logo
УИХ-ын гишүүн С.Ганбаатар

УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Оюу Толгой" компанийг "Монголчууд ордын 71 хувийг эзэмшинэ" гэсэн хуурамч сурталчилгаа явуулсан гэж шүүхэд өглөө

2012/10/09
УИХ-ын гишүүн С.Ганбаатар, УИХ-ын дэд дарга С.Баярцогт нар өнөөдөр Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдох асуудлаар халз мэтгэлцэх байсан ч С.Баярцогт түр хойшлуулах санал гаргаад буй билээ.

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлгэсэн юм. С.Ганбаатар “ Ер нь бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Оюутолгойн гэрээ бол зүгээр нэг бичиг баримт биш. Харин Монголчууд ирэх 60 жилд хэрхэн амьдрах вэ гэдгийг шийдэх юм. Тиймээс ч би С.Баярцогтыг мэтгэлцье гэж урьсан. Гэтэл Засгийн газрын зүгээс өнгөрөгч баасан гаригт мэтгэлцээнийг хойшлуулах хүсэлтээ албан ёсоор тавьсан. Би С.Баярцогтыг яллах гээгүй ээ . Хамгийн гол нь нийгэмд Оюутолгойн гэрээний талаар олон янзын хоёрдмол ойлголи үүсээд байна. Үүнийг л нэг тийш болгоё гэж буй . Иймээс дөрвөн асуудлаар мэдэгдэл гаргаж буйгаа сонордуулья. Үүнд:

Нэгдүгээрт. Оюутолгойн гэрээний асуудлаар мэтгэлцээн хийхэд бэлэн байна. Эрдэмтэн судлаачдыг оролцуулсан нээлттэй мэтгэлцээнийг ойрын үед явуулна уу гэж хүсэж байна. УИХ-ын Тамгын газар дараагийн мэтгэлцээнийг МҮОНРТ-ээр зохион байгуулна уу ?

Засгийн газар Оюутолгойн гэрээний ажлыг үргэлжлүүлж байна гэсэн. Энэ бол хүндэтгэх шалтгаан. Тиймээс би мэтгэлцээнийг хойшлуулах хүсэлтийг хүлээн авсан. Гэтэл цаана чинь Оюутолгой Өмнөговьтой хамтын ажиллагааны гэрээ байгуулж байна. Монгол Улс бол нэгдмэл улс. Зөвхөн Өмнөговьтой гэрээ байгуулж байгаа нь ямар учиртай юм бэ.

Хоёрдугаарт. Өнөөдрийн байдлаар УИХ-ын 25 гишүүн Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг засварлахыг шаардаж байгаа. Эдгээр гишүүн Шударга уул уурхайн төлөөх түр хороог нэн даруй байгуулна. Үүний дэргэд Монголын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн шинжилгээний багийг ажиллуулна. Засгийн газар гадаадуудтай ярихаасаа илүү дотоодынхоо ойлголцлыг нэг мөр болгох ёстой. Тэгэхээр гишүүдийн байгуулах түр хороо болон эрдэмтэдтэй хамтран ажиллахыг шаардаж байна.

Гуравдугаарт. Улаанбаатар хот даяар 71:29 хувийн ашгийг монголчууд хүртэнэ гэсэн сурталчилгааны самбарыг харж байгаа. Монголчуудыг талх, сүүгээр ухааруулах гэж оролдож байна. Гэтэл 71 хувийг монголчууд авна гэсэн ямар ч судалгаа байхгүй. Ийм хуурамч сурталчилгааг өнөөдрөөс эхлээд би шүүхэд өгч байна. Оюутолгой ёс зүйн алдаа гаргалаа. Оюутолгой энэ зар сурталчилгаагаараа Монголын ард түмнээс уучлалт гуй гэж шүүхдэнэ.

Дөрөвдүгээрт. Мэтгэлцээний үед би ярих ёстой байсан баримтуудаа олон нийтэд ил тод түгээх болно. Хөрөнгө оруулалтын хэмжээ 2.4 тэрбум байснаа яагаад 10 тэрбумд дөхөх болов. Ингэж хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр бидний авах ашиг өөрчлөгдөх үү гэдэг асуудал гарч ирэх ёстой." хэмээн өгүүллээ.

С.Сарнай 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш