logo
Ямааны эрх /шог өгүүллэг/

Ямааны эрх /шог өгүүллэг/

2012/10/17
Халтарынх ямаа олонтой айл. Зуд турхан болоогүй болохоор сүүлийн жилүүдэд малын нь тоо толгой өсөн нэмэгдэж, “Мянгат малчин” гэх юу ч биш, мянгат ямаачин болсон айл. Хэдэн ямааныхаа буянд ноолуураа дойлуур болгож чадаагүй ч гэсэн юань болгож чадсан эрхэм. Аймаг сумаас дарга нар тэднийд заавал ирнэ. Намрын адаг сарын эхний нэгэн өдөр жийп машин гадаа нь давхин ирлээ. Тэд тавуулаа бөгөөд сумын Засаг дарга, мал эмнэлгийн байцаагч, үл таних нэг монгол бас зүс буруу хоёр хүн байв. Засаг дарга мэнд усаа мэдсэний дараа хэлж байна.

-За Халтар гуай, танай ямаа их өслөө. Та манай сум байтугай, дэлхийн анхаарлыг татаж байгаа. Танай ямаан дээр туршилт хийхээр гадаад улсаас мэргэжилтэн ирээд байна. Танд ашигтай, цаашилбал сум, аймгийн нэр, улмаар улсын нэр гаргах гээд байна. Чи юм үзэж нүд тайлсан, мянгат ямаачин хүн учрыг ойлгох биз. Танай ямаанаас тав арвыг авч гадаад улсын мундаг ухны гүн хөлдөөсөн үрээр зохиомол хээлтүүлэг хийх саналтай байна гэв. Халтар зүүн гараараа сахлаа имэрснээ, жуумалзан,

-Тав арван ямаа ч яахав, болох л байлгүй. Ямаанууд маань ухна харайхгүй болохоор мэдрэх болов уу даа, ха ха гэж наргиа болгон үг чулуудав.

Мал эмнэлгийн байцаагч Гандөш:
-Юун сүртэй юм, ямар хүн биш! Мал болохоор таашаал авсангүй энэ тэр гэж гомдол мэдүүлэхгүй шүү дээ гэж мэдэмхийрлээ. Засаг дарга хоолой засаад, Халтарт хандан:

-Гадаадын мэргэжилтэн танай ямаанаас өөрийн нүдээр сонгож авна. Та ямаагаа эртхэн хотлуулахыг бод гэв. Тэр шөнө Халтарын нойр хулжиж жаал тэлчилж байснаа нам унтжээ. Хамгийн их сүүтэй тулман хөхт, хурц эвэрт хув хөх ямаа нь хүний хэлээр ярьж байх юм гэнэ.

-Би мянган ямаан дотроо хамгийн журамтай нь. Гэтэл өөр эцгийн ишиг төрүүлсэн гэж сүргийн эзэн улаан ухна намайг мөргөж, хэвтрээс хөөгөөд амар заяа үзүүлэхээ болилоо. Өдөр өнгөрөх тутам төрүүлсэн ишиг минь том болж байгаа ч шал өөр хэлээр яриад байх юм. Иймийн учир сүргийн эзэн улам ихээр дарамтлах боллоо. Хүмүүс та нар өөрсдөө хүний эрх гэцгээдэг. Ямаа би яагаад ямааны эрхээ эдэлж болдоггүй юм бэ? Надаас ноолуур, сүүгээ л авна биз. Миний амьдрал хэцүү байна. Халтар гуай та л энэ бүхэнд буруутай. Би тантай тооцоо бодно гэж хэлээд нүд нь улаанаар эргэлдэн цоройсноо ухасхийлээ.

Зүрх нь амаараа гарах шахсан Халтар гуай тэлчлэн, сэрж ядан нүдээ нээвэл үүр манхайтал цайсан байв. Морь харангаа хотоо эргэвэл сүргийн эзэн улаан ухна болоод тулман хөхт сэлмэн эвэрт хув хөх ямаа хоёр нь нэг хэвтэрт уур савсуулан унтаж харагдлаа.

Д.Сэрээтэр
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш