Айдсын даваа гэдэг нэр Монголчуудын хувьд нийслэлийн морин уралдааны зам гэдэг утгаараа хэдийнэ танил болсон билээ. Улсын баяр наадмаар хурдны морины түрүүч Айдсын давааг даван айсуй хэмээн телевизүүдээр олонтаа хэлэгддэг ч “Айдсын даваа” гэх үгийн утга агуулгыг сонирхон судалж тайлбарласан мэдээлэлтэй тааралдаж байсангүй. Тэгвэл Газар усны нэр судлаач О.Сүхбаатар энэхүү үгийг хэл шинжлэлийн үүднээс нь тайлбарласан байна. Түүний судалгаагаар энэхүү нэр нь айдас хүйдэстэй огт холбоогүй бөгөөд үгзүйн хувирлаар өнөөгийн хэлбэрээ олсон үг ажээ. Уг нэр нь анх Байцын даваа гэдэг байснаа улмаар он цагийн дамжин хэлэгдэхдээ Байдсын даваа болж, сүүлдээ хэлзүйн явцад Б үсэг нь гээгдэн Айдсын даваа гэгдэх болжээ. Уул усны нэр нь хэлбэр хэмжээ, ямар нэгэн түүхэн үйл явдлаар нэрлэгдэх нь олонтаа боловч хэлзүйн хувьслаар өөрчлөгдөн анхны нэрээсээ холдох тохиолдол цөөнгүй байдаг байна. Хэл шинжлэлийн ухааны доктор М. Саруул-Эрдэнийн “Сонирхолтой хэл шинжлэл” хэмээх номонд энэ тухай өгүүлсэн байна. Дашрамд сонирхуулахад Монгол орны 1,5-2 ам дөрвөлжин км нутаг бүр өөрийн гэсэн оноосон нэртэй байдаг гэнэ. Энэ тооцоогоор бодвол Монгол Улсын одоогийн нутаг дэвсгэр нэг сая шахам газар усны нэртэй байх нь.
Г.Бүрэн www.shuum.mn
Г.Бүрэн www.shuum.mn