logo
Олон нийт, эрдэмтэн судлаачдын үгийг сонсох нь зүйтэй гэв

Олон нийт, эрдэмтэн судлаачдын үгийг сонсох нь зүйтэй гэв

2012/10/17
УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Я.Содбаатар, Ж.Эрдэнэбат нар өчигдөр Төрийн ордны хуралдааны Г танхимд хэвлэлийн бага хурал хийж,  УИХ-аар “Монгол Улсын 2013 оны төсвийн тухай” хуулийн төсөл болон холбогдох бусад хууль тогтоомжийн төслийн хэлэлцүүлэг явагдаж байгаатай холбогдуулан мэдээлэл хийлээ.
            Монгол Улсын Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн энэхүү төсөлд төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2013 онд хэрэгжүүлэх хөтөлбөр, түүний хүрэх үр дүнгийн талаарх мэдээлэлд Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Ураны олборлох үйлдвэр барих, зарим ураны ордод ТЭЗҮ боловсруулах, цөмийн эрчим хүчний эх үүсвэр барих станцын технологийг сонгох зэрэг асуудал хэрэгжүүлэхээр тусгасныг дээрх нэр бүхий гишүүд эсэргүүцэж ард иргэд, хэвлэл мэдээллийнхэн, иргэний нийгмийнхэн, ТББ-уудад хандаж байгаа аж. 
Тэд ураны орд газруудын эзэмшил, ашиглалтыг тодорхой болгохгүйгээр шууд олборлох үйлдвэр байгуулах, ТЭЗҮ, технологийн сонголтын асуудлыг төлөвлөж байгаа нь Цөмийн энергийн тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал зэрэг хууль тогтоомжтой харшилдаж байна гэж үзэж байгаагаа илэрхийлээд “Цөмийн энергийн тухай хуульд Цацрагт идэвхт ашигт малтмалын орд хэмжээнээсээ үл хамааран стратегийн ач холбогдолтой ордын ангилалд багтдаг. Тэдгээр ордод монгол төрийн эзэмшлийн хувь хуулийн заасан хэмжээнд үнэ төлбөргүй байх ёстой. Тэгвэл энэ ордуудад Монголын төр хувь эзэмшиж байна уу гэвэл одоогоор үгүй байна” гэлээ.
Тэдний мэдээлснээр бол Засгийн газраас төлөвлөж байгаа Хайрхан, Хараат, Дулаан-Уулын ураны ордуудад нь Дорноговь, Дундговь, Говьсүмбэр аймгуудын нутагт байршдаг бөгөөд энэ нь монгол орны хамгийн эмзэг экосистемийн говийн гүний усны эх үүсвэрийн бүсэд байршдаг гэнэ. Эдгээр орд элсэн чулуулаг, тунамал тогтоц бүхий ураны ордууд учраас химийн бодис, тухайлбал, хүхрийн хүчил ашиглан уусган баяжуулах технологиор олборлохоор байгаа, энэ нь говийн экосистемд бодит занал, экологийн сүйрэл учруулах болно. Тиймээс экологи, байгаль орчны мэргэжлийн түвшний судалгаа дүгнэлт байхгүй, экологид хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй ураны олборлолтыг эсэргүүцэж, ард түмэн, ТББ,  эрдэмтэн судлаачдаар хэлэлцүүлэн дүгнэлт гаргуулах нь зүйтэй хэмээн үзэж, хэвлэл мэдээллийнхэнд хандаж байгаа аж.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш