logo
НӨАТ-ын босгыг өөрчлөх хэрэгтэй болжээ

НӨАТ-ын босгыг өөрчлөх хэрэгтэй болжээ

2012/10/10
Монгол Улс зах зээлийн эдийн засаг руу хийсэн шилжилтийн хүрээнд худалдааны татварыг 1993 оноос нэвтрүүлсэн бол 1998 оноос ОУВС-гийн дэмжлэгтэйгээр Нэмэгдсэн өртгийн албан татвар(НӨАТ)-аар сольсон юм.

Харин эдүгээ 10 гаруй жил мөрдөгдсөн НӨАТ-ыг өөрчлөх тухай яригдах болоод байна. Зарим улс төрчид НӨАТ төлж эхлэх босгыг өндөрсгөх тухай ярьж, өнгөрсөн УИХ-ын үед хуулийн төсөл хүртэл өргөн барьж байсан. Тэгвэл бас НӨАТ-ыг худалдааны татвараар буцааж солих асуудлыг ч зарим нь ярьж байна.

ОУВС-аас хөгжиж байгаа болон шинэ тутам хөгжиж байгаа улсуудад НӨАТ-ын босгыг 50-100 мянган ам. долларын хоорoнд тогтоохыг зөвлөж байгаа юм. Ингэснээр жижиг худалдаачид бүртгэл хөтлөх дарамтаас чөлөөлөгдөж, орлого хураалтын эрх бүхий байгууллага өөрийн хомс хүч хөрөнгөө том, илүүөндөр өгөөжтэй татвар төлөгчдөд чиглүүлэх боломжтой болдог байна. НӨАТ төлөгчөөр бүртгэх шалгуурыг өсгөснөөс үүсэх орлогын бууралт хязгаарлагдмал байх бөгөөд орлого хураалтын эрх бүхий байгууллагын үйл ажиллагааны төв чиглэл шилжүүлэх замаар орлогыг нэмэгдүүлэх боломжтой юм.

Манай улсад НӨАТ төлөх босго 10 сая төгрөг байдаг. Энэ босгыг харьцангуй доогуур гэж үздэг. Үүнийг өсгөснөөр олон тооны жижиг компаниудын НӨАТ-ын бүртгэл, тооцоо, төлөлттэй холбоотой зардлыг бууруулах боломжтой ажээ.

НӨАТ-ын тогтолцоог сайн зохион байгуулж чадах юм бол татвар давхардуулан оногдуулахаас зайлхийж, бие даасан бэлтгэн нийлүүлэгчдэд шийтгэл болдоггүйгээрээ худалдааны ерөнхий татвараас ялгаатай аж.

Худалдааны татварын үед нийлүүлэлтийн сүлжээний эхний шатанд төлсөн татвар хоёр дахь шатны нийлүүлэгчийн борлуулалтын үнэнд шингэсэн байдаг учраас татвар давхардан оногддог. Харин НӨАТ бол үүний эсрэгээс үе шат тус бүр дээр төлөгдсөн НӨАТ-ыг бүрэн тооцдог учир НӨАТ үйлчилж байгаа үед барааны жижиглэнгийн үнэнд шингэсэн татварын хэмжээ нь нийлүүлэлтийн сүлжээн дэх үе шатны тооноос хамаардаггүй байна.

Б.Нар 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш