logo
Иракийн газрын тосны олборлолт хоёр дахин нэмэгджээ

Иракийн газрын тосны олборлолт хоёр дахин нэмэгджээ

2012/10/12
Ирак улсад Саддам Хуссейны дэглэмийг унагаж, өнөөгийн ардчилсан, чөлөөт  тулгар  Ирак улсыг бий болгож засан тхинуулахын тул АНУ тэргүүтэй холбоотны хүчин бараг 10-аад жил цэргийн ажиллагаа явуулсан. Тэгвэл одоо Ирак улсын эдийн засаг тогтворжиж  газрын тосны олборлолт 2 дахин нэмэгджээ. Өөрөөр хэлбэл Ирак улс газрын тосны салбартаа хөрөнгө оруулалт хийн техник тоног төхөөрөмжөө сайжруулснаар өдөрт 3 сая баррель газрын тос олборлодог байсан бол одоо 6 сая баррель болж нэмэгджээ. Иракийн эдийн засгийн хувьд тус бүс нутгийн улс төрийн тогтвортой байдал хамгаас чухал. Иран, Сири зэрэг хөрш орнуудад нь тогтворгүй байдал үүсээд байгаа нь дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэнд нөлөөлөх вий гэдэг болгоомжлолыг төрүүлээд байгаа юм. Эдийн засагчдын үзэж байгаагаар 2020 он гэхэд Иракийн газрын тосны олборлолт дахин 2 дахин нэмэгдэнэ. 2035 он гэхэд Ирак өдөрт 8 сая баррель газрын тос үйлдвэрлэх боломжтой болох дүр зураг харагдаж байна. Энэ эрчээрээ өсвөл Иракчууд жилд газрын тосноос 200 тэрбум доллар олох боломжтой болох юм. Ирак улс цаашлаад одоогоор газрын тосны олборлолтоор дэлхийд тэргүүлж байгаа Саудын Арабтай өрсөлдөхүйц хүчин чадалтай болно. Өөрөөр хэлбэл Ирак дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийг тогтоогч идэвхитэй тоглогч болон гарч ирж байна. Учир нь Иранд газрын тосны асар их нөөц байгаа боловч цөмийн хөтөлбөр тойрсон эдийн засаг болон улс төрийн хориг сааднаас болж, өдөрт дөнгөж 1 сая гаруй газрын тос олборлож байна. Венесуэл улс мөн газрын тосны их нөөцтэй боловч шинэ зууны социализм байгуулагч эрхэм Уго Чавезын ачаар газрын тосны салбарын хөрөнгө оруулалт буурч, техник технологийн шинэчлэлт хийгдэхгүй байгаагаас газрын тосны олборлолт буураад байгаа юм байна. Тэгэхээр Ирак улс Саудын Арабын дараа орох дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийг тогтооход оролцдог чухал тоглогч болж гарч ирж байна.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш