logo
Ерөнхий сайд Шинэчлэлийн баатруудтай оройн зоог барилаа

Ерөнхий сайд Шинэчлэлийн баатруудтай оройн зоог барилаа

2012/10/18
 Ерөнхий сайд Н.Алтанхуяг 2012 оны 10 дугаар сарын 16-ны үдэш дөрвөн эрхмийг урьж хамтдаа оройн зоог барилаа. Эдгээр иргэд түүний хувьд эрхэм зочид бөгөөд тэднийг Шинэчлэлийн баатрууд гэж Ерөнхий сайд  нэрлээд байгаа юм. Ерөнхий сайд шинэчлэлийн баатруудтай сар бүр ийм уулзалт, оройн зоог барихаар төлөвлөсөн бөгөөд зочид нь мэдээж өөр өөр байх юм.  
Шинэчлэлийн Засгийн газрын анхны хуралдаанаар Төрийн ордныг түмэн олондоо нээлттэй болгосон. Ийм саналыг Нийслэлийн Ардчилсан оюутны  холбооны дэд тэргүүн Намсрайжавын Батбаатар гаргасан. Түүний санаачилгын дүнд 60 мянга орчим иргэн Төрийн ордондоо зочлоод байна.  
Мөн Засгийн газрын шийдвэрээр төрийн байгууллагуудын дотоод ажлын өдрийг байхгүй болгож, өдөр бүхэн иргэддээ үйлчлэх шийдвэр гаргасан. Энэ нь “Шинэчилж шийдье-222” анхны уулзалтын үеэр “Буянт  үйлстэн” сангийн тэргүүн, мод үржүүлэгч Г.Наранчимэгийн гаргасан санал юм. Ажил хөөцөлдөөд хөдөөнөөс орж ирэхээр төрийн байгууллагууд дотоод ажилтай гээд хаалгаа барьчихсан байх юм, энэ хүнд суртлыг алга болгож өгөөч гэсэн нь ажил хэрэг болоод байгаа юм. 
Насанд хүрээгүй хүүхдүүдэд архи, тамхи, худалдаалах, үйлчлэхийг хориглох тухай хуулийн заалтыг ягштал мөрдүүлэхийг Монголын сурагчдын холбооны тэргүүн О.Сэлэнгэ хөндсөн. Энэ саналын дагуу Хууль зүйн сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарч ажиллаж буй бөгөөд хууль зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авахаар ийм төрлийн үйлчилгээ эрхэлдэг газрын эздэд нь анхааруулга өгөөд байгаа юм. 
Ажил хэрэг болсон эдгээр саналын эздийн хамт хүлэмжийн аж ахуй эрхэлж, 10 гаруй хүнийг ажлын байртай болгосон Т.Баярхүү энэ уулзлалтад уригджээ. Энэ эмэгтэй Төв аймгийн Зуунмод хотод 3000 ам.метр талбайд ногоо тариалж, 10-аад хүлэмжид улаанлооль, өргөст хэмх, хулуу, чинжүү, гүзээлзгэнэ, тарвас зэргийг тариалдаг бөгөөд иргэд гүзээлзгэнийг нь илүүтэй сонирхон худалдаж авдаг байна. Тэрээр монгол хөрсөнд ургасан амтлаг, том, улаахан гүзээлзгэний дээжээсээ авч ирж Ерөнхий сайдын оройн зоогийн ширээг чимжээ. 
Засгийн газраас гаргаж буй зарим шийдвэр шинэчлэлүүд ийнхүү иргэдээс гарсан санал, санаачилга дээр тулгуурлаж байна. Та бүхний санал санаачилгад баярлалаа. Авах хүнд нэг үг ч сургаал, орхих хүнд мянган сургаал ч улиг гэж манай ард түмэн гайхалтай хэлсэн байдаг гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг шинэчлэлийн баатрууддаа өгүүллээ. 
Сурагчдын холбооны тэргүүн О.Сэлэнгэ “Шинэчлэлийн анхны баатраар хүүхдүүд тодорсон гэж бодож байгаа. Би хүүхдүүдийнхээ саналыг л уламжилсан юм” гэж хэллээ. 21 нас хүрээгүй иргэдэд архи худалдаалахгүй, үйлчлэхгүй байх нь зөв ч энэ насныхны  чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх спорт заал, диско клуб, дугуйн болоод цанын зам зэргийг байгуулах нь зүйтэй гэдэгтэй шинэчлэлийн баатрууд Ерөнхий сайдтай санал нэг байлаа. Мод үржүүлдэг Г.Наранчимэг цэцэрлэгт хүрээлэнгүүдийг олноор байгуулж, иргэд цуглаж, уулзаж тухалдаг сайхан газрууд байгуулах нь зөв. Ийм үйлсийг би дэмжиж, мод тариалах ажлыг нь сэтгэлээсээ хийж өгнө гэж хэллээ. 
Хаврын хавсарга, зуны наранд гадаа гандаж хөлсөө урсгаж тарьсан ногоо, жимсийг ченжүүдийн гараар дамжуулахгүй, шууд хэрэглэгчдэдээ хүргэдэг байх талаар газар тариалан эрхэлдэг хоёр бүсгүй  ярилаа. Ингэвэл хэрэглэгчид хямд төсөр үнээр хүнсний ногоогоо авах боломж бүрдэнэ гэлээ. 
Сэлэнгэ, Ховд аймагт ажиллах үеэр ногоочид, тариаланчид яг ийм санал тавьж байсан. Тиймээс нийслэл хотод хүнсний ногоо хадгалах,  худалдаалах битүү зах байгуулж, ногоочид ургацаа ганцхан намар биш, жилийн дөрвөн улиралд жигдхэн борлуулдаг болгохын төлөө Засгийн газар ажиллаж байгаа гэдгийг Ерөнхий сайд хэллээ. 
Санаачилгатай, ажилсаг, нийгэмд түгээсэн сайн үйлсээрээ ялгарсан та бүхэндээ баярлалаа. Ийм иргэд олон болж байж л Монгол Улс маань хөгжинө гэсэн үгээр Ерөнхий сайд оройн зоогоо өндөрлөлөө. Шинэчлэлийн баатруудын хэн нь хэн болох тухай болон Ерөнхий сайдын оройн зоог талаарх нэвтрүүлэг 10 дугаар сарын 18-ны 21 цагаас МҮОНТ-ээр цацагдана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлллийн албанаас мэдээллээ.  
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш