logo
Ш.Гүрбазар өөртэйгөө зөвшилцөж, “Ганнам стайл”-дав

Ш.Гүрбазар өөртэйгөө зөвшилцөж, “Ганнам стайл”-дав

2012/10/18
Улсын драмын эрдмийн театрын танхимд инээд “айлчилжээ”. Танхим дүүрэн цугларсан хүмүүсийн ихэнх нь тавь орчим насныхан байв. Тэд нүд, сэтгэл хоёроо тайзны зүг бэлчээн, нулимсаа гартал инээлдэж сууна. Гэвч инээдэн дундаа огцом зогсолт авч, хэсэг зуур бодолд автах үед танхимд ялаа ниссэн ч сонсогдохоор нам гүм болох аж. Ийнхүү “учиртай инээд”-ээр үзэгчдэдээ бэлэг барьсан хүн нь Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Ш.Гүрбазар. Тэрбээр хүний амьдралд тохиолдох хар барааныг бус гэрэл гэгээтэй бүхнийг хөнгөн хошигнолоор хүүрнэж байв. Гэвч түүний ярьсан бүхнээс нь үзэгчид бодож эргэцүүлж, тунгаан шүүх бодрол “шүүрдэж” байлаа. Гүрээ ах хүүхэд насны гэнэн хэрнээ сургамжтай дурсамж, хожим эргэж бодоход инээдтэй ч юм шиг хэрнээ ухаарал хайрласан учралууд, хүний сайхан сэтгэлийн талаар үзэгчидтэйгээ хоёр цаг гаруй хугацаанд хөөрөлдөв. Гэвч тэрбээр ганцаараа л яриад байсангүй. Үзэгчдэдээ амсхийх боломж олгож, хоржоонтой наргианыхаа дундуур гитар, саксфон, хийл хөгжмийн эгшгээр сонор мялаасан юм. Хийлч Ч.Дэлгэрцэцэгийн тоглосон “Хэнтийн өндөр ууланд”-ын аянд Ш.Гүрбазарын уншсан эх орны сэдэвт шүлгийн эвлүүлэг үзэгчдийн сэтгэлд хамгийн их хүрсэн. Мөн үзэгчдээ дотны хүнээ гэж бодоод, амьдралынхаа нарийн ширийн, нандин дурсамжуудыг хүүрнэж зогссон Гүрээ ах гэнэт өөртэйгөө ярилцахаар шийдсэн нь олон хүний гайхширлыг төрүүлэв. Тайзны хоёр талд байрлуулсан том дэлгэцнээ хар хувцастай, асаалттай тамхи гартаа барьсан Гүрээгийн дүр тодров. Тэрбээр тун ч гундуухан яваа бололтой. Харин Ш.Гүрбазар тайзан дээрх сандал дээр тухлан суугаад, түүний сэтгэлийг засахыг оролдоно. Өөдрөг Гүрээ, гутранги Гүрээг ятгаж байна. “Амьдрал сайхан шүү дээ. Чи өөрийнхөө тухай өөдрөг бодолтой яв л даа. Сайхан бүсгүйг шохоорхон хардаг шигээ, хамгаас хайртай ижийдээ очоод хамгийн нандин нууцаа ярьдаг шигээ өөрөөрөө бай л даа” гэнэ. Харин гутранги Гүрээ “Үгүй ээ. Болохгүй байх аа. Энэ хүмүүст миний ярьж байгаа зүйл таалагдахгүй байгаа юм биш үү. Би энэ олон хүний итгэлийг ганцхан оройн дотор ингээд хугалчихаж байгаа юм биш биз дээ” гээд уйтгарлаж сууна. Үзэгчид алга нижгэнүүлэн ташив. Хоёр Гүрээгийн нүд сэргээд ирлээ. Тэд амьдралын сайн сайхан талыг олж харсан бололтой. Ингээд яг одоо залуусыг байлдан дагуулж байгаа “Ганнам стайл”-ын бүжгийг бүжиж эхлэх нь тэр. Ш.Гүрбазар нэгэн удаа Зурагтын автобус хүлээгээд зогсож байжээ. Гэтэл Гандангийн хашааны буланд хоёр залуу ар­хи ууж зогсов. Тэд Гүрээг таниад, гар барьж, мэндчилээд, ууж байсан архинаасаа өгч гэнэ. Гавьяат ч эрээлж цээрлэлгүй өнөөх архинаас нь амсчихаж. Гэтэл өнөөх хоёр залуу хачин их сандралдаж, “Гүрээ ах минь, та олны танил хүн. Ингэж болохгүй. Алив цуваа толгой дээгүүрээ нөмөр” хэмээжээ. Гүрээ ах өдгөө Улсын драмын эрдмийн театрын тайзан дээрээс тэр хоёр залууд талархлаа илэрхийлж зогсоно. Тэрбээр тавдугаар ангийн бяцхан хүү байхдаа “модны хулгайч”-аараа цоллуулан, хүүхэд бүрийн зол жаргалын өдрийг тэмдэглэх “эрхээ хасуулж” байсан цагаа дурслаа. Энэ түүхээр Гүрээ “Хүүхдийг хэзээ ч хүүхдийн бая­раар яллаж болохгүй” хэмээх сануулгыг зарим хүний чихнээ чангаар хашхирч хэллээ. “Ш.Гүрбазарын хошигнолын үдэш”-д зочлогсод түүний “хоржоонтой наргиан”-ыг сонсон нулимсаа гартал инээв. Гэвч тэдний инээдэн дунд Гүрээ ах гэнэт пауз өгч, сэтгэлд шивсэн ганцхан өгүүлбэр хэлнэ. Тэр ганцхан өгүүлбэрээс хүн бүр өөрийгөө олж харж байлаа. Инээх гэж Улсын драмын эрдмийн театрын гэгээн танхимыг зорьсон хүмүүс ийнхүү үгээр илэрхийлж, үзгээр бичишгүй нэгэн нандин зүйлийг сэтгэлдээ тээгээд, гэр гэр рүүгээ одсон юм. Өглөөний сонин
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш