УИХ дахь намын бүлгүүд даваа гариг бүр хуралддаг уламжлалын дагуу өчигдөр МАН-ын гишүүд хуралдаж, 2013 оны Төсөв болон УИХ-ын дэгийн тухай хуулийн талаар ярилцсан байна. “2013 оны төсөв өнгөрсөн долоо хоногт гишүүдийн гар дээр ирсэн учраас бид танилцаж амжаагүй байгаа” гэх тайлбарыг МАН-ынхан хэлж байв. Гэхдээ МАН-аас Ажлын хэсэг гарч, 2013 оны Төсвийн төсөл дээр ажиллахаар болжээ. Мөн тус хурлаар УИХ-ын Дэгийн тухай хуулийн дагуу завсарлага хугацаатай, хугацаагүй байх талаар гишүүд санал солилцсон байна. Хугацаатай байх нь нэг талаасаа давуу, нөгөө талаасаа сул талтай байдаг. Тиймээс Ардын намаас хугацаатай байх нь зөв гэж үзээд, тэгэхдээ яг хэд хоногийн завсарлагатай байх талаар дахин хэлэлцэхээр болсон байна. Ардын намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Н.Энхболд “Байнгын хорооны хувьд 21 гишүүнтэй байх нь зүйтэй гэж үзэж байна. Харин нэг гишүүн гурван байнгын хороонд байх нь үр ашиггүй гэдэг нь өнгөрсөн хугацаанд харагдсан. Тиймээс нэг гишүүн хоёр байнгын хороонд байх, УИХ-д сайдаар ажиллаж байгаа бол нэг байнгын хороонд хамаарагдах бөгөөд өөрийн харьяа бус байнгын хорооны гишүүн байх. Ингэснээр нэг гишүүн нэг байнгын хороонд байж мэргэжлийн түвшинд ажиллах чиг хандлагыг хэрэгжүүлэх хэрэгтэй байна” гэлээ. Харин 2013 оны төсвийн талаар МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд “Манай бүлэг төсвийн хариуцлагын тухай хуулинд юу гэж заасан байна, тэр хүрээнд төсвийг хэлэлцэнэ. Төсвийн материал өнгөрсөн долоо хоногт тарсан. Тиймээс энэ материалтай гишүүд бүрэн танилцаагүй байгаа. Танилцаж дууссаны дараа хуулийн хүрээнд хэлэлцэнэ” гэв.