Янхан. Зарим хүн энэ үгийг уншаад пүү, паа яасан балиар, заваан юм бэ гэж цэрвэж, цээрлээд сүйд болох байх. Элдэв эртэй энгэр зөрүүлж, биеэ үнэлсэн эмэгтэй, энд, тэнд эмэгтэйчүүдийн өвөр дулаацуулж яваа эр гэдэг утгаар нь хүлээж авбал ч аргагүй л юм.
Гэхдээ орчин цагт мэргэжлээрээ хэд хэдэн байгууллага дамжин ажиллагсдыг ч бас л “янхан” гэдэг болсон. Ялгаа нь гэвэл салбарын гэдэг тодотголтой. Хамгийн ойрын жишээ дурдахад хэвлэлийнхэн л гэхэд хэдэн сонин дамжаад ажиллачихвал “сонины янхан” гэгддэг юм.
Яг үүнтэй ижил дүр зураг хаа сайгүй бий болжээ. Тэр дундаа улстөрийн хүрээнд хэн дуртай нь нам байгуулдаг болсноор энд тэндгүй хэсч явдаг зуйгуул улстөрч өчнөөнөөрөө төрөв.
Эх орон намаас АН-руу, эсвэл АН-аас МҮАН-д, МҮАН-аас МАХН-д, МАН-аас МАХН-руу, бас МАХН-аас МАН-руу гэх мэтчилэн цуварч өгнө. Улстөрчид гэж айхтар зальжин, зүүний сүвэгчээр ч гараад явчихаж мэдэх нөхөд болохоор энэхүү урвалт, шарвалтаа их гоё тайлбарлана аа. “Үзэл бодол нийлэхгүй”, “Бодож байснаас минь өөр зарчмаар яваад байна. Тэгэхээр нь гишүүнчлэлээ сольчихлоо” гэдэг болсон.
Үнэндээ бол тэрхүү хариултын цаана албан тушаал, эрх мэдлийн тохироо, наймаа явагдаж байдгийг ард түмэн хэдийнэ мэддэг болчихоод байгаа шүү дээ. Харамсалтай нь, өөрөөсөө бусдыг үнэлж мэддэггүй эрхэм улстөрчид бусдыг юу ч ойлгодоггүй гэж бодсон хэвээрээ л байх юм.
Нам байгуулах хийгээд намд элсэнэ гэдэг цэцэрлэгийн жаалуудын айл гэр болж тоглохоос амархан болж таараад байх шиг байгаа юм. Учир нь, намын үзэл баримтлал, дүрэм, журам гээд бүхий л асуудал анхнаасаа тов тодорхой байдаг. Гэсэн ч нэг л мэдэхэд албан тушаал, эрх мэдэлд боомилуулан дотооддоо эв түнжингээ ололцохоо байж, өрсөлдөгчидтэйгөө “өвөр түрийдээ” орж эхэлдэг.
Улстөрийн хүрээнд шинээр хөл тавих нь хэцүүхэн даваа гэдэг юм билээ. Тиймдээ ч нэгэнт хөл алдагсад нь улаан, цэнхэр, ногоон, шараараа дуудуулсан намуудын дунд хэсүүчилсээр байдаг биз. Тэгвэл амбиц, албан тушаалын боолчлолд дарлагдан улстөрч гэдэг нэр зүүн, нам хэсэгчийг яагаад “Улстөрийн янхан” гэж болохгүй гэж.
Яг өнөөдөр гэхэд Монголын улстөрд “түрийний бөөс толгойд гарав” гэгчээр нам дамжсан наймаачин, төр сэлгэсэн тэнүүлчид, улстөрийн янхнууд захаас аваад л байна, цаагуур чинь. Улстөрийн янхнуудын зарим нь төр түшилцсэн шиг ээ маасайж явахад хувь дутсан бусад нь орон нутгийн сонгуулиар шархаа нөхөхөөр гэтэцгээж байна.
Аль ч янханд ичих нүүр, зовох сэтгэл, гэмших харамсал байх биш дээ, ямар.
Эх сурвалж: "Өглөөний Сонин"