logo
Ногоон хөгжилд зарцуулах хөрөнгө оруулалтыг нэмэх шаардлагатай гэлээ

Ногоон хөгжилд зарцуулах хөрөнгө оруулалтыг нэмэх шаардлагатай гэлээ

2012/10/17
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны /2012.10.16/ хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал Монгол Улсын 2013 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг байлаа. Үйлдвэр, хөдөө, аж ахуйн сайд Х. Баттулга  хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан танилцуулга хийлээ.
Танилцуулгатай холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй. Харин зарим гишүүд саналаа хэлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн М. Зоригт Сүхбаатар аймгийн ХАА-н конторын барилгын санхүүжилтэд зарцуулсан 890 сая төгрөгийг төсөвт тусгуулах, УИХ-ын гишүүн Ж.Гарамгайбаатар Хэнтий аймгийн Мал эмнэлгийн лабораторын барилга санхүүжилт байхгүйгээс зогсонги байдалд орсон байгаа учир хөрөнгө мөнгөний асуудлыг шийдэж өгөөч гэсэн санал тус тус  орууллаа.
Тус байнгын хорооны дарга Г.Баярсайхан санал гаргасан М.Зоригт, Ж.Гарамгайбаатар, Л.Эрдэнэчимэг нарын гишүүдийн саналыг нэгтгэн, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл аймгууд дахь ХААҮ, ЖДҮ-ийн ажлын байрны нөхцөл сайжруулахад зориулан төсвийг 1,9 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх гэсэн томьёоллоор санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн юм.       
Байгаль орчин, ногоон хөгжлийн салбарын 2013 оны төсвийн төслийг салбарын сайд С.Оюун танилцуулав. Тус салбарын 2013 оны төсвийн төслийг боловсруулахдаа хөтөлбөрт суурилсан дунд хугацааны арга хэмжээг санхүүжүүлэх, төсвийн зарцуулалтын үр дүнг  дээшлүүлэхэд бодитой, үндэслэлтэй төлөвлөхийг зорилт болгосон гэлээ. Төсвийн нийт багц  82,729,4 сая төгрөг, үүнээс урсгал зардал 73,740,8 сая төгрөг, хөрөнгө оруулалтын зардал 8,985,6 сая төгрөг, орон тоо 2,757 байхаар тусгажээ.
УИХ-ын гишүүн Б. Наранхүү нөхөн сэргээлт ямар түвшинд хийгдэж байгаа талаар сайдаас асууж, мөн нөхөн сэргээлт хийхэд анхаарах, экспертийн ажлыг эхлүүлж, дэлхийн аль түвшинд явааг тогтоолгох, зардал мөнгийг төсөвт суулгах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Мөн УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, байгалиас авч байгаа мөнгө, байгальд өгч байгаа мөнгө асар их зөрүүтэй байна гээд ногоон хөгжилд зарцуулах хөрөнгө оруулалтыг нэмэх шаардлагатай байгааг онцолсон юм.
Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх байлаа. Төслийн талаар  Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр танилцууллаа. Энэ хууль батлагдсанаар зарим хуулиудын зөрчлийг арилгаж, улмаар орон нутгийн төсвийн орлого нэмэгдэн, тухайн шатны нэн тэргүүний хэрэгцээтэй хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэх эх үүсвэр бүрдэх болно гэж тэрбээр тайлбарласан. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа тус хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар санал хураалт явуулахад байнгын хорооны гишүүдийн олонхи уг хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. 
С.Цэвэлмаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш