Өнгөрсөн амралтын өдрүүдээр Колумбын хойд хэсэгт орших нэгэн жижиг сууринд зохион байгуулсан бухын тулааны үеэр 10 орчим хүнд гэмтэл авсан байна. Учир нь Сабаналарга сууринд болсон энэ үзүүлбэрийн үеэр сонин содон зүйл хайсан, сэтгэл хөдлөлдөө автсан залуус дэвжээн дээр гарч ирсэн байна. Архи ууж, хөгжмийн хэмнэлд сэтгэл нь хөөрсөн тэдгээр залуус үзүүлбэр үзүүлэхээр оролдсон ч амь насаа эрсдэлд оруулжээ.
Хурдан гүйж чаддаггүй эсвэл азгүй зарим нь буханд мөргүүлсэн байна. Каракол радиогоос мэдээлснээр шархадсан 30 хүний 10 нь эмнэлэгт эмчлүүлж байгаа аж.
Испанийн соёлтой нягт холбоотой спорт болох бухын тулааныг олон хүн үзэж сонирхдог хэдий ч амьтны эрхийг хамгаалагчид энэ спортыг эсэргүүцсэн янз бүрийн үйл ажиллагаа явуулдаг. Тэд бухын тулааныг бүдүүлэг, харгис спорт гэж нэрлэдэг байна.
Харин дэмжигчид бухын тулааныг соёлын хувьд чухал уламжлал, уран зураг, бүжиг, хөгжимтэй зэрэгцэн соёлын дээд төвшинд хөгжсөн гэж үздэг байна. Бухын тулаан явуулдаг хамгийн том цэнгэлдэх нь Мексикийн төв хэсэгт байдаг 48000 хүний суудалтай Плаза дэ Мехико юм. Харин Испанийн Севилла хотод орших Ла Маэстранза нь хамгийн эртний бухын тулааны дэвжээд тооцогддог. Энэ газар анх 1765 онд бухын тулаан болж байжээ. Испани болон Латин Америкийн олон оронд бухын тулааныг зохион явуулдаг байна.
Э.АМАР