logo
Ким Чен Уны эхнэр

Ким Чен Уны эхнэр "сураггүй" болжээ

2012/10/19
Умард Солонгосын удирдагч Ким Чен Уны эхнэр Ри Сол Жу олны өмнө гаралгүй сар гаруйн хугацаа өнгөрчээ. Тиймээс түүний хаана байгаа, түүнд юу тохиолдсон талаар янз бүрийн таамаг гараад байна. Умардын тэргүүн хатагтай энгэрийн тэмдгээ зүүгээгүй учраас асуудалд орсон байж магадгүй талаар ч зарим эх сурвалжууд мэдээлж байна. Учир нь Хойд Солонгосын бүх иргэд мөнхийн ерөнхийлөгч гэгддэг Ким Ир Сенд үнэнч гэдгээ харуулж түүний зураг бүхий тэмдгийг зүүх ёстой байдаг ажээ.
Удирдагч Ким Чен Ун эхнэр Ри Сол Жугаа өнгөрөгч долдугаар сард албан ёсоор ард түмэндээ танилцуулсан. Гэхдээ Пончонбо хэмээх электрон хөгжмийн хамтлагийн гоцлол дуучин байсан Ри түүнээс өмнө залуу удирдагч Кимийн хамт олон нийтийн арга хэмжээнүүдэд оролцсон билээ.
Умард Солонгосын төрийн мэдлийн телевизээр шинэ тэргүүн хатагтайн талаар мэдээлж байсан. Тэрээр хар өнгийн хослол өмсөж, Шанел брэндийн цүнхтэй олны өмнө гарсан нь Хойд Солонгосын эмэгтэйчүүдээс имиж, өнгө төрхөөрөө эрс ялгарсан хэрэг болсон гэнэ.
Өмнөд Солонгосын сонинд хэвлэлээр мэдээлснээр Ри Сол Жу олны өмнө гаралгүй 40 гаруй өдөр өнгөрсөн учраас түүнд ямар нэг базаахгүй зүйл тохиолдсон байж магадгүй гэнэ. Жишээ нь "NK News" хэмээх мэдээллийн сайтад бичсэнээр Ригийн хувцаслалт, загварын сонголт Умард Солонгосын төр дэх зарим нэг консерватив үзэлтнүүдийн дургүйцлийг хүргэсэн байж магадгүй юм байна. Гэхдээ бусад эх сурвалжуудын мэдээлснээр залуу Кимийн эхнэр жирэмсэн болсон учраас олны өмнө гарахаа больсон байж болзошгүй ажээ.
Э.АМАР 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш