Өнөөдөр Монголд хүүхэд залуучуудад зориулагдсан амралт чөлөөт цагаа өнгөрөөх газар тун цөөхөн байдаг тухай бид байнга л ярьдаг. Үнэндээ ч шинээр байгуулдаггүй юмаа гэхэд хуучин үед барьж байгуулсан барилга байгууламжаа үгүй хийлгээд, эсвэл цөөн хэдэн хүн хувийн бизнесийн зориулалтаар ашиглаж байхыг хараад суухад хэний ч сэтгэл эмтэрмээр.
Үүний нэг тод жишээ нь залуусын өөрсдийнх нь гараар байгуулагдсан, хүүхэд залуучуудад зориулагдан бүтээгдсэн Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн юм. Энэхүү хүүхдийн парк маань өнөөдөр хэсэг бүлэг хүмүүсийн, тодруулбал Монголын толгой баячуудын бизнесийн эрх ашгийн төлөө золиос болон хэдэн хэсэг хуваагдаад буй нь гашуун үнэн. Эндээс хүүхдийн паркийн газар дээр барилга байгууламж барих зөвшөөрлийг ямар байгууллага, хэн гэдэг албан тушаалтан, ямар үндэслэлээр, хэзээ өгсөн гэх мэт олон асуудал урган гарч ирж байгаа юм. Магадгүй үүний цаана томоохон авлигын асуудал ч нуугдаж буйг үгүйсгэхгүй.
Тиймээс Монголын Залуучуудын Холбоо нь монголын залуучуудын төв байгууллага болохынхоо хувьд Үндсэний Соёл Амралтын Хүрээлэнгийн газрын тухай олон жил ам дамжин яригдсан асуудлын талаар нийтэд бодит мэдээлэл хүргэх, цаашлаад энэхүү газрыг буцаан зориулалтаар нь ашиглах, олон жил энэ газрыг ашиглан бизнес хийж мөнгө олсныхоо нөхөн төлбөрт хүүхэд залуучуудад зориулсан хөрөнгө оруулалт, байгууламж барьж өгөх зэрэг асуудлууд хөндсөн тодруулга хүсэх албан бичгийг “МАК” компанийн захирал Б.Нямтайшир, “Мон Уран” компанийн захирал, УИХ-ын эрхэм гишүүн Б.Наранхүү, “MCS” группийн ерөнхийлөгч Ж.Оджаргал, “Сөүл” группийн ерөнхийлөгч У Хён Мэн нарт хүргүүлсэн билээ.
Энэхүү тодруулгын хариуг 7 хоногийн хугацаанд өгч, цахим хуудсууд, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр ил тод мэдээллэхийг хүсч байгаа юм. Дашрамд дуулгахад Монголын Залуучуудын Холбооноос албан ёсоор цахим сайтууд, фээсбүүк хуудсуудаар мэдээлснээс хойш маш олон залуучууд хүмүүс энэ тодруулгын хариуг мөн адил хүлээж байгаа нь тэдний бичсэн сэтгэгдэл саналаас харагдаж байгаа юм.
Мөн энэ асуудлын хүрээнд Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнгийн газарт ямар зөвшөөрлөөр хэн, эдгээр барилгуудыг барих зөвшөөрөл олгосон талаар албан ёсны мэдээлэл гаргаж өгөхийг Нийслэлийн захирагч, Улаанбаатар хотын дарга Э.Бат-үүлд МЗХ-ноос хүсэлт хүргүүллээ.