logo
Сонгодог урлагийн “акулууд” “Большой театр”-ынхантай хамтарна

Сонгодог урлагийн “акулууд” “Большой театр”-ынхантай хамтарна

2012/10/10
“Амьд явбал алтан аяганаас ус ууна” гэгчээр Монголын үзэгчид алдарт “Большой театр”-ын балетчдын тоглолтыг хажуухнаас нь үзэх нь. Учир нь, Дуурь бүжгийн эрдмийн театр, Соёл, спорт, аялал жуулчлалын яамны урилгаар Москвагийн “Их театр”-ын уран бүтээлчид манай улсад зочлох гэж байна.
Хөрш орны уран бүтээлчдийн хамтарсан гала тоглолт ирэх сарын 2-нд болно. Энэ үеэр Монголын сонгодог урлагийн “акул”-ууд буюу эх орондоо төдийгүй дэлхийд үнэлэгдсэн уран бүтээлчид 100 гаруй жилийн түүхтэй “Большой театр”-ын балетчидтай нэгэн тайзнаа заларч, нийслэлчүүддээ балетын гайхамшгийг мэдрүүлэхээр бэлтгэж байна.
2010 оны аравдугаар сард Сахагийн Дуурь бүжгийн театрын 100-гаад уран бүтээлч Монголд ирж, 51 бүжигчин нь П.И.Чайковскийн “Хунт нуур” балетийг манайхантай хамтран тоглож байсан. Тэр үеэр өөрийн театрын гэрэлтүүлэг, засал чимэглэлтэйгээ ирсэн тайз чимэглэлийн нарийн мэргэжлийн 21 хүн Дуурь бүжгийн эрдмийн театрыг Москвагийн “Большой театр” болгон “хувиргаж” байсныг сонгодог урлагийн хорхойтнууд тодхон санаж байгаа биз ээ.
Түүнчлэн Монгол Улсын гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг, Монголын шилдэг балетчин Д.Алтанхуяг, “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, зууны манлай дуучин, поп хатагтай Б.Сарантуяа, дуучин С.Наран, гитарчин Д.Өлзий-Орших, Морин хуурын чуулга, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын бүжигчид “Большой театр”-ын тайзнаа заларч, үндэсний соёл урлагаа сурталчилж байсан билээ.
Тэгвэл энэ удаа “Большой театр”-ын нүүр царай болсон арав гаруй гоцлол балетчин манай улсад айлчилж, сонгодог урлагийн өндөр мэдрэмжтэй, Оросын дээд зиндааныхны бахдаж, гайхширдаг үзүүлбэрүүдийг улаанбаатарчуудад сонирхуулах нь. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш