Алдарт эрдэмтэн Альберт Эйнштейн нэгэн захидалдаа "Бурхан гэдэг санаа бол хүний сул дорой байдлын илрэл" хэмээн бичиж байжээ. Тэгвэл энэ захидлыг дуудлагаар худалдахаар болсон байна. Захидлыг дуудах анхны үнэ нь гурван сая америк доллар юм байна. "Бурхны Захидал" гэдэг нэрээр танигдсан энэ захидлыг Эйнштейн физикч, философич Эрик Гуткиндэд илгээж байжээ.
Харьцангуйн онолыг нээсэн эрдэмтэн нас барахаасаа нэг жилийн өмнө буюу 1954 оны нэгдүгээр сарын гурванд Гуткиндын илгээсэн "Амьдралыг Сонго" номны хариуд энэ захидлыг илгээж байсан байна. Герман хэл дээр бичигдсэн уг захидал Эйнштейн бурханд огт итгэдэггүй байсныг гэрчилж байгаа юм.
Тэрээр захидалдаа "Бурхан гэдэг үг бол хүний сул дорой байдлын илрэл төдий зүйл. Библид гардаг зарим эртний домог нилээд үнэмшил муутай, ямар ч мэргэн цэцэн тайлбар миний бодлыг өөрчлөхгүй" хэмээн бичжээ.
Эйнштейний захидлыг 2008 худалдан авч байсан цуглуулагч даваа гаригт энэ захидлыг "eBay" онлайн дуудлага худалдааны сайтаар үнэ хаялцуулахаар шийдсэн байна. Дуудлага худалдаа 10-р сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ.
Э.АМАР