тийм ч учраас миний Хан-Уулыг зорьж ирсэн шалтгаан гэвэл юуны өмнө иймэрхүү барилгыг өөрийн нүдээр үзэх. Мөн оршин суугчдаас уучлалт гуйх гэсэн юм. Тиймээс цаашид газар олгохдоо оршин суугчдын санал гомдлыг сонсож, иргэдийн оролцоог илүү чухалчлан үзэж байх болно” гэдгээ хэлсэн юм.

Харин дараагийн барилгатай холбоотой асуудал нэлээд маргаантай байсан юм. Учир нь тус дүүргийн цагдаагийн албан хаагчдыг төрөөс орон сууцжуулах хүрээнд баригдаж буй барилга юм. Гэвч энэхүү барилга нь 19 дүгээр байрны оршин суугчдын нарыг хаасан, эргэн тойронд нь явах зам гарц байхгүй гэсэн маргаан дагуулж, оршин суугчдын бухимдлыг барж буй аж.

Энэ талаар 19 дүгээр байрны оршин суугч “Анх энэ газар хоёр давхар өрхийн эмнэлэг барьж, нэг цэгийн үйлчилгээг иргэдэд үзүүлнэ гэж оршин суугчдаар гарын үсэг зуруулсан. Тийм ч учраас оршин суугчид бүгд зөвшөөрч гарын үсгээ зурж, барилгын ажлыг тавдугаар сараас эхлүүлсэн. Гэвч удалгүй эмнэлгийн хажууд дахин газар ухаж, бас нэгэн барилгын суурь тавьснаар оршин суугчид болон барилга бариулж буй хүмүүсийн дунд маргаан үүссэн. Харин энэ бүхний цаад учир нь цагдаагийн ажилчдын таван давхар орон сууц барих гэж байсан юм билээ. Гэвч удалгүй таван давхар барилга нь есөн давхар болсон” хэмээн тодотгов.
Энэхүү маргаанаас үүдэн оршин суугчид хотын даргад өргөдөл гаргасан нь энэ аж. Гэвч бодит байдал дээр улсаас төрийн албан хаагчдыг орон сууцжуулах ажил явагдаж байгаа. Нөгөө талаас оршин суугчдын бухимдлыг дээд цэгт нь хүргэж буй энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь эргэлзээтэй байгаа юм. Ямартай ч тус дүүргийн ОНХ албаны хошууч Б.Болортуяа “Биднийг төрөөс орон сууцжуулах ажил явагдаж байгаа. Манай дүүргийн хувьд, анхных нь барилга баригдаж байна. Бид орон сууцтай болохын тулд бүхий л аргаа хэрэглэж байгаа. Эхний ээлжинд урьдчилгаа мөнгө гэж 25 сая төгрөг өгсөн. Бүгд л цалингийн зээл, ээж аавынхаа тэтгэврийн зээлийг авч төлсөн. Төр, түмнийхээ төлөө цаг наргүй ажиллаж, хүнд хэцүү алба хашиж яваа бид ийм эрхтэй. Оршин суугчид та бүхэн ойлгох хэрэгтэй, зохицоод л амьдръя” гэлээ.

Энэ маргааныг шийдэхэд үнэхээр төвөгтэй бөгөөд нэгэнт цагдаа нарыг орон сууцжуулна гээд энэ газарт зөвшөөрөл өгсөн учир цаашид үргэлжлүүлэн барих нь зүйтэй гэж үзлээ. Хотын дарга “Эцэст нь хэлэхэд цаашид хэн хэн нь хохирогч болохгүйн тулд оршин суугчид гомдолтой үлдсэн ийм нөхцөлд тэдний хохирлын хэмжээг тогтоож олгоно. Орон сууц байршлаасаа хамаарч үнэ тогтоодог. Наран талдаа цонхтой бол өндөр үнэтэй байдаг.Тэгвэл ингэж өндөр үнээр авсан байрны нарыг нь хаах, орчин нь муудахад дагаад үнэ цэнэ нь буурна. Иймээс л оршин суугчид хохирсон тохиолдолд хохирлын хэмжээг тогтоож олгох журам батална” гэв.

Х.Гэрэлцэцэг

Эх сурвалж:"Нийгмийн Толь"

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш