logo
Архи, тамхинаас болж инфляци өсчээ

Архи, тамхинаас болж инфляци өсчээ

2012/10/15
Үндэсний стастистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн есдүгээр сарын тоймыг танилцуулсан юм. Сар бүр танилцуулдаг энэ тоймоос улсынхаа хөгжлийн ерөнхий байдлыг мэдэж авч чаддаг ч, энэ удаад тун сонирхолтой мэдээллүүдтэй нүүр туллаа.

Тухайлбал, өнгөрсөн сард хэрэглээний үнийн индекс буюу монголчуудыг дарладаг гол аймшиг болох инфляцийн суурь хүчин зүйлийн үзүүлэлт асар хурдацтай өсчээ. Яагаад ингэж өссөнийг сонирхоход, архи, тамхины онцгой албан татварыг нэмсэн нь энэ бүлгийн бараа бүтээгдэхүүний үнийг 40 хувиар өсгөсөн гэнэ. Тэр ч бүү хэл “уух юм”-ыг дагаад ундааны үнэ хүртэл хөөрсөн байх юм.

Ямартай ч хэрэглээний үнийн индексийн есдүгээр сарын үзүүлэлт өмнөх оны мөн үеийнхээс 14.8 хувиар өссөн дүн юм байна. Үүнээс харахад монголчууд үнийн өсөлтөд дөжирчихсөн бололтой. Гэхдээ дөжирснөөс биш ажрахаа байсан гэсэн үг биш. Өөрөөр хэлбэл, жилийн өмнө 500 мянган төгрөгийн цалинтай байсан хүн өнөөдөр ч түүнийгээ авсаар байгаа. Харин худалдан авдаг барааных нь /гурил, мах, будаа, жимс, архи, тамхи, ундаа г.м/ үнэ жилийн дотор 14 хувиар өснө гэдэг байж боломгүй тоо. Тодруулбал, жилийн өмнө 800 төгрөгийн үнэтэй байсан “Алтан тариа”-ны нэгдүгээр зэргийн гурил өдгөө 912 төгрөг болсон гэсэн үг. Харин худалдан авагчийн цалин бахь байдгаараа.

Хамгийн гол нь архи, тамхины үнэ өссөн нь дээрх явдлын эхлэл болсон байна. Одоо хүйтний ам наашилсан болохоор хэрэглээний үнийн индекс бүр нэмэгдэнэ. Энэ бол бичигдээгүй хууль. Тиймээс архи, тамхинаас болж инфляцид дарлуулсан монголчууд өвлийн цагт махны үнийн өсөлттэй холбоотой бахинд хавчуулагддаг. Одоо харин хоёр бахинд зэрэг хавчуулагдах болох нь. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш