logo
 Өрхийн эмнэлгийн үйл ажиллагааг төрөөс бодлогоор дэмжих шаардлагатай гэв

Өрхийн эмнэлгийн үйл ажиллагааг төрөөс бодлогоор дэмжих шаардлагатай гэв

2012/10/11
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдөр /2012-10-10/ үдээс хойш хуралдаж нийт 6 асуудлыг  хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдаан эхлэхийн өмнө УИХ-ын гишүүн С.Ганбаатар горимын санал гаргасан.  Тэрээр “УИХ-ын гишүүн С.Эрдэнэ болон миний санаачлан боловсруулсан Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хоёр хуулийн төслийг хамтад нь хэлэлцэхээр өмнөх Байнгын хорооны хурлаар шийдвэрлэсэн. Иймд миний санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг өнөөдрийн хуралдаанаар шийдвэрлэж өгнө үү“ гэсэн  саналтай байгаагаа илэрхийлсэн юм. Ингээд С.Ганбаатар гишүүний гаргасан горимын саналаар санал хураалт явуулснаар хуралдаанд оролцсон гишүүд хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
Хуралдааны хэлэлцэх асуудлын эхэнд  Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2011 оны санхүүгийн нэгдсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. УИХ-ын гишүүн А.Бакей Эрүүл мэндийн сайдад хандаж тавьсан асуултдаа, “өрхийн эмнэлэг иргэдэд хамгийн ойр, анхан шатны үйлчилгээ үзүүлэх ёстой. Гэтэл өрхийн эмч нар төрийн албан хаагч биш, төсөв санхүүгийн хүндрэлтэй нөхцөлд үйл ажиллагаагаа явуулдаг. Иймд өрхийн эмнэлэгт тулгамдаж буй хүндрэлтэй асуудлуудыг цаашид яаж шийдэх вэ” гэдгийг тодруулсан. Эрүүл мэндийн сайд Н.Удвал, “өрхийн эмнэлэг том бодлогын асуудал. Статусын хувьд төрийн үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэдэг. Өрхийн эмнэлэг өнөөдөр нэг иргэнээр тооцож санхүүжилт авч байна. Харамсалтай нь энэ санхүүжилт өрхийн эмнэлгийн үйл ажиллагаанд хүрэлцдэггүй. Иймд өрхийн эмнэлгийн санхүүжилтийг нэмэгдүүлэх талаар төсөвт тусгаж байгаа. Цаашид өрхийн эмнэлгийн үйл ажиллагааг төрөөс бодлогоор дэмжих шаардлагатай гэж үзэж энэ асуудлыг  салбарын яамны анхаарлын төвд авсан” гэсэн хариулт өгөв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан бусад гишүүдээс асуулт асуух, үг хэлэх гишүүн гараагүй тул Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2011 оны санхүүгийн нэгдсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийн Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр  шийдвэрлэлээ.
Үүний дараа Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, Дархлалын олдмол хомсдлоос сэргийлэх тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Хууль санаачлагчийн илтгэлийн УИХ-ын гишүүн Ж.Батсуурь танилцууллаа. Манай улс хэдийгээр ХДХВ-ийн тархалт багатай улс орны тоонд ордог хэдий ч 2011 оны 12 дугаар сарын байдлаар ХДХВ-ийн халдварын 100 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд эдгээрээс 81 хувь нь эрэгтэй, 19 хувь эмэгтэй байгаа судалгаа гарчээ. Сүүлийн жилүүдэд халдварын тохиолдлын тоо өсөх хандлагатай байгаа аж. Л.Эрдэнэчимэг гишүүн, “иргэд ХДВХ-ийн сайн дурын шинжилгээнд орох, эсвэл эмнэлэгт хэвтэхдээ ДОХ-ын шинжилгээ өгөх гэсэн хоёр замаар халдвар авсан хүнийг илрүүлж байгаа. Цаашид иргэдийг олноор хамруулах, халдварыг эрт илрүүлэх ямар арга зам байна” гэсэн асуултыг салбарын сайдаас асуусан. Эрүүл мэндийн сайд Н.Удвал өгсөн хариултдаа, “ өнөөдөр иргэд сайн дураар ДОХ-ын шинжилгээ өгч байна. Албадан шинжилгээнд оруулах нь хүний эрхтэй холбоотой асуудал болоод явчихдаг. Харин өндөр эрсдэлтэй бүлгүүдийн дунд тандалт судалгаа хийгдэж байна. Мөн эдийн засгийн боломжийн асуудал ч хөнддөгддөг “ гэж хариуллаа.
Харин С.Эрдэнэ гишүүн “ иргэдийг эмнэлэгт хэвтэхэд нь цусны шинжилгээ авахдаа ДОХ-ын шинжилгээг давхар аваад явах заалт байхгүй юу. Ингэснээр хүний эрх зөрчигдөхгүй гэж үзэж байна. Манайх шиг хүн ам цөөтэй улсад ДОХ-ын халдвар ямар их гамшиг тарихыг анхаарч үзэх хэрэгтэй. Хаа хамаагүй зүйлд зарцуулдаг хөрөнгө мөнгийг энэ чиглэлд зарцуулах хэрэгтэй шүү дээ. Энд хүний эрхийг огт үгүйсгэж хоёрдугаарт тавьсан зүйл байхгүй.” гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв.
Гишүүдийн асуулт хариулт дууссаны дараа хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
Хуралдааны удаах асуудал Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг байв. Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүд байгаагүй тул хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулахаар гаргасан С.Эрдэнэ гишүүний горимын саналаар санал хураалт явуулж саналыг гишүүд зуун хувь дэмжлээ.
Үүний дараа  “Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа 2012 оны зургадугаар сарын 15-ны өдрөөр дуусгавар болж байгаа учраас Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн томилох шаардлагатай болсон юм. Иймд Нийгмийн даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос санал болгосон 3 хүнийг даатгуулагчийн төлөөлөгчөөр, Ажил олгогчийн нэгдсэн холбооноос санал болгосон 3 хүнийг ажил олгогчийн төлөөлөгчөөр тус тус тогтоолын төсөлд тусгажээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух, үг хэлэх  гишүүд гараагүй тул  уг тогтоолын төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхийг хуралдаанд оролцсон гишүүд зуун хувь дэмжив.
Хуралдааны эцэст Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэж тус Байнгын хорооны Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулж гишүүдийн дэмжлэг авсан саналуудыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болов.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш