logo
“Азийн том хотуудын аюулгүй байдлын асуудал” симпозиум болно

“Азийн том хотуудын аюулгүй байдлын асуудал” симпозиум болно

2012/10/09
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Азийн том хотуудын аюулгүй байдлын асуудал” 11 дэх удаагийн олон улсын симпозиум 2012 оны аравдугаар сарын 10-наас 12-нд Улаанбаатар хотод болно. Энэхүү симпозиумыг 2002 онд анх Токио хотноо зохион байгуулснаас хойш Азийн улсуудын том хотод жил бүр хийдэг болсон юм. Тухайлбал Японы Токио, Кобе, Энэтхэг, Сингапур, Тайландын Бангкок, Чанг Май, Бангладешийн Дака, БНХАУ-ын Бээжин, БНСУ-ын Инчён хотод олон орны эрдэмтэн судлаачид том хотуудын өмнө тулгамдсан асуудлуудаар хийсэн судалгаа шинжилгээний ажил, шинжлэх ухаан, технологийн хөгжил, дэвшлийн үр дүнгийн талаар танилцуулж, туршлага солилцжээ. Монгол Улсын хүн амын бараг тал нь оршин сууж, ажиллаж, амьдарч байгаа Улаанбаатар хотын аюулгүй байдалд үер ус, газар хөдлөлт, хэт хүйтрэлт зэрэг болзошгүй гамшгаас гадна агаар, ус, хөрсний бохирдол, түүнээс улбаалсан өвчин, замын хөдөлгөөний түгжрэл, осол зөрчил зэрэг олон эрсдэл, бэрхшээлтэй асуудлууд тулгарч байна. Хүн амын хэт төвлөрөл, зохиомол өсөлтөөс үүдсэн дулаан, цахилгаан, усан хангамжийн хэрэглээний эрэлт, хог хаягдал, цэвэрлэх байгууламж, авто зам, зогсоолын ачаалал зэрэгт дэд бүтцийн хүчин чадал хүрэлцэхгүй болж байна. Газар хөдлөлтийн идэвхжилт нэмэгдэж байгаа нь хуучин барилга, орон сууцны оршин суугчдын сэтгэлийг түгшээх болсон. Иймд Улаанбаатар хотод учирч болзошгүй гамшиг, халдварт өвчний аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, хүрээлэн байгаа орчин, агаар, ус, хөрсний бохирдлыг арилгах, ус, хүнсний нөөц, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, барилга, орон сууцны чанар, бат бэх байдлыг нэмэгдүүлж шинэ стандарт тогтоох зэрэг нь нэн тулгамдсан асуудал, хойшлуулшгүй шийдвэрлэх зорилт болоод байна. Цаашид хотыг зөвхөн энэ давчуу орон зайд нь бус дагуул хотуудын хамт цогцоор нь хөгжүүлж, суурьшлын шинэ бүсүүдийг байгуулах, үүнтэй холбоотойгоор шинээр олон цахилгаан, дулааны станц, цэвэрлэх байгууламж, усан сан, худаг, хурдны зам, цахилгаан галт тэрэгний төмөр зам, метро байгуулах хэрэгцээ гарч байна. Энэ бүх ажлыг хийхэд шинэ дэвшилтэт техник, технологийг ашиглах, нэвтрүүлэх нэн шаардлагатай байна. Тиймээс “Азийн том хотуудын аюулгүй байдлын асуудал” 11 дэх удаагийн олон улсын симпозиумыг Улаанбаатар хотноо зохион байгуулж буй нь цаг үеэ олсон чухал арга хэмжээ юм. Энэхүү симпозиумд 16 орны 70 гаруй судлаач, эрдэмтэд болон оюутнууд хот байгуулалт, төлөвлөлт, барилгын чанар, гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж буй судалгааны ажлаараа илтгэл тавьж, бүтээл туурвилаа танилцуулна. Эдгээр бүтээл, судалгааны ажил нь Улаанбаатар хотын тулгамдаж буй асуудлуудыг зөв тодорхойлох, оновчтой шийдлийг олоход чухал ач холбогдолтой байх болно.  
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш