logo
Агаарын бохирдлын 20 хувийг автомашины утаа эзэлж байна гэлээ

Агаарын бохирдлын 20 хувийг автомашины утаа эзэлж байна гэлээ

2012/10/10
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны /2012-10-09/ хуралдаанаар Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2011 оны санхүүгийн нэгдсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
БОАЖ-ын сайдын багцын 2011 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн талаар тус яамны сайд С.Оюун танилцуулав. БОАЖ-ын яам 2011 онд нийт 94,168,2 сая төгрөгийн батлагдсан төсөвтэй ажилласан байна. Үүнээс сайдын багцын хэмжээнд 2011 онд 91,794,5 сая төгрөгийн төсвийн гүйцэтгэлтэй 2,373,7 сая төгрөгийн хэмнэлттэй ажиллажээ. Түүнчлэн Аялал жуулчлал, Байгаль хамгаалах, Цэвэр агаарын сангууд нь Засгийн газрын тусгай сангийн тухай хууль болон сайдын тушаалаар батлагдсан төлөвлөгөөний дагуу зарцуулж 285,5 сая төгрөгийн төсвийн үлдэгдэлтэй гарсан байна. Харин хөрөнгө оруулалтын төсөв 31,862,3 тэрбум төгрөг батлагдсанаас 30,057,1 сая төгрөгийг зарцуулж, 1805,2 сая төгрөгийн хэмнэлттэй ажилласан гэдгийг салбарын сайд танилцуулгадаа дурдлаа.
Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар “төсвийн танилцуулгад дурдсанаар 2,373,7 сая төгрөгийн хэмнэлттэй ажилласан гэжээ. Үүнийг буруу гаргасан тооцоо гэж үзэх үү, эсвэл ийм хэмжээний ажил хийгдээгүй байна гэж ойлгох уу” гэсэн асуулт тавьсан. Төсөвт тусгагдсан хоёр ажил тендерийн асуудлаас болж тасарснаас дээрх мөнгө зарцуулагдалгүй хэмнэгдсэн гэсэн тайлбарыг салбарын сайд өглөө. Мөн УИХ-ын гишүүн Ц.Цолмон “гэр хорооллын айлуудын зуухыг хийн түлшээр хангахад нэлээдгүй хөрөнгө мөнгө зарцуулагдсан байна. Энэ туршилт хэр үр дүнтэй болов. Цаашид гэр хорооллын айлуудын дулааны асуудлыг эрчим хүч, хийн түлшинд шилжүүлж байж агаарын бохирдлыг бууруулна. Иймд энэ аргад шилжихэд яам хэр анхаарал хандуулж байгаад ” тодруулга авахыг хүссэн юм. 2011, 2012 оны өвөл нийслэлийн гэр хорооллын 180 мянган айл өрхөөс 70 мянган айл өрхийн зуухийг солиход тухайн айл зуухаа худалдаж авах татаасанд “Цэвэр агаар” сангаас 9,4 тэрбум төгрөг зарцуулсан. Айл өрхүүд шинэ зуух тавьснаар агаарын бохирдол 80 хувиар буурсан гэсэн үзүүлэлттэй байгаа. Цаашид энэ ажил үргэлжлэн явагдана. Түүнчлэн нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд 1 сая тонн нүүрс түлдэг гэсэн тооцоо бий. Зуух шинээр тавьснаар нүүрсний хэрэглээ 50 хувиар буурч утааны бохирдол тэр хэмжээгээр буурах үзүүлэлттэй байгаа. Агаарын бохирдлын 20 хувийг автомашины утаа эзэлж байна. Иймд ялангуяа төрийн байгууллагын автомашинуудын филтерийг солих арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Цахилгаан, эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэхийн тулд 5 дугаар цахилгаан станцыг барьж ашиглалтад оруулах шаардлагатай. Мөн орон сууцжуулалтын асуудлыг шийдэх нь агаарын бохирдлыг бууруулах том үзүүлэлт болно гэсэн хариултыг С.Оюун сайд өгөв.
Үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарын 2011 оны төсвийн үйл ажиллагааны танилцуулгыг сонсох үеэр нөөцийн мах бэлтгэл, Жижиг, дунд үйлдвэрлэлийн сангийн үйл ажиллагаанд аудит муу хийгдэж байгаад гишүүдийн зүгээс шүүмжлэлтэй хандаж байлаа. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат хэлэхдээ, “ЖДҮ-ийн сангийн хөрөнгө, мөнгийг орон нутагт яаж хамаатан садан хувааж иддэг, махны үнийг падааны үнээр бичиж өгсгөдөг үйлдлүүдэд холбогдох яамныхан анхаарах хэрэгтэй. Энэ бүх зөрчил дутагдлыг өөрчлөхгүйгээр бидний ажилд амжилт гарахгүй. Иймэрхүү тунхагын чанартай цаасан тайлан цаашид хэрэггүй “ гэдгийг онцгойлон анхааруулсан бол УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “ХХААЯ өнгөрсөн жилд төсвийн хөрөнгө зарцуулалтад хамгийн үрэлгэн яам байсан. Тус яам бодлогын яам гэхээсээ илүү аж ахуйн чанартай үйл ажиллагааг илүү гүйцэтгэсэн. Зарлагдсан тендерүүд нь үнэхээр шударга бус явагдаж Тендерийн тухай хуулийг зөрчиж, мөнгө үнэртсэн гэрээнүүд хийгдсэн” гэсэн шүүмжлэлийг хэлж, цаашид ХХАЯ аж ахуйн ажилд хутгалдахгүй байхыг санууллаа. Өнгөрсөн онд Засгийн газраас хөдөө аж ахуйн салбарт оруулах хөрөнгө мөнгө, урамшууллыг дэмжсээр байтал чанарын асуудалд анхаарал хандуулалгүй зөвхөн үйлдвэрлээд байвал үр ашигтай хэмээн үзэж ирсэн нь учир дутагдалтай байгааг гишүүдийн зүгээс шүүмжилж байв.
Дээрх хоёр яамны харьялалд багтдаг, яамдын гол бодлогыг хэрэгжүүлж байгаа “Цэвэр агаар”, “Аялал жуулчлал”, “Байгаль хамгаалах”, зэрэг сангуудийн үйл ажиллагааны тайланг намрын чуулганаар сонсохоор төлөвлөгдсөн гэдгийг БОХХАА-н Байнгын хорооны дарга Г.Баярсайхан дуулгалаа. Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2011 оны санхүүгийн нэгдсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийн Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр тогтов.
Мөн хуралдаанаар УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос 2012 оны намрын чуулганы хугацаанд хийх ажлын төлөвлөгөөг баталлаа.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш