logo
Турк дэх Сирийн дүрвэгсдийн тоо 100.000 давжээ

Турк дэх Сирийн дүрвэгсдийн тоо 100.000 давжээ

2012/10/17
Турк дэх дүрвэгсдийн хуарангуудад амьдарч байгаа Сирийн иргэдийн тоо 100.000 давсан талаар Туркийн засгийн газраас мэдээллээ. Мөн Сири Туркийн хил дээр 7.000 орчим дүрвэгсэд ирээд байгаа юм байна.
Өнгөрөгч ням гаригт Нью-Йоркт төвтэй судалгааны байгууллагаас мэдээлснээр дайн тулаанаас зугтсан Сирийн 10.000 гаруй иргэн Ирак, Туркийн хил дээр ирсэн байна. Тус судалгааны байгууллагын ажилтнууд Ирак, Туркийн эрх баригчдад хандан хилээ бүх цагт нээлттэй байлгаж, хүчирхийллээс зугтсан Сиричүүдийг нэвтрүүлэхийг уриалжээ.
Харин Туркийн засгийн газрын албаны хүмүүс хилээ хаагаагүй, дүрвэгсдийг хүлээн авч байгаа гэж мэдэгдсэн байна. Гэхдээ илүү хатуу хяналт шалгалт явуулж байгаа учраас дүрвэгсдийг нэвтрүүлэх үйл явц удаашралтай байгаа гэнэ.
Англид төвтэй "Syrian Observatory for Human Rights" байгууллагаас мэдээлснээр Сирид 19 сар үргэлжилсэн иргэний дайны үеэр амь үрэгдсэн хүний тоо 33.000-д хүрчээ.
Олон улсын хамтын нийгэмлэг Сирийн хямралыг шийдэх тал дээр дорвитой алхам хийж чадахгүй байсаар өдийг хүрсэн нь томоохон гүрнүүдийн ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой гэдгийг зарим ажиглагчид хэлж байгаа юм.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш