logo
Ажлаас халагдсандаа өширхөж нэгнийгээ гэмтээв

Ажлаас халагдсандаа өширхөж нэгнийгээ гэмтээв

2012/10/10
“Чингис хаан” олон улсын нисэх буудалд өчигдөр өглөө онц байдал тогтоож, цаг гаруйн дараа цуцалсан юм. Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудлын ариун цэврийн өрөөнд 09.20 цагт нэгэн залууг 2-3 удаа хутгалсан хэрэг гарснаас болж цагдаагийн байгууллагынхан, Нисэх буудлын аюулгүй байдал, хамгаалалтын албаныхантай хамтарч ийм арга хэмжээ авчээ.

Ханбогд-Улаанбаатар чиглэлийн онгоц өчигдөр 08.40 цагийн үед Буянт-Ухаад газардаж, зорчигчид ачаа тээшээ авахаар хүлээж байх үед энэ хэрэг гарсан байна.
Энэ талаар Буянт-Ухаа дахь Иргэний нисэхийн Цагдаагийн хэлтсийн албаны эх сурвалжаас лавлахад “Оюутолгойн ажилчид онгоцноос бууж ирэхэд нь Д.Энхжин гэдэг хүнийг нэг залуу дуудаж ариун цэврийн өрөө рүү дагуулан орсон юм билээ. Тэр залуу Д.Энхжинтэй маргалдаж, цээж, хэвлий нуруунд нь хутгалсан байна. Улмаар өөрийнхөө цээжинд хутгалсан. Тэдэнд эмнэлгийн тусламж үзүүлж, одоо Зэвсэгт хүчний клиникийн төв госпиталийн Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа.

Уг хэргийг Д.Эрдэнэбат гэж залуу өс хонзонгийн улмаас үйлдээд амиа хорлохыг завдсан нь тогтоогдсон. Д.Эрдэнэбат өмнө нь Оюутолгойд ажиллаж байгаад халагдсан юм билээ. Тэрбээр ажлаас халагдсандаа өширхөж хохирогч Энхжинг хутгалсан нь тогтоогдсон. Сэжигтэн “Чи намайг ажлаас халагдахад нөлөөлсөн” гэж хохирогчид уурласан бололтой юм. Тэд Оюутолгойн сапёрын албанд хамт алба хашжээ. Д.Энхжин нь тус албаны цехийн дарга юм билээ” гэв.

Сэжигтэн болон хохирогч нарын биеийн байдал ямар байгаа талаа ЗХКТГ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн ажилтнуудаас лавлахад “Олон улсын нисэх буудлаас хүргүүлж ирсэн хүмүүст яаралтай мэс засал хийж байна. Мэс засал дуусаагүй учраас биеийн байдлын талаар мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.

Н.Мөрөн 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш