logo
Шүдний өвчин

Шүдний өвчин

2012/10/10
Өвчин гэдэг хэлж ирдэггүй хийсч ирдэг гэдэг. Улсын шалгалтын өмнөхөн “Шүдний өвчин” гэдэг “мангаа”-д амиараа ганц хийцлүүллээ. Өдөр нь зүв зүгээр байсанаа орой болмогц эрүү ам салж унатал өвдөнө. “Аптек” гэдэг “Маарамба”-аас “анальгин” гэдэг “үрэл” авч зуусаны хүчинд арайхийн өглөөтэй золгов.

Гадаа гудамжинд гарсан хүнийг цагдаа нар өчиггүй буудана гэж зарласан ч өнөөдөр яадаг ч байсан шүдний эмч рүү заавал очно гэж би лам гурван эрдэнэ, мөнх тэнгэр, эцэг өвгөдийн сахиусандаа андгайлав. Миний шүд хэлд дөнгөж орж байгаа бага дүүгийн хэлдэгээр “ёоёо”-той болоод дөрөв хонож байгаа билээ.

Шүд өвдсөн анхны өдөр өвчин намдаах эм зуугаад хичээлдээ явлаа. Өвдөөд болохгүй болохоор нь хичээлээс чөлөө авах гэтэл удахгүй шалгалттай гээд өгөөгүй тул орой гэртээ ирмэгц ээжийн зөвлөснөөр “шээс”-ээрээ зайлав. Шөнө нь хөх спиртээр хацраа арчиж, иодоор компресс тавьлаа.

Гайгүй юм шиг санагдахаар нь маргааш нь хичээлдээ явтал байдаггүй ээ дээ гол тасартал өвдөж, багш санаатайгаар хичээл үймүүлсэн гээд самбарын өмнө зогсоов. Их зуумтгай багш л даа. Хичээл тарсан ч гэсэн намайг самбарын өмнө зогссон чигт нь үлдээж, сургуулийн манаач руу утастдаж шөнийн арван нэгэн цагт намайг явуулав.

Гэртээ ирээд хөдөөнөөс ирсэн хамаатангийн өвгөний зөвлөсөнөөр аавтай хамт шөнө машинтай уул руу явж гар чийдэн тусган, ганди гэдэг цэцэг түүж ирж хандлаад шүдээ зайллаа. Тэртэй тэргүй шүд өвдөөд унтах эрх ч үгүй явсан би хичнээн өвдсөн ч нойрондоо дийлдээд мэдэх сэхээ ч үгүй нам. Өглөө дахин нэг сайн зайлж аваад хичээлдээ явлаа. Тэр өдрөө шүд өвдөлгүй, самбарын өмнө гарч “хэлмэгдэж” зогссонгүй гэртээ нэг юм эсэн мэнд ирэв.

Орой нь дахиад өвдөв. Хэн нэг нь “тэмээний шээс” сайн гэхээр нь аав Өвөрхангайн Бүрд рүү давхиж үүрээр тэмээний шээс олж ирэв. Тэр хооронд нь хөрш авгайгийн хэлсэнээр муурын баас цулхирын гурилтай зуурч өвдсөн шүдэндээ тавьж нэг муу юм аргацааж байлаа.

Тэмээний шээс ямар ч шорвог юм бэ? Хамаг шүд, эрүү ам мэдээгүй болсон. Хичээлдээ явсан ч амнаас муухай гашуун үнэр үнэртээд золтой л бөөлжсөнгүй эргэж ирлээ. Орой хоол идсэний дараа дахиад шүд өвдөв. Энэ удаа бензинээр зайлж, туулайн баасыг улаан тамхитай хольж шүдэндээ зуув. Маргааш нь харин хичээлгүй байсан тул гэртээ ээжийн өгсөн Утай Гүмбэнгээс олж ирсэн үрлийг гурван удаа ууж, араас нь гурван хуруу ургасан нялх халгай зажлав.

Нэг онцлог нь амралтын хоёр өдөр харин ч нэг хүн болгоны тэр нь сайн, энэ нь сайн гэсэн болгоныг “молтогчин туулай” шиг хэрэглэж туршив. Нохойны нойтон хэл хацар дээрээ тавьж, баавгайны савраар маажиж домнов. Матрын шүд зүүдэг гэхээр нь Тайландаас ирэх танилдаа аав утсаар захиж авчраад матрын хугархай шүд хүзүүнд зүүж өгөв. Барын гаврыг өдөр шөнөгүй хацартаа түрхлээ. Халимны сүү сайн гэхээр нь японоос таньдаг сумочиндоо захиж ууж үзэв.

Турж үхсэн бухын далны яс сайн гэхээр нь хөдөөнөөс сураглаж олоод шатаасан үнсийг нь үнэртэй усаар зуурч эрүүндээ шавав. Үнэртэй ус нь зүгээр ч нэг шанель биш эр эмээрээ ялгаатай гэнэ. Надад бол “аллуре спорт” нь таарах жишээтэй. Хар, шар өнгийн хоёр хайрцагтай байхаас надад шар нь сайн гэснийг яана.

Домнох аргууд нь ч өөр хоорондоо өвөрмөц юм. Хацар дээр минь гутлын цавуу түрхээд хулганы арьс нааж, сармагчингийн сүүлээр ороолголоо. Шүд өвдөхөд хэрэглэдэг зүйлд эм тарианаас аваад хүний хохимой толгойг шатааж үнсийг нь илжигний халуун цусанд хутган уулгах арга ч байдаг юм байна. Бүүр тэсэхийн аргагүй өвдөөд байвал марихуны төрлийн өвс ч татдаг аж. Цагаа болохоор нөгөөх нь олдохгүй. Мэддэг таньдаг рок попын “одууд”-аас хайгаад ч олсонгүй. Эрдэнэт рүү аавын дүүд хэлж, хар өвс түүж ирсэнийг нь сонинд ороож хахаж цацан соров.

Хуучин хятад хөх тоосгоор өвчтэй эрүүгээ хүчтэй цохиж, “Пин пан” гэж гурван удаа хэлдэг гэнэ. Амгалан өртөөний тэрүүгээр гэр бүлээрээ хог шиншилж байж, хөх тоосгоны хэлтэрхий олсныгоо түүхийн ухааны хүрээлэн дээр шинжилгээ хийлгэж, хятад хөх тоосго мөн үү гэдгийг тогтоолгов. Түүнчлэн Сэлбэ голын тогтоол өмхий усаар амаа зайлж болдог. Муудсан махны өтийг бяцалж, өвчтэй шүдэндээ түрхдэг ч арга байна.

Мянгатын доллар шатаагаад үнсийг нь хацраа шүлсдээд наадаг гэнэ. Харин энэ аргыг манай гэрийхэн надад хэрэглэх эдийн засгийн чадал байсангүй. Тэгэхдээ бас энэ аргыг орлуулж болдог гэнэ. Комьютерийн гүүгэл дээрээс мянгатын долларын дэвсгэрт олж хувилагчаар хувилж гаргаад зурагтай цаасыг нь шатааж болдог юм билээ. Элээний нүдийг ухаж аваад өвчтэй шүдэн дээрээ нойтноор нь тавьж зуудаг арга бас бий. Хэрээний далавчаар хавдсан буйлыг илж домноно. Орсон буурийн хөөсийг мөн хацар дээрээ түрхэнэ. Тарваганы нойтон арьсыг тасалж аваад өвчтэй эрүүн дээрээ жин тавих арга ч байх юм.

Моторны муудсан тосыг шүүж аваад хөвөнд шингээн тавьж ч болдог ажээ. Баавгайн хорхойтсон араагаар хацраа хоёр зураад эдгэдэг гэх боловч баавгай алж хорхойтсон араагий нь надад авчирч өгөх зоригтон олдсонгүй. Арслан зааны соёонд мөргөөд тэр дороо өвдөхөө больдог гэж сонсоод төв музей рүү очсон боловч даргаас зөвшөөрөл авч ир гээд харуул нь оруулсангүй. Дарга нь арслан зааны соёо хайгаад сар руу явсан гэнэ. Хамаг соёогоо алдчихсан юм бол уу, мөддөө ирэхгүй юм байх. Хэрэв арслан зааны соёо олж ирэхгүй бол хуулийн хариуцлага хүлээлгэнэ гээд ойрхон байдаг төв цагдаагийн газрынхан ирэхийг нь отож байгаа гэсэн шүү.

Америкт олон жил болсон садангийн ах “ хар перец л аминд ордог байсан юм” гэхээр нь бөндгөр бөндгөр хар перец баахныг нулимсаа бөмбөрүүлэн зуув. Солонгосоос ирсэн орцны эгч “ Кимчиний шүүс түрхдэг юм” гэнгүүт ээж хөргөгчнөөс халуун ногоотой кимчи гаргаж хацар дээр түрхлээ. Австрали нөхөртэй ээжийн танил хүүхэн “ Кенгуруны өндөг байсан болоосой. Хоёр түрхээд өргөс авсан мэт эдгэдэг” гэж зөвлөв. Африкт элчинд ажилладаг байсан аавын багын найз ах “ Гориллын тархи түрхээд үз. Манай гэрт шилтэй бий. Хүүхэд явуулаад авахуулчих” гэж аавд хэлэв. Шведэд хараар ажиллаж байгаад ачигдаж ирсэн ээжийн дүү нагац ах тэднээс дутсангүй. “ Хавч... Хавчны хөл ч сайн шүү. Эсвэл махчин загасны ходоод сайн” гэж хошуу нэмлээ.

Толгойтой болгон нь л нэг юм хэлсэний дагуу ууж идэж, түрхэж наагаагүй юм ховорхон үлдсэн юм. Наймаалжны зулзага, яст мэлхийний шөл уусан гээд бод доо. Анаашны бөөр сайн гэсэн боловч Суданд цэргийн эргэлт гараад “арслангийн хоол”-той суусан холын хамаатан эгч явуулж амжаагүйг эс бодолцвол олоогүй, сураглаагүй юм бараг байсангүй. Ангараг гариг руу ч хүн явуулах шахсангүй. Азаар Ангараг гаригт хүн очоогүй байсан бололтой.

Энэ олон аргыг бололцооныхоо хэрээр ашигласан боловч тав дахь өдрөө буйл минь хавдаж, өрөөсөн хацар маань үлээсэн бөмбөлөг шиг томоос том пиндийлээ. Өглөө босонгуут би эмнэлэг рүү өөрөө мэдэн гүйлээ. Замд тааралдсан хүмүүс гар утсаараа миний зургийг авч байсан авч надад түүнийг тоож харах ухаан байсангүй. Аав ээж, ах дүүс таньдаг мэддэг бүхний хэлсэн зөвлөсөнийг биедээ туршаад ямар ч амжилт олсонгүй...

Эмч төмөр багажаар миний шүдийг зөөлөн тогштол өвчтэй шүд маань бут үсэрч хагарсан шил шиг амаар нэг цацав. Сувилагч нь усаар миний амыг зайлахад хөөрхий муу шүд минь гурил шиг бяцарсан байлаа. Өөр дээрээ “туршсан” ардын “уламжлалт гэрийн эмчилгээ”, мухар сүсэгтнүүдийн хар дом, жатга, “ам “ маарамбуудын амны зоргоор чалчсан арга чарганаас харж байхад шинжлэх ухааны үүднээс эртхэн эмч бараадсан нь та бүхний шүдэнд “ээлтэй” гэж хэлмээр санагдлаа. Шүд өвдөхөд шүдний эмчээс өөр “бурхан” байхгүй шүү гэдгийг хэлье.

Шүд минь өвдсөн өнгөрсөн “хар бараан” өдрүүдэд арай л бөө удган ирж, “цамнаагүй”-д аз дайрлаа гэж бодлоо. Халуун галд хийгээд шатаах ч байсан юм билүү... Инээд ч хүрэх шиг... Үзмэрч төлөгчдөөс хүртэл ээж тусламж гуйсан шүү. Шүдгүй чавганцын хараал хүрч, шүд нь өвдсөн байна. Лус савдаг аргадаж, таван бод, арван богоор уул ус тахь гэсэн бол хаашаа харж үхнээ. Манайх чинь хав ч байхгүй айл шүү дээ. Хөргөгчний ард хааяа явж байдаг хоёр гурван жоомыг “бог” гэж хэлэхгүй бол?!... Шүдний “хорхой”-г минь бас “амьтан” гэж тооцохгүй бол?...

Өрөөсөн хацар нь бөмбөг шиг хавдсан миний зураг фэйсбүүкээр дэлхийгээр нэг тарж, Гиннесийн номд орох шахсан шүү. Гадаадын сайтуудаар “ Дэлхийн хамгийн том хацартай хятад залуу “ гэдэг нэртэй цацагджээ. Цаг үргэлж шинэ содон өвчин гарч, дэлхийг алмайруулдаг хятадуудтай намайг андуурсан нь яамай. Эмнэлэгт очихын оронд хүн бүрийн амаар “будаа тээж” будилж явсан намайг шүдээрээ “сор залсаныг” дэлхий нийт мэдсэн бол шившиг болох байлаа.

Намайг шүдний эмчид очсон гэдгийг мэдээд ээж нүдээ том болгосоноо “ Авахуулсан шүдээ яасан? Өөхөнд боогоод нохойд өг” гэхэд үйрээд алга болсон гэж хариулав. Тэгтэл ээж “Алив, жамц давстай бүлээн усаар амаа зайл. Буйлны шарх амархан эдгэдэг юм” гэж хэлэв... Антарктидын мөсөөр жин тавь гэсэн бол одоо яанаа. Виз авах гэж бөөн ажил... Ингэхэд тийшээ аль улсын визээр явдаг юм бол?... Ашгүй гэрт ээжээс өөр хүн байсангүй. Хэн нэг нь хошуу нэмсэн бол дүүрлээ гэсэн үг.

Даваажавын Эрдэнэмөнх
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш