logo
Ангарагийн хөрснөөс анхны дээжийг авлаа

Ангарагийн хөрснөөс анхны дээжийг авлаа

2012/10/13
Ангарагнаа явагч "Кьюриосити" аппарат Улаан нүдэн гарагийн хөрснөөс анхныхаа дээжийг авлаа. Энэ тухай Калифорни муж улсын Пасадина хот дахь Тийрэлтэт хөдөлгөөний лабораторийн /ТХЛ/ инженерүүд мэдээлжээ.
"Кьюриосити" аппарат гар манипуляторын тусламжтайгаар хөлбөмбөгийн бөмбөгний хэмжээтэй чулуулгийг аваад дараа нь лазер болон химийн спектроскопын чулууг өрөмдөж бутлан дээж авчээ.
"Хөрсний химийн бүрэлдэхүүн нь бидний хувьд гэнэтийн бэлэг болсон гэж хэлж болно. Бид огт өөр бүтэцтэй болов уу гэж таамаглаж байсан. Энэ чулуу нь натри, кали гэх зэрэг шүлтлэг металлаар баялаг байна. Бид чулуулгийн насыг хараахан тогтоож чадаагүй байна, гэхдээ энэ чулуу нь Хавайн арал дахь галт уулын ховор төрлийн чулуулагтай төстэй. Мөн урд өмнө нь ус байсан газруудад маш өндөр даралтын нөлөөгөөр үүсэн бий болсон гэдэг таамгийг дэвшүүлж байна" гэж эрдэмтэн Эдвард Соллер ярьжээ.
Түүнээс гадна, аппаратаас салж унасан гялалзсан биет нь буултын үед их бие болон цахим төхөөрөмжийг хамгаалах зориулалттай дэлгэц байсан. Энэ эд анги салж унасан нь аппаратны ажиллах чадварт нөлөөлөхгүй гэж эрдэмтэд үзэж байна.
Уг аппаратыг алсын зайнаас удирдах ажлыг ТХЛ-ийн 24 мэргэжилтэн гүйцэтгэж байгаа ажээ.
"Кьюриосити" аппарат нь эх дэлхийн хоногоор 687 өдрийн турш Улаан нүдэн гарагийн Гейла тогоог судлах ёстой. 2,8 метр урт, 900 кг жинтэй уг аппарат нь НАСА агентлагийн Ангараг гараг руу хөөргөж байсан аппаратуудаас хоёр дахин урт, тав дахин хүнд жинтэй аж. Мөн тус бүр нь 50 см-ын голчтой гурван хос дугуйтай бөгөөд 75 см-ын өндөртэй саадыг давж, дороо 360 градус эргэх чадвартай юм.
Д.Жаргал 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш