logo
 Хоолонд хордох гэж жилд 5-7 сая төгрөг төлөөгүй биз дээ...

Хоолонд хордох гэж жилд 5-7 сая төгрөг төлөөгүй биз дээ...

2012/10/17

Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургуулийн 200 гаруй хүүхэд үдийн хоолонд идсэн бэрээсэндээ хордож, бөөн шуугиан дэгдээж байсан нь саяхан. Гэтэл хэрэг явдал намжаагүй байхад шахам Мон­голын хамгийн өндөр төл­бөр­тэй, цэвэр ашгийн төлөө ажил­­ладаг “Орчлон” сургуулийн сурагчид үдийн цайндаа хор­дож, аюул тарих шахлаа. Хүүхдүүд хордсоны дараахан эцэг, эхчүүд гомдол гаргаж, Мэргэжлийн хяналтын газраас хяналт, шалгалтаа эхэлсэн юм билээ. Гэхдээ эхлээд “Орчлон” сургуулийн удирдлагууд “Сураг­чид ханиад хүрсэн” мэтээр худлаа мэдээлэл гаргаж байсан. Тэнгэрт тулсан өндөр төлбөртэй, Монголын баянд тооцогдох хүмүүсийн хүүхэд сурдаг сургууль болохоор нэр хүндээ бодсон биз. Яаж үдийн хоолондоо хүүхдүүд хордсон гээд хэлээд сууж байх вэ дээ, аргагүй.    Гэхдээ л “даравч далдайна, булавч бултайна” гэгчээр  ХӨСҮТ-ийн Тандалт судлалын тасгаас гаргасан анхан шатны шинжилгээний хариугаар сурагчид нянгаар үүсгэгдсэн хоолны хордлогоор өвчилсөн болох нь тогтоогдсон байна. Үндсэндээ  сурагчид нянтай хоолонд хордсон болох нь батлагдсан гэсэн үг. Мэргэжлийн хүмүүс тэгж тогтоосон шүү.  Энэ бүхэн “Орчлон” сургуулийн захирал, эрхэм хатагтай Д.Батмөнх хүүхдүүдэд дэндүү хайнга хандсаныг гэрчилсэн хэрэг боллоо. Нөгөө талаар өндөр төлбөртэй л бол тэр сургууль дэлхий сөнөхөд ч үлдэх юм шиг санадаг эцэг, эхчүүдийн андуу бодож байсныг сануулах шиг болов.


 
Бэрээс, боовонд буруу тохох юм биш биз

34 дүгээр сургуулийн хүүхдүүд бэрээс идсэнээс болж хордлого авсан. Гэтэл “Орчлон” сургуулийн сурагчид ч гэсэн бэрээс идсэнээс болж хордсон байх юм.  Уг нь сургууль өөрсдөө гал тогоотой, үдийн хоолоо өөрсдөө бэлтгэдэг юм гэсэн.  Аргагүй биз дээ, дунд сургууль гэхэд жилийн 5-7 сая төгрөгийн төлбөртэй хойно ганц гал тогоо зэргийн юмыг байгуулчихаж чадахгүй л байв гэж. Гэхдээ 34 дүгээр сургуулийн хүүхдүүдтэй адил бэрээснээс хордсон нь сонирхол татаад байгаа юм. 34 дүгээр сургууль бол өөрсдөө гал тогоогүй. Хоол иддэг нэг жижиг гуанз маягийн юм байсан. Тэндээ өдгөө хоёр дахь жилдээ хамтарч ажиллаж байгаа “Сант нөмрөг” компанийнхны бэлтгэж ирсэн бэрээсийг идсэн тухай сургуулийн удирдлагууд хэлж байсан. Мэдээж улсын төсвөөс багахан хэмжээний мөнгө баталж өгч байгаа хойно тухайн компани хамгийн чанартай цагаан будаа, үзэм энэ тэрийг авч, бэрээс хийгээгүй нь лавтай. Тиймээс хордлогын бурууг цагаан будаа руу чихэж болох юм. Харин “Орчлон” сургуулийн удирдлагууд яг энэ жишгээр, цагаан будаа, боов руу чихэх вий дээ гэж айж байна. Тэдэнд бэрээс хийсэн будаа, хольцонд орсон үзэм, элсэн чихэр, даруулга болгож өгсөн боовноос буруу хайх эрх байхгүй.  Тав тухтай, найдвартай орчинг бүрдүүлж, хүүхдүүдэд нь чанартай боловсрол эзэмшүүлнэ гэж эцэг, эхчүүдээс жилдээ хэдэн мянгаар тоологдох ам.доллар авч байгаа сургууль тэр хэрээр чанартай бүтээгдэхүүнээр үдийн хоолоо хийх ёстой. Гэтэл хүүхдүүд нь чанаргүй хүнсний бүтээгдэхүүнээр хийсэн хоолонд хордож байна гэдэг юу гэсэн үг вэ. Мөнгөө хэмнэх гэж хар зах дээрээс чанаргүй хүнсний бүтээгдэхүүн аваагүй л юм бол ингэж хордмооргүй юм. Яаж ч бодсон ингэж хардах сэтгэл өөрийн эрхгүй төрөөд л байгаа юм даа. Хэрвээ чанартай хүнсний бүтээгдэхүүн авч, түүнийгээ шинжилж барьдаг бол хүүхдүүд хоолноосоо хордоод байж байх уу. Бас бодох л зүйлийн нэг.  Ямар ч байсан цагаан хоол идэж, буян хураах гэсэн сурагчид ийн хордчихоод байна. “Орчлон” сургуулийнхан мягмар гарагт хүүхдүүддээ цагаан хоол өгдөг юм билээ. Тэр уламжлал ёсоор өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт бэрээс хийж өгөхгүй юу. Гэтэл маргааш нь  30 гаруй сурагчийн  гэдэс нь базлан, халуурч, бөөлжөөд хичээлдээ ирж чадаагүй юм билээ.  Улмаар шинжилгээгээр  16 сурагчаас гэдэсний халдварт нян илэрсэн бөгөөд гурван сурагч ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлэх шаардлагатай болсон гэж байгаа.



“Уучлаарай” гэдэг үг хариуцлагын дэргэд дэндүү "жулдана"

“Орчлон” сургуульд Мон­голын нэр төртэй эрхмүүдийн хүүхэд сурдаг. Тэд мөнгөө үрж ядсандаа хүүхдээ өндөр төлбөртэй сургуульд сургаж, бие биетэйгээ барьцаагүй нь тодорхой. Хамгийн сүүлийн үеийн сургалтын хөтөлбөр, тав тухтай орчин, хамгийн гол нь аюулгүй, найдвартай гэдгийг нь харж, олон сая төгрөг зарцуулан байж тэр сургуульд сургаж байгаа байх. Гэтэл өнөөх найдвартай орчин нь хүүхдүүдийг хоолны хордлогод оруулаад л байж байна.   Тэгээд бантахдаа сургуулийн бүх сурагчдыг эрүүл мэндийн үзлэгт оруулсан. Гэхдээ цагаан хорхойны шинжилгээ авсан тухай эцэг, эхчүүд ярьж байсан.   Ёстой нөгөө, “ичсэн хүн хүн ална” гэдэг шиг юм болж байгаа нь тэр. Хүүхдүүдэд чанаргүй хоол өгч хордуулчихаад, дараа нь цагаан хорхойтой байна уу, үгүй гэдгийг нь шинжилнэ гэдэг чинь доромжлол биш үү.  Тэгээд ч  сургуулийн удирдлагууд “Манай сур­гуулийн удирдлагуудын зүгээс нийт сурагчид, эцэг эхчүү­дээс уучлалт  хүсч байгаа”  гэж хээвнэг мэдэгдэж байсан. Яаж ч бодсон тэдний хангаж ажиллах ёстой аюулгүй байдал, төлбөртөө нийцсэн хариуцлагийн дэргэд “уучлаарай” гэх үг дэндүү жулдана. Учир нь хордсон хүүхдүүдийн эцэг, эхийн өгч  байгаа мэдээллээс үзвэл энэ нян хүүхдийн биед үлдэж, хор хөнөөл учруулдаг шинэ нян байх магадлалтай гэнэ. Хэрвээ хордлого авсан хүүхдүүд цаашид байнга өвдөж, элдэв хоол хүнснээс амархан хордлого өгөөд байдаг болчихвол яах вэ. Хэн хариуцлага хүлээх вэ гэдэг асуудал урган гарна.  
Өнөөдөр хэн мөнгөтэй, баян цатгалан, эрх мэдэлтэй байх нь хамаагүй. Тэд хүн, үр хүүхэдтэй, хүүхдийнхээ төлөө санаа зовдог, эрүүл аюулгүй орчинд амьдруулж, чанартай боловсрол эзэмшүүлэхийн төлөө зүтгэдэг. Тэр ч утгаараа тэдний, бидний, төлбөр төлөх чадвартай хүмүүсийн сонголт “Орчлон” сургууль байсан нь мэдээж. Гэхдээ тэр том итгэлийг хүүхдийг нь хордуулж алдсаныхаа төлөө “Орчлон” сургуулийнхан уучлал гуйхаас өөр зүйл хийх ёстой юм шиг санагдана.



Боловсролын салбараар бизнес хийгчдийг хазаарлахсан

 “Орчлон” сургуулийн захирал Д.Батмөнх хатагтайг MCS-ийн захирал Ж.Оджаргалын гэргий гэдгийг мэдэхгүй хүн байхгүй байх. Тэгвэл Монголыг тэр чигт эзэгнэсэн, бүх салбарт эзэн суусан MCS-ийн захирал Ж.Оджаргалын боловсролын салбарт дайралт хийсэн арга нь “Орчлон” сургууль. Мөнгөтэй хүн юугаа хийх нь өөрийн дур байдаг байх. Гэхдээ боловсролын салбараар, хүүхдийн сурч боловсрох эрхээр бизнес хийж байгаа нь арай л дэндүү, увайгүй хэрэг юм шиг санагдана.   Хүн идэх гурил, махаа худалдаж авах ёстой. Өмсөх хувцас, амьдрах орон гэрээ ч худалдаж авах хэрэгтэй. Гэхдээ "А" үсэг сурахын тулд мөнгө төлж байгаа нь, бяцхан үрсийн сурч, мэдэх тэмүүллээр бизнес хийж байгаа нь арай дэндсэн хэрэг биш үү. Өнөөдөр Монголын их, дээд сургуулиудын төлбөр сайн даа 2-2.5 сая төгрөг байгаа. Хамгийн өндөр өртөгтэй нь шүү. Гэтэл “Орчлон” сургуулийн төлбөр оюутнуудыг ичээхээр байгаа. Ингээд ирэхээрээ л энэ бизнес болж хувирч байна. Болдогсон бол боловсролын салбараар бизнес хийгчдийг хазаарлах юмсан. Нийслэлийн захын сургуульд сурсан ч, олон сая төгрөгийн төлбөртэй сургуульд сурсан ч бэрээсэнд хордоод байвал ямар ялгаа байна. Тийм биз дээ, Л.Гантөмөр сайд аа.

О.Уянга
Эх сурвалж: "Монголын Мэдээ"

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш