logo
 5 тэрбум хүртэлх ам.долларын Засгийн газрын үнэт цаас гаргах тухай тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ

5 тэрбум хүртэлх ам.долларын Засгийн газрын үнэт цаас гаргах тухай тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ

2012/10/11
Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2012.10.10/  хуралдаанаар Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2011 оны санхүүгийн нэгдсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. 2011 оны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайлантай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Дээрх асуудлыг баталья хэмээн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи үзсэн учир санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр тогтов.
Үүний дараа “Эрдэнэс МГЛ” ХХК, “Эрдэнэс-Оюу толгой” ХХК-ийн үйл ажиллагааны явц байдлын талаарх мэдээлэл сонслоо.
“Эрдэнэс МГЛ” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Я.Долгоржав эхлээд мэдээлэл хийсэн. “Эрдэнэс МГЛ” ХХК нь Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 266 дугаар тогтоол, ТӨХ-ний 2007 оны 52 тоот тогтоолоор Стратегийн ач холбогдол бүхий орд, улсын төсвийн хөрөнгөөр эргэл, хайгуул хийж нөөцийг нь тогтоосон ордын ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшин үйл ажиллагаа явуулах, ашигт малтмалын нөөцийн үнэлгээ хийх, ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа төрийн өмчийн оролцоотой компаниудын төрийн мэдлийн хувьцааг борлуулахад зөвлөх үйлчилгээ үзүүлэх чиг үүрэгтэйгээр байгуулагджээ.
2007 онд Тавантолгойн ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшиж, 2008 онд Стратегийн ач холбогдол бүхий Шивээ-Овоо ордын ашиглалтын 3 тусгай зөвшөөрлийг эзэмших болжээ. 2009 онд “Оюу толгой” төслийн “Хөрөнгө оруулагчдын болон хувь нийлүүлэгчдийн гэрээ”-г байгуулахад оролцож, Монголын талын хувь нийлүүлэгчдийн эзэмшлийн 34 хувийг Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс тус компани эзэмших эрхтэй болжээ. 2010 онд Тавантолгой төслийг эхлүүлэн, мөн ондоо “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг байгуулсан байна. 2011 онд “Эрдэнэс Оюутолгой” ХХК-г байгуулсан байна.
2012 онд “Эрдэнэс МГЛ” ХХК-ийг Хүний хөгжил сангийн тухай хуульд нийцүүлэн шинэчлэн зохион байгуулж, мөн ондоо компанийн давуу эрхийн хувьцааг иргэн бүрт үнэ төлбөргүй эзэмшүүлэх ажлыг зохион байгуулсан гэж тэрбээр мэдээлэлдээ дурдсан юм. Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 272 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн охин компани хэлбэрээр байгуулахаар болж, “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн эзэмшиж байгаа Тавантолгойн нүүрсний ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг охин компанид шилжүүлэхээр шийдвэрлэжээ. Ингээд “Эрдэнэс МГЛ” ХХК  охин компани дахь төрийн мэдлийн хувьцааны ногдол ашиг болон урьдчилгаа төлбөрийг Хүний хөгжил санд төвлөрүүлэх үүргийг хүлээх болжээ.
“Эрдэнэс МГЛ” ХХК нь 2011 онд 336 тэрбум төгрөгийг, 2012 онд 80 тэрбум төгрөгийг Хүний хөгжил санд төвлөрүүлсэн байна. Засгийн газрын 2012 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн нэг ширхэг давуу эрхийн хувьцааг Монгол Улсын иргэн бүрт эзэмшүүлэх шийдвэр гаргасан бөгөөд компани нь өөрийн дүрмэндээ заасан 100 сая ширхэг энгийн, 3 сая ширхэг давуу эрхийн хувьцаатай гэж Гүйцэтгэх захирал Я.Долгоржав мэдээлсэн.
Түүний дараа “Эрдэнэс-Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Батбаатар компанийнхаа үйл ажиллагааны талаар товч мэдээлэл хийлээ. “Оюу толгой” ашигт малтмалын ордод үйл ажиллагаа явуулж буй “Оюу толгой” ХХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааг эзэмших эрхийг хэрэгжүүлдэг тус компани нь “Оюу толгой” төслөөс Монгол Улсын хүртэх үр өгөөж, улсын экспортын орлогыг улам бүр нэмэгдүүлэх болон эх орныхоо уул уурхайн салбарын манлайлах боловсон хүчнийг бүрдүүлэх зорилт тавин ажиллаж байна хэмээн тэрбээр мэдээлэлдээ дурдсан. Тус ХХК-д 16 хүний бүрэлдэхүүнтэй цомхон баг ажиллаж байгаа гэлээ.
“Эрдэнэс-Оюу толгой” ХХК байгуулагдсанаасаа хойшхи хугацаанд багагүй ажлыг амжуулсан гэж тэрбээр хэлэв. Тухайлбал, “Оюутолгой” ХХК-ийн 6 улирал дараалан Сангийн яамаар баталгаажуулаагүй байсан 2010, 2011 оны санхүүгийн тайланг хоёр талын санхүүгийн мэргэжилтнүүдтэй ажиллан тушааж баталгаажуулжээ.
Хувь нийлүүлэгчдийн зээл 1.1 тэрбум ам.доллар байсныг 352.5 сая ам.доллараар бууруулж, үүний үр дүнд Монголын талд ногдох өрийг 677.5 сая ам.доллараар батлуулсан гэх мэт нэлээд олон ажлыг дурдаж байлаа. Мэдээллийн эцэст тэрбээр “Оюу толгой” төсөл амжилттай хэрэгжиж байна хэмээн тэмдэглэсэн юм.
Үүний дараа гишүүд асуулт асууж хариулт авсан. Хэд хэдэн гишүүн тухайлбал, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Г.Баярсайхан нар Оюу толгойн ашгийн 71 хувь нь Монголчуудад, 29 хувь нь хөрөнгө оруулагчдад ирнэ гэсэн сурталчилгааны самбаруудад тааламжгүй хандаж байгаагаа илэрхийлж байв. Энэ самбар дээрх тоо үнэнд нийцэхгүй байна гээд ингэж сурталчилгаа явуулахдаа “Эрдэнэс-Оюу толгой” ХХК-тай зөвлөсөн зүйл бий эсэхийг лавлаж байлаа. “Эрдэнэс-Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын хариулснаар ийм сурталчилгааны самбар байрлуулан, дээр тоог тавихдаа Монголын талын захирлуудтай ярьж зөвлөсөн зүйл байхгүй юм байна. УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, 71:29 гэсэн хуурмаг сурталчилгаа явуулж олныг мэхэлж байгааг зогсоох хэрэгтэй хэмээн хэлж байсан. Тэрбээр монгол мэргэжилтнүүдийг үнэлэх үнэлэмж Оюу толгойд бага байгаа, Хөдөлмөрийн хууль, ажиллах нөхцөл зөрчигдөж байгаа талаар ч шүүмжлэн хэлж байсан.
Зарим гишүүд Оюу толгойд ажиллаж байгаа монгол, гадаад ажилчдын цалингийн ялгааны талаар тодруулахад, “Эрдэнэс-Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Батбаатар, ажилчдын ур чадварыг 16 үнэлгээгээр үнэлдэг юм билээ. Цалингийн талаархи нарийн мэдээллийг тун удахгүй олон нийтэд ил болгох болно. Ер нь монгол, гадаад ажилчдын цалингийн ялгааг аргилгах талаар манай талаас байнга асуудал тавьж байгаа гэсэн хариултыг өгсөн.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл гишүүд асуусан асуултдаа хангалттай хариулт авч чадсангүй гэж хэлж байлаа. Тэрбээр гишүүдийн тавьж буй асуудлыг судлах ажлын хэсгийг байгуулах саналаа Байнгын хорооны даргад тавьсан.
Үүний дараа Үнэт цаас гаргах зөвшөөрөл олгох тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Эдийн засгийг эрчимжүүлэх, урт хугацааны хөгжлийн хөрөнгө оруулалт хийх, экспортыг дэмжих бодлогыг санхүүжүүлэх зорилгоор дунд, урт хугацааны 5 тэрбум хүртэлх ам.долларын Засгийн газрын үнэт цаасыг 2012, 2013 онд олон улсын зах зээлд арилжаалах тухай уг тогтоолын төсөлд тусгажээ.
Засгийн газрын бондын хөрөнгийн зориулалт нь төсвийн алдагдал нөхөх бус бөгөөд урт, дунд хугацааны бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт хийснээр эдийн засгийг эрчимжүүлэх, экспортыг дэмжиж импортыг орлох бодлогыг санхүүжүүлэхэд чиглэнэ гэж Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Батбаяр гишүүдэд танилцуулсан юм.
Эхний ээлжинд УИХ-аар баталсан үндэсний төмөр замын сүлжээ, Сайншандын аж үйлдвэрийн парк, Тавантолгойн уурхай болон дэд бүтцийн төсөл зэрэг аж үйлдвэр, дэд бүтцийн томоохон төслүүдийг санхүүжүүлэх боломжтой болох ажээ. Мөн Засгийн газрын бонд гаргаснаар дотоодын зээлийн хүүгийн хэмжээг бууруулж, инфляцийг багасгах бөгөөд гадаадын шууд хөрөнгө оруулалтаас бүрэн хамааралтай өнөөгийн эмзэг санхүүгийн тогтолцоог өөрчилнө гэж төсөл санаачлагчид тооцжээ. Эдийн засгийн байнгын хорооны гишүүд уг тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжсэн юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш