logo
Сурталчилгааны нэвтрүүлгийн хуваариа бусдад шилжүүлж болохгүй

Сурталчилгааны нэвтрүүлгийн хуваариа бусдад шилжүүлж болохгүй

2012/10/11
Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт ирэх 11 дүгээр сарын 21-ний өдөр болно. Үүнтэй холбогдуулан нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаанд телевиз, радиогийн нэвтрүүлэг хэрхэн ашиглах тухай мэдээллийг хүргэе.
Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд олон нийтийн радио, телевизээр сонгуулийн аливаа сурталчилгааны нэвтрүүлгийг нэвтрүүлэх нь хориотой, зөвхөн агаарын долгион ашигладаг радио, телевизээр нэвтрүүлэхээр заажээ. Мөн нам, эвслээс нэр дэвшигч, бие даан нэр дэвшигч, түүнчлэн нам, эвслийн тухайн орон нутаг дахь салбар болон төлөөлөх байгууллага нь сонгуулийн сурталчилгаагаа тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа радио, телевизтэй гэрээ байгуулсны үндсэн дээр нэвтрүүлэх хуультай бол нам нь сурталчилгаагаа нэгдсэн байдлаар радио, телевизээр нэвтрүүлэх тохиолдолд тухайн намын төв байгууллага радио, телевизтэй гэрээ байгуулсны үндсэн дээр нэвтрүүлнэ.
Аймаг, нийслэлийн Хурлын Тэргүүлэгчид нь тухайн нутаг дэвсгэртээ үйл ажиллагаа явуулж байгаа радио, телевизээр нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийн хуваарь, цагийг батална. Ингэхдээ нам, эвсэл, нэр дэвшигч бүрд тэнцүү хугацаа ногдохоор тооцсон байх ёстой юм. Түүнээс гадна сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийн хуваарь, цагийг бусад нам, эвсэл, нэр дэвшигчид шилжүүлж болохгүй. Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийг төлбөртэй болон төлбөргүй нэвтрүүлж болох бөгөөд сонгуулийн сурталчилгааны нийт хугацаа нь хоногт хоёр цагаас илүүгүй байна. Аймаг, дүүргийн сонгуулийн хороо сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийн тэнцвэрт байдалд олон нийтийн оролцоотойгоор хяналт тавина.
Радио, телевизээр нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийн төлбөр нь тухайн радио, телевизээс тогтоосон оргил цагийн сурталчилгааны төлбөрийн дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байхаар хуульчилсан бол сонгуулийн хугацаанд телевиз, радиогоор улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулахыг хоригложээ.
Ш.Чимэг 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш