logo
Т.Бадамжунай нарт эрүүгийн хэрэг үүсгэлээ

Т.Бадамжунай нарт эрүүгийн хэрэг үүсгэлээ

2012/10/11
Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Т.Бадамжунайг улсын төсвөөс 500 сая төгрөг завшсан хэргээр шалгаж эхэлжээ. Мөн тус яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Т.Гантулга, Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга асан Н.Баярмагнай нарт эрүүгийн хэрэг үүсгэсэн хэмээн Нийслэлийн прокурорын газрын орлогч Е.Сагсай мэдэгдлээ.

Т.Бадамжунайг сайдын алба эрхэлж байхдаа Завхан аймгийн жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлнэ хэмээн улсын төсвөөс 500 сая төгрөг гаргуулж авсан хэмээн буруутгаж буй гэнэ.

Завхан аймагт өнгөрсөн тавдугаар сард жижиг, дунд үйлдвэрийг дэмжих нэрийн дор ямар ч төсөл сонгон шалгаруулалт явуулахгүйгээр долоо хоногийн дотор 500 сая төгрөгийг нэр бүхий 108 иргэн, хуулийн этгээдэд тарааж хувийн дансанд шилжүүлсэн гэв. Төсвийн мөнгийг шамшигдуулсан гэх хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа эхэлж буй ч анхан шатанд цугласан баримтаас үзэхэд энэ онд УИХ-д нэр дэвшсэн зарим хүний сонгуулийн сурталчилгаанд дээрх мөнгийг зарцуулсан байж болзошгүй аж.

Харин Т.Гантулга, Н.Баярмагнай нарыг ХХААХҮЯ-ны Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангийн 500 сая төгрөгийг зориулалтын дагуу ашиглаагүй. Тодорхой хэмжээг нь хувьдаа завшсан гэх асуудлаар шалгаж байгаа юм. УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгт мөрдөх хэлтэст дээрх хүмүүст Эрүүгийн хуулийн 150.3-т зааснаар хэрэг үүсгэсэн байна.

Мөн Мянганы сорилтын сангийн “Цэвэр агаар” төслийг хэрэгжүүлэх хүрээнд Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын удирдлагууд болон зарим хороодын засаг дарга нарыг шалгахаар болжээ.

Энэ талаар Нийслэлийн прокурорын газрын орлогч Е.Сагсайгаас тодрууллаа.

-Цэвэр агаар төслийн хүрээнд Баянзүрх дүүргийн албан тушаалтнуудыг шалгаж буй гэсэн. Тодруулахгүй юу?
-Мянганы сорилтын сангийн “Цэвэр агаар” төслийг хэрэгжүүлэх хүрээнд төслийн мөнгийг тодорхой хүмүүс завшсан байж болох хэрэг шалгаж байна. Мянганы сорилтын сан нь олон салбарт төсөл хэрэгжүүлж байгаа. Түүний нэг нь “Агаарын бохирдлыг бууруулах” төсөл. Энэ байгууллага Монгол Улсад 47,5 сая ам.долларын өртөг бүхий төсөл хэрэгжүүлсэн байдаг. Нийслэлд оршин сууж байгаа эмзэг давхаргын өрхүүдэд гэрийн дулаалга, дээвэр, туурга, дулаалгаар хангах төслийг хэрэгжүүлдэг юм билээ. Энэ ажлын хүрээнд зарим нэг албан тушаалтнууд дундаас нь мөнгө завшсан хэргээр шалгаж байна. Мөн зарим хороодын Засаг дарга, “Хас” банкны зарим хүмүүс, хувийн компанийн удирдлагууд, “Сэлбэ дулаан” компанийн захирал Н.Мөнхтогтох нар хуйвалдаж, төсвийн хөрөнгөнөөс завшсан байж болзошгүй байна.

-Ямар аргаар завшсан гэж үзэж байна вэ?
-Баянзүрх дүүргийн хороонд оршин сууж буй иргэдийн үнэмлэхийг хурааж авсан байгаа юм. Хурааж авсан иргэний үнэмлэхийн хуулбараар хуурамч баримт бүрдүүлэх замаар “Сэлбэ дулаан” компанид өгсөн. Тус компани “Хас” банкаар дамжуулж Мянганы сорилын сангаас ихээхэн хэмжээний мөнгө авсан гэж сэжиглэж байна.

Д.Болор 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш