Мөн ч удаан хүлээсэн дээ
2012/10/18
Удтал хүлээсний эцэст нийслэлчүүд шинэ гүүрэн гарцаа хүлээж авлаа. Бид төмөр замаар хотын хойд, урд хагаст хуваагдан, өглөөнөөс үдэш хүртэл 3-4 гүүрэн гарцаар чихэлдэн хагас зууныг элээжээ. Харин одоо өдөрт 30 мянган машин чөлөөтэй зөрөлдөх боломжтой шинэ гүүртэй болсон нийслэлчүүд “Мөн ч удаан хүлээсэн дээ” гэх ч, баяртайгаа хүлээн авлаа.
Тус гүүрийг хүлээлгэн өгөх хугацаанаас нь гурван долоо хоногийн өмнө өгч байгаа нь энэ аж. “Нар”-ны гүүрний нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Зам, тээврийн сайд А.Гансүх, Япон улсаас манай улсад суугаа Элчин сайд Такинори Шимизү болон албаны хүмүүс, иргэдийн төлөөлөл оролцлоо. Нээлтийн үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Хүмүүс энэ гүүрэнд “Нар”-ны гэх нэр өгсөн байна лээ. Үнэхээр оносон нэр гэж бодож байна. Монголчууд бид “Тэмээн дээрээс наран ойрхон” гэж дуулдаг, ярьдаг. Тэгвэл их Наран улсын байгуулсан энэ гүүрнээс ч нар ойрхон харагдахаар болжээ. “Нар”ны гүүр ашиглалтад орсноор нийслэлд олон талын ач тустай. Өөрөөр хэлбэл, хөгжил, дэвшлийн гүүр байх болно гэдэгт итгэж байна” хэмээсэн юм.
“Нар”-ны гүүр анх баригдаж эхэлсэн цагаас олны анхаарлыг татсан шигээ өөрийн гэсэн давуу тал олонтой аж. Замын амин сүнс гэгддэг ус зайлуулах байгууламж, явган хүний зам, гэрэлтүүлэг, зам тусгаарлагч шугам зэрэг нь нийслэлийн бусад авто замаас илүү харагдаж байв.
Гүүрний ажлыг Японы инженерүүдийн зураг төслийн дагуу хийсэн бөгөөд шаардлагатай техник хэрэгслүүдийг ч тус улсаас авч ирж ашигласан байна. Түүнчлэн манай улсын цаг уурын нөхцөлийг тооцоолж, замын уулзварт олон өнгийн чулуун дэвсгэрийг хийж өгчээ. Энэ нь гүүр өөд өгсөх, уруудахад шарвах, хальтрах, гулгаахаас урьдчилан сэргийлэх аж.
Япончууд нарны замд анх 10 жилийн баталгаа өгч байсан. Баталгаат хугацаанд зам эвдэрч, хагарсан зүйл гараагүй гэхэд болно. Харин “Нар”-ны гүүрэнд 20 жилийн баталгааг ам бардам өгч байв. Итгэл дүүрэн энэ амлалт гүүр хэр баталгаатай, бат бөх болсныг илтгэж байлаа.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.