logo
Зангидсан гар шиг анар 30 мянган ам.долларт хүрдэг

Зангидсан гар шиг анар 30 мянган ам.долларт хүрдэг

2012/10/08

“Зангидсан гарын дайтай, сэвгүй анар хятадын хар захад 30 мянган ам.долларт хүрдэг” гэж нэг танил маань ярилаа. Тэрбээр геологич мэргэжилтэй, 15 жил уул уурхайн салбарт ажилласан туршлагатай нэгэн. Түүний яриаг сонсоод анар хэмээх чулууны талаар бага зэрэг судаллаа.
“Гранат” гэсэн ерөнхий нэрээр олон улсад танигдсан энэ чулуу кварцын төрөлд багтдаг аж. Хоёр зуун жилийн өмнөөс Европ, Хятадын хаад, язгууртнууд анараар хийсэн гоёл, чимэглэл хэрэглэж эхэлсэн нь алмаазны дайтай үнэд хүрдэг байж. Анарыг Африк, Урал, Кавказ, Төв Америкаас голдуу олборлох бөгөөд эдгээрт уурхай эзэмшсэн хүмүүс өдгөө дэлхийн тэрбумтнуудын тоонд зүй ёсоор ордог аж.


Харин Монгол Улс анарын боломжит нөөцтэй улсуудын тоонд ордог гэнэ. Социализмын үед Монгол, Оросын хамтарсан экспедиц үнэт чулууны судалгаа хийж байхдаа Архангай, Өвөр­хангай, Булган, Сүхбаатар, Говь-Алтайгаас багагүй хэм­жээний ннөц илрүүлсэн ч ойшоолгүй орхисон байна.
Гэхдээ Архангайн Тариа­таас зангидсан гарын дайтай анар олдсон нь дэлхийд томд тооцогдох бөгөөд тухайн үед Орос руу илгээсэн нь өдгөө сураггүй болжээ. Тэр үед буюу 1976 оноос Тариатаас үндсэн ба шороон ордын нөөцийг тогтоон олборлолт явуулж зарим хэсгийг нь гадаадад экспортолж бай­сан боловч 1988 оноос бор­луу­лалтгvй болж, ажил нь зогссон байна.
Английн нэрт геологич А.Ферсман 1917 онд Монголд су­дал­гааны ажил хийж байхдаа морин толгойн чинээ улаан анар олсон нь мөн оросуудын гарт орсон аж. А.Ферсманы тэмдэглэлд бичсэнээр энэ нь Африкийн Кимберлитийн чулуутай бүх талаараа төс­тэй, өө сэвгүй учраас дэл­хийн баячууд дээд хэм­жээгээр үнэ хаялцах болно гэж бичсэн байжээ.
Үүнээс харахад Монголд анар, ер нь үнэт чулууны судалгаа тун хангалтгүй байгаа нь илт. Гэтэл сүүлийн жилүүдэд Архангайн Та­риатад хятадууд очиж, нутгийн иргэдээр чулуу түүлгэн, алимны хайрцагтайг нь 10 мянган төгрөгөөр авдаг тухай мэдээлэл бидэнд ирсэн. Тариат сумын иргэн Д энэ тухай ярихдаа “Оюутнууд зуны амралтаараа ирж, чулуу түүдэг. Хуучин олборлолт явуулж байсан оромноос түүдэг юм. Хятадууд шүдэнзний хайрцагны талаас жиж­гийг авдаггүй. Гэхдээ энэ хавьд чулуу элбэг учраас хай­р­цаг дүүргэхэд нэг их асуудал гардаггүй. Манай нутгийн нэг хөгшин энэ чу­лууг “Цусан бадмаараг” гэсэн. Дээр үед энэ нутгийн ноёд ийм чулуугаар хөөрөг хийлгэдэг байсан гэнэ билээ” гэсэн юм.
Ингээд бодохоор Мон­голын үнэт чулуу үнэгүйдэж, харийнхны халаасыг зу­заалсаар байгаа аж.
Эх сурвалж: Өглөөний сонин

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш