logo
Инфляци найман хувьд “баригдаж”, зэсийн ханш тэнгэрт гарах нь

Инфляци найман хувьд “баригдаж”, зэсийн ханш тэнгэрт гарах нь

2012/10/15
Өнгөрөгч долоо хоног эдийн засаг, уул уурхайн амьдралд ихээхэн хөл хөдөлгөөн тохиосон, үйл явдал арвинтай болж өнгөрлөө. Дэлхийн банк, Монголбанк, НҮБ, Жен­дэрийн үндэсний хороо, Хүний эрхийн үндэсний комисс гээд даацтай, далайцтайхан байгууллагууд Монгол Улсын эдийн засгийг салбарынхаа хүрээнд тодорхойлж, өнгөлөхийг оролдлоо.

Дээр нь “грек үймээн”-ээс үүдэлтэй “хятад хямрал”-д монголчууд өртөх нь тодорхой гэдгийг олон улсын эдийн засагч, шинжээчид дэлхий даяар зарлаж орхисон.

Мэдээж хамгийн эхний дуулиан бол Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал “Инфляцийг найман хувьд барихгүй бол хэний хүү болох вэ” гэж хэлсэн явдал байв. Хэрэглээний үнийн индекс нь 14 хувиар өсчихөөд байхад инфляцийг найман хувьд барина гэдэг юу л бол гэж түүнийг басамжлах нэгэн захаас аваад олон байсан юм. Харин мань хүн үүнд гандан буурсангүй, указкаар зааж байгаад “Үнэ ханшийн элдэв өөрчлөлт энэ тэр биш ээ. Монголбанкны мөнгөний бодлогоор энэ аймшгийг тогтоон барина” гэж айлдсан.

Хамгийн гол нь, Дэлхийн банк, ОУВС, Үндэсний статистикинй хороо зэрэг мониторингоороо бусдыг дийлсэн газрууд үүнийг нь инээж байгаад няцаах нь харамсалтай. “Уг нь санаагаар болдог бол инфляцийг наймаас доош, бүр тэг хувьд хүргээд тэр дифляцийн чинь горыг амсаадахмаар л байна” гэж Дэлхийн банкны “Сан­хүүгийн үнэлэмж” хэмээх хурал дээр сууж байсан нэг эрхэм хэлж байсан юм. Алиных нь зөв гэдгийг цаг хугацаа харуулах байх.

Дараагийн асуудал бол нэг тонн зэс 8212 ам.долларт хүрсэн явдал. Дажгүй ирээ­дүйтэй тоо гэдэгт эдийн засагчил санал нийлж байна билээ. Яг одоо төсөв хэлэлцэж байгаа болохоор зэс тэргүүтэй, голлох түүхий эдийн ханшийн хэлбэлзэл тун чухал зүйл гэдэг нь тодорхой.

Гэхдээ манай төсвийн гол хэсгийг хангах учиртай нүүрсний экспорт 2012-2012 онд эрс буурах нь ойлгомжтой боллоо. Өнгөрсөн сард л гэхэд улсын нийт экспорт 6.1 хувиар буурсан гэх үзүүлэлт гарсан нь нүүрсний худалдаатай шууд холбоотой.

Нүүрсний экспортын голлох зах зээл болох БНХАУ-ын гангийн үйлдвэрлэл буурсантай холбоотойгоор манай улсын нүүрсний экспорт харьцангуй багасчээ. Манай экспортын бүтээгдэхүүний 89.2 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн дангаараа бүрдүүлдэг бөгөөд дийлэнхийг нь нүүрс эзэлдэг.

Тухайлбал, 2010 онд 7.1 сая тонн нүүрс экспортолж байсан бол өнгөрөгч онд энэ нь гурав дахин өссөн үзүүлэлттэй байна. Харин сүүлийн саруудад Хятадын гангийн үйлдвэрлэл буурсантай холбоотой нүүрсний импорт нь 82.8 хувиар багассан байх юм. Энэ нь үндэсний бодлого болоод олон улсын зах зээлийн үнэлгээнээс болсон аж. Үүнийг дагаад манай нүүрсний экспорт буурч буй нь тус улсаас хараат байгаагийн илрэл хэмээн зарим эх сурвалж хэлж байгаа.

Төсөв хэлэлцэх цагаар амилсан асуудлууд нэг иймэрхүү. Харин хүүхдийн мөн­гөнөөс болоод арилжааны банкууд эгээ л барилцаж авах нь холгүй булаацалдаж байна. Тэдний хувьд хүүхдийн мөнгө хэмээх их хөрөнгө оруулалт тун чухал байгааг тэдний мессэж, реклам, сурталчилгаанаас тод харж болно. Ялангуяа өнгөрсөн долоо хоногт банкуудын үйлчилгээ ямар байх ёстойг яруу тодоор харж авлаа.

Эх сурвалж: "Өглөөний Сонин" 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш