Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Сүххуягийг “Өглөөний зочин”-оор урилаа. Урлагт хайртай монголчуудын дийлэнх нь түүнийг гавьяат жүжигчин гэхээсээ илүү Батмөнх даян хаан гэдгээр нь л сайн мэддэг.
Түүний тавь хэвийсэн насных нь босгон дээрээс цэл залуухан сэтгэл зүрхнийх нь цэцэгт нуга руу хараа бэлчээж, эгэл даруухан амьдрал дунд нь түр саатав.
-Таныг “Соён гэгээрүүлэгч” телевизэд орчуулгын кинонд дуу оруулагчаар ажиллаж байгаа гэж сонслоо. Бүгдийн нүдний өмнө байдаг хүн дэлгэцийн ард орчихоор хэр өөрчлөлт орж байна вэ?
-Хамгийн сүүлд Оросын олон ангит “Тээвэрчид” кинонд дуу орууллаа.
Адилхан л жүжигчний мэргэжил шүү дээ. Гэхдээ дэлгэцийн урлагаасаа бүр хөндийрчихөөгүй шүү. Хамгийн сүүлд Батхүү гэдэг нэгэн залуугийн дууны клипэнд тоглолоо. Төв аймгийн Эрдэнэ суманд зураг авалтаа хийсэн.
Мөн “Цахлай зөвхөн нисэхийг хүсдэг” 40 ангит кинонд тоглож байгаа. Надад нэг сайхан мөрдөн байцаагчийн дүр ногдсон. Өнгөрсөн хавар Кино урлагийн дээд сургуулийг төгссөн хэсэг залуус нэг кинонд нас тогтсон, сайхан эцэг хүний дүр бүтээх санал тавьсан. Зураг авалт нь хараахан эхлээгүй л байна.
-Эрэлт ихтэй байгаа юм байна даа?
-Ажлын баг бүрэлдэж байж л чанартай уран бүтээл төрдөг. Тиймээс санал тавьсан бүхэнд зөвшөөрөөд байхгүй л дээ. Ажлын баг, зохиолын агуулга, өөрт оногдсон дүрээ харж байж тухайн кинонд тоглох эсэхээ шийддэг.
-Анх жүжигчний мэргэжлийг сонгохдоо та юу мөрөөдөж байв. Мөрөөдлөө биелүүлж чадсан уу?
-Жүжигчин, уран бүтээлч хүн ямар ч дүрийг голж, шилдэггүй. Ерөөсөө тэгж ч болдоггүй хуультай. Дүрээ яаж үзэгчдэдээ хүрэх вэ гэдэгтээ санаа тавих нь л чухал. Найруулагч “Чи л энэ дүрийг бүтээж чадна” гэсэн итгэл хүлээлгээд өгвөл яаж ийж байгаад бүтээх л хэрэгтэй.
Багш нар маань ч “Уран бүтээлч хүн нийгмийн хөгжлөөс нэлээд хэдэн алхмаар түрүүлж явах ёстой” гэж сургадаг. Урлагийн буянаар бүтээсэн дүрүүд маань ард түмний сэтгэлд хүрч байгаа нь миний мөрөөдөл биелж байгаагийн илрэл гэж боддог. Сайн, муу аль ч дүрийг үзэгчдэд хүргэж чадах нь л миний мөрөөдөл шүү дээ.
-Хүн бүр таны бүтээсэн дүрүүдээс аль нэгийг хайрладаг байх. Харин та ямар дүрээр ард түмнийхээ сэтгэлд мөнхрөхийг хүсдэг вэ?
-Би ямар ч дүрийг бүтээх үедээ “Энэ дүрээрээ л мөнхөрчих юмсан” гэж бодож байсангүй. “Чанартай сайн бүтээчих юмсан” л гэж боддог байлаа. Ардын жүжигчин А.Очирбат гуайг хүмүүс Итгэлт баянаар төсөөлдөг шиг намайг Батмөнх даян хаан гэдэг. Тэгэхээр энэ дүр маань дүр ард түмэнд илүү хүрсэн юм болов уу. Чиний хэлснээр хүн бүр л намайг ямар нэгэн дүрээр минь хайрладаг байх. Харин миний хувьд бүтээсэн дүр бүрээ хайрладаг.
-Та хүний амьдралд тохиолдож болох бүхнийг л үзэж тууллаа. Өөрийгөө ер нь амьдралыг хэрхэн туулж яваа гэж боддог вэ?
-Хүн үргэлж магтуулж эсвэл муулуулж амьдарна гэж байхгүй шүү дээ. Алдаж, онож, сөхөрч, тэмцэж л байдаг. Би өөрийгөө амьдралын хуулиар л явсан гэж боддог. Өнгөрүүлсэн амьдралаа эргээд харахад нэг их харамсаж, харуусаад байх зүйл байхгүй. Овойж товойтол магтан сайшааж, бахархан гайхуулаад байх зүйл ч ховорхон. Хүний амьдрал гэдэг чинь ороо бусгаа шүү дээ. Зарим хүн бурхны зурсан зургаар л явж байна гэж ярьдаг даа. Би үүнтэй санал нийлдэггүй. Хүн ухаанаараа л амьдралаа зурдаг гэж боддог.
-Алдар нэр, амгалан тайван байдал хоёр нэгэн дээвэр дор багтдаггүй гэдэг. Олны танил байх нь тээртэй ч юм шиг санагдах үе тохиолдож байв уу?
-Үгүй. Нэг кино, жүжигт тоглох нь амьдралын нэг дээд сургууль төгссөнтэй тэнцдэг гэдэг. Бүхнийг ухаанаараа л авч явахыг хичээдэг. Би зарим хүнтэй адил эд хөрөнгөнд шунаж явсангүй. Харин эзэмшсэн мэргэжилдээ л эзэн болж явах юмсан гэж чин сэтгэлээсээ хүсдэг.
-Ажил болон амьдрал дээр гаргасан алдааныхаа төлөө өөрийгөө зэмлэдэг үү?
-Тоглосон дүрүүдээ эргээд харахад дүр бүхэнд л дутуу дулимаг зүйл анзаарагддаг. Гэвч нэгэнт хүмүүсийн сэтгэлд хүрчихсэн дүрийн алдаа эндэгдлийг одоо сөхөж ярих нь илүүц биз.
Амьдралд зөрчил маргаан гаралгүй л яах вэ. Гэр бүлийн асуудлаа ажил албатайгаа хольж хутгаад байвал эгэл хүн амьдралын энэ их ачааллыг даахгүй шүү дээ. Театр хэмээх ариун сүм рүү амьдралын ачааллаа тээгээд орж болохгүй. Тэгвэл яаж дүрдээ орж, дүрээ үзэгчдэд хүргэх вэ дээ. Тиймээс театрын хаалганы гадна амьдралын зовлон бэрхшээл, элдэв асуудлаа орхих хэрэгтэй.
-Хүн бүр баримталдаг зарчимтай байдаг ч амьдралын эрхээр зарчмаасаа хазайх үе тохиолддог. Та баримталдаг зарчмаасаа хэр хазайсан бол?
-Хазайх, бүдрэх, гуних, гутрах үе байсан. Гэвч хүн алдаан дээрээ дөрөөлөөд босч чаддаг байх ёстой. Тэгэхгүй, “Би өнгөрсөн хүн” гээд сэтгэлээр уначихвал өндийж босч чадахгүй, амьдралд улам л дарлуулна шүү дээ.
Намайг бүдрэх үед ойр дотны хүмүүсийн маань надад өгсөн итгэл л үргэлж татаж босгож байсан. 1987 онд “Хайрыг хайрла” жүжигт тоглосныхоо дараа дөрвөн ч удаа хагалгаа хийлгэсэн. Түүний дараа үйлдвэрчний хорооны даргаар ажиллаж байхдаа “Би ч эргээд тайзан дээр гарахгүй дээ” л гэж бодож явлаа. Гэтэл хамт олон маань намайг жилийн дараа урлагийн алтан тайзан дээр гаргасан.
“Мандухай сэцэн хатан” киноны дараа осолд орчихоод байхад Балжинням багш маань “Чилүгэнд тогло” гэж их урам, итгэл өгсөн. Тэр үед би жүжигчнээс өөр ажил хийж чадахгүйгээ ойлгосон. Энэ л сайхан хүмүүс, ард түмний минь итгэл намайг өөрийгөө ялан дийлэхэд тусалсан даа.
-Өөрийгөө ялан дийлэх гэдгийг та яг ямар утгаар хэлэв?
-Ганцаардлыг даван туулснаа л өөрийгөө ялсан гэж ойлгодог. Ганцаардах үед өнгөрсөн амьдралынхаа алдаа, оноог цэгнэж, ирээдүйгээ төсөөлөн бодож, төлөвлөгөө гаргадаг. Их ч ухаарлыг олж авдаг. Гэвч хамгийн аймшигтай зүйл нь ганцаардал. Тиймээс ч энэ бүхнийг даван туулж, өөрийгөө ялж чадсандаа хязгааргүй их баярладаг.
Бодож төлөвлөсөн зүйлээ амьдралдаа хэрэгжүүлж чадалгүй зориг мохох үе ч гарч л байсан.Гэвч хүн ганцаараа бэрхшээлийг даван туулж чадахгүй шүү дээ. Тэр дундаа жүжигчин гэдэг ганцхан авьяасаар бүтдэг ажил биш. Сайн хань, үр хүүхэд, үнэнч нөхөд, сайхан багш нарынх тус дэмээр л өндийж босдог. Хамт олон л хүнийг засч хүмүүжүүлдэг юм билээ.
-Та дээр жүжигчнээс өөр ажил хийж чадахгүй гэж хэлсэн. Гэвч амьдрал хүнийг олон зүйлд сургадаг шүү дээ?
-Эр хүний хийдэг юм бүрийг л чадахыг хичээдэг. Гэхдээ алх дөш барьж, дархан мужааны ажил хийхдээ нэг л эв хавгүй шүү. Амьтны хамраас цус гаргаж огт үзээгүй.
Уг нь би наймдугаар ангиа төгсчихөөд, сельсерь хийж байсан хүн. Одоо бол машин ч барьж чадахгүй шүү дээ. Бас жүжигчин болохоосоо өмнө зураач болохыг хүсдэг байлаа. Жүжигчин болсныхоо дараа дүрийн зургаа гаргачихдаг л байсан. Уран зурагт дуртай болохоор зураач найз ч олонтой. Ер нь ном л намайг жүжигчний мэргэжил рүү хөтөлсөн дөө. Жүжигчин хүн юм бүхнийг чаддаг байх ёстой болохоор ажил ажлын л захтай болсон гэж боддог юм.
-Залуу жүжигчдээс мөрөөдлийн дүрийг нь асуухаар ямар нэгэн сайхан бүсгүй, баатар эрийг нэрлэдэг. Таны мөрөөдлийн дүр тэднийхээс арай өөр байх болов уу гэж бодлоо?
-Жүжигчид гэдэг хүн судлаачид шүү дээ. Тиймээс би жинхэнэ дүр бус хүнийг л бүтээхийг хичээдэг. Би тоглосон дүр бүрээс минь хүмүүс өөрийгөө олж хараасай гэж хүсдэг юм.
-Таныхаар жинхэнэ хүн ямар байх ёстой вэ?
-Хүн бурхны юм уу, хувь заяаны төөрөгт итгэх бус өөрийнхөө ухаанд найдаж амьдрах хэрэгтэй. Хүн өөрийгөө хэрхэн авч явж байгаагаар нь л хүн байж чадаж байгаа эсэхийг нь дүгнэдэг шүү дээ.
-Хүүхдүүд тань таны хүссэнээр хүмүүжсэн үү?
-Хүүхдүүдээ өөрийнхөө хүссэнээр байлгаж болохгүй л дээ. Учир нь, миний өссөн болоод өнөөгийн нийгэм хоёр тэс өөр. Хүн өөрөө л амьдарч буй орчиндоо хүн байж, өөрийгөө хүмүүжүүлэх ёстой юм болов уу гэж боддог. Азаар миний дөрвөн хүүхэд хулгай хийж, худал хэлэхгүй, түмэндээ тустай, мэргэжилдээ эзэн болоод л явж байна. Үүнээс илүү юу хүсэх вэ. Заавал алдар нэртэй болж, эсвэл аав шигээ жүжигчин бол гэж би шаардахгүй.
-Та олон сайхан багшийн тухай л ярих юм. Өөрт тань олон сайхан шавь бий биз?
-Би нэг ч удаа багшилж үзээгүй. Харин Д.Сэдэд багшийнхаа отгон шавь. Багш маань Ц.Төмөрбаатараас эхлээд олон шавьтай. Гэхдээ л намайг сүүлчийн шавиа гэж хэлдэг байсан. Би багшаасаа их юм гуйдаг байлаа. Тайзан дээр гарчихаад “Багш аа, та өөрөө тоглоод үзүүлчих” гэхээр “Чи Сэдэдийн сармагчин болох гээ юү” гэдэгсэн. Тэгээд л би “Хүн өөрөөрөө л байх хэрэгтэй юм байна” гэдгийг ухаарсан даа. Тиймээс нэг ч удаа багшилж үзээгүй. Яах юм бэ. Сүххуягийн баахан сармагчин гараад ирэх ч юм бил үү.
-Та бол түүх бүтээсэн хүн шүү дээ. Магадгүй амьдралаас олж авсан ухаарал, сурсан зүйлсээ өрөөлтэй хуваалцах хэрэгтэй байх?
-Хүний амьдрал өөрөө түүх. Дүрүүд бол зохиол. Би амьдрал дээрээ бас өөрийнхөө түүхийг бүтээсэн. Тэр 13 дугаар зууны түүхийг тухайн үед ард түмэнд хүргэж чадсанаараа би мөнхөрч болно. Энэ бол түүх бүтээсэн хэрэг биш. Миний мэргэжлийн онцлог юм даа.
Эх сурвалж: "Өглөөний Сонин"