logo
Зоригт бүргэд юуны учир “торны цаана зовлонт идээ” тоншиж сууна вэ?

Зоригт бүргэд юуны учир “торны цаана зовлонт идээ” тоншиж сууна вэ?

2012/10/19

Үнэгэн хорхой са­наанд орж байна. Гадна тал­даа шар ногоон өнгийн бүрзгэр үстэй, явахдаа биеэ цээжиндээ хураан түгдийлгээд урагш төөлөн тэнийж явдаг, нүдэнд хүй­тэн нэгэн төрлийн шавь­жийг үнэгэн хорхой гэд­гийм билээ. Айлын ганц хүү болж төрсөн нэг сай­хан хархүү баруун зүгээс зу­заан хар үүл хөшиглөн ту­нарсан тэр өглөө хар да­раад сэрэхдээ олон хөлт үнэ­гэн хорхой болоод ху­вир­­чихсан байв гэнэ. Хүүг үнэгэн хорхой болсныг үзээд ха­вийн бүх хүмүүс тэр байтугай эцэг эх хоёр нь түүнийг ха­раа булаасан сай­хан залуу байс­ныг тэр до­роо ор тас мар­­тан жиг­шиж яваандаа залх­жээ. Хөөр­хий шавьжин хүү нь өрөнд баригдсан гэр бү­лийн­хээ тухай сайн сайх­ныг хүсэн мөрөөдсөөр хана таазанд мөлхсөөр бай­даг байж. Нэгэн удаа эц­гийнхээ зэвүүцэн шид­сэн булууны ясанд цохиу­лан шархдаж шархандаа ша­налсаар үхжээ. Тийн­­хүү үхсэнийх нь дараа ар гэ­рийнхэн нь “Ёо ёо, яа­сан азтай юм бэ? Одоо бүх зүйл сайхан болно” хэмээн баяр­лалджээ.

Энэ бол Австрийн их зохиолч Франц Кафка­гийн “Хувирал” хэмээх нэгэн суут бүтээлээс мон­голчилж ав­сан голч санаа төдий зүйл. Миний ойлгож байгаагаар “Ху­ви­рал” тууж бол хорт явцуу зорил­го бүхий улс төрийн илбэ ухаанаар олон нийтийн тархийг угааж гэм зэмгүй нэг­нийг гутаан дором­жилж тэр битгий хэл хор­воо­гоос то­нилгох боломж­той байдгийг үнэмшүүл­сэн сонгодог уран бүтээл гэж болох. Үнэхээр хэн нэгэн сайн нөхөр маань үнэгэн хорхой болчихвол бид яах би­лээ. Гайхах юмгүй. Хурдан буу тас хийх тоолонд Бодоо, Данзан, Гэндэн, Амар, Лосол, Догсом, Чаг­даржав тэргүүт чин үнэнч ардын хүүхдүүд маань годройтон унахад “Болж, болж муу­сайн хувьсгалын эсэргүү­нүүд” гэж бувт­наад алхаж явсан элэг зүрх өмлөсөн гашуун түүх үн­дэс­ний архивт байдаг юм. Тэр үед манай Ардын на­мыг үүс­гэн байгуулсан тэд­гээр нэрт зүтгэлтнүүд өргөсөн тангарагтаа үнэнч хэвээр байсан боловч ста­линчууд тэднийг манай ард түмний толгойг залгих заналт дай­сан хэмээн ил­бэ­дэж үнэм­шүүлсэн уч­раас ардын намынхан үнд­сэн­дээ хүйс тэмтрүүл­сэн бурангуй нэ­гэн үе байдаг. Хамгийн ярвигтай нь эдү­гээ цагт улс төрийн илбэ­дэх ухаан дэлхийшин даам­­жирчээ. Кубын Фи­дель Кастро, Солон­госын Ким Ир Сен, Иракийн Саддам Хусейн, Оросын Леонид Брежнев, Египе­тийн Хосни Му­барак, Су­даны Муамар Каддафи, Монголын Юмжаагийн Цэдэнбал… Хэчнээн ч олон үнэгэн хорхой шиг амьтас гэнэн цагаан сэт­гэл­тэй эгэл хүмүүсийн тархи тол­гой дотор бие сэтгэл ар­за­гануулан гөвт­нөж арга барагдуулна вэ? Цөмөөрөө л дарангуйлагч гэх. Гэтэл өнөөдөр бас Намбар овог­той Энхбаяр?! Түүн дээр нэмэх нь Мон­гол Ардын нам бүхэлдээ?! Бас л дарангуйлагчид гэх аж.

Би бодсоон, бодсон. Үнэнийг олох гэж олон хоног бодсон. Олон юмыг олон янзаар бодсон. Бөөн­түүлж ч бодсон. Тус тусад нь ч бодсон. Тэгээд нэг л үнэнийг олж мэдсэн. Юу олж мэдсэн бэ гэвэл Нам­барын Энхбаяр ба нэгэн үед түүний удирдаж бай­сан МАН хоёулаа сөрөг хүчнийхний өнцгөөс хар­вал үнэгэн хорхой болго­хоос өөр аргагүй нүгэлтэй гэмтнүүд мөнийг бодож олсон. Гэхдээ миний бодол заавал зөв байх албагүй. Буруу байхыг үгүйсгэхгүй. Үгүйсгэхгүйгээр үл барам үндсээрээ буруу байвал байгаасай хэмээн залбирч байна. Үнэнийг хэлэхэд би саях­ныг болтол Н.Энхбая­рыг буруутгаж явсан нэ­гэн. Гэтэл түүнийг албаар гэмт хэрэгтэн болгох гэсэн мэт нэг их сүр үзүүлэн шүүн тасалж байгааг ха­раад нүд сэтгэл минь нэг л хэвийн биш болоод ирсэн. Бас авилгатай тэмцэх газ­рын дарга Сангарагчааг шүүсэн, цагдаагийн дарга нарыг шийтгэсэн, дараа нь Ардын намыг ёс бусаар гадуурхаж байгаа зэргийг бөөнтүүлэн дүгнэж үзээд санаа бодол маань тийнхүү надаас урвачихсан юм. Н.Энхбаярыг нэр цуутай авлигачныг баалдаг тэр зүйл ангиар тарнидан ху­вир­гаж олныг жигшээх хэ­мээн улайраад байгаа­гийн цаад учир начрыг сая­наас л нэг муухан ойл­го­лоо. Монголын олон ний­тийн оюун санааг бү­хэл­дээ нэг том цурхай за­гас байна гэж зүйрлэвэл за­гасчны торонд уясан чий­гийн улааныг үмхчих­жээ. Ингээд л Н.Энхбая­рыг “Албан тушаалаа ур­вуу­лан ашиглагч төрөөс төр­сөн тэрбумтан этгээд мөн” гэсэн өнгө будаг шин­гээж өгдөг загасчны то­гоонд пур пур буцалган чанаж байна. Гэтэл зэр­гэл­дээ нэгэн төгөлд асаа­сан түүдэг галд улстөрч Н.Энхбаярыг жинхэнэ бие­­тээр нь шарж байна. Ийм л хий бодийн дүр зураг харагдах болов. Одоо­­гийн байдлаар Н.Энх­­баяр бол Ардчилсан намынхны гарт байгаа битүү хөзрийн тамга. Удах­гүй түүгээр ээлжит шинэ тоглолт хийж таарна байх.

Тэгвэл Н.Энхбаяр гэж чухам хэн бэ? Нэгд, тэр бол 1996-2000 оны нэгэн сонгуулийн хугацааны дөрвөн жилд Ардчилсан намын Засгийн газрыг хэд дахин огцроход хүргэж байсан УИХ дахь сөрөг хүчний бүлгийн дарга бай­сан хүн. Хоёрт, 2000 оны УИХ-ын сонгуульд 76 сууд­лын 72-ыг дангаараа авсан тэр намын дарга байсан хүн.

Гуравт, 2000-2004 онд Засгийн газрын тэргүүн байхдаа Орост төлөх их өрийг тэглүүлж бас Мянганы зам эх­лүүлж, төр засгийн дотоод хямралыг арилгаж, хүн амын ядуурлыг бууруулах талаар олон арга хэмжээ авснаараа булсан ч бул­тайж, дарсан ч дардайх мөнхийн ул мөр үлдээсэн ажил хэрэгч хүн. Дөрөвт, “Онц байдал” тогтоож, Дол­дугаар сарын 1-ний үй­мээнийг цаг алдахгүй нам­жаасан шуурхай зо­хион байгуулагч хүн. Ма­най Ардын намын талд тийм л дөрвөн гавъяатай, Ард­чил­сан намын талдаа тийм л дөрвөн гайтай улстөрч. Хам­гийн чухал гавъяа нь “Онц байдал” тогтоосон арга хэмжээ мөн гэж бодож байна. Хэрэв тэр үед “Онц байдал” тогтоохгүй зөнд нь орхисон бол яах байсан бэ? хэмээн өөр өөрийнхөө зүрхнээс асуугаад үзээрэй гэж зөвлөмөөр байна. Яалт ч үгүй зэвсэгт бослого, магадгүй иргэний дайнд татагдан орох байсан гэж сэтгэл зүрх тань түгдрэл­гүй хариулна. Яагаад гэ­вэл “Үймээн дэгдээгчид хя­налтаас гарлаа, цагдаа­гийн зэвсгийн агуулах руу дайрч байна” гэсэн албан ёсны түгшүүрт мэдээ авс­ны дараа л “Онц байдал” ам­жиж тогтоосон байдаг би­лээ. Энэ юу гэсэн үг гэ­вээс онц байдал тогтоосны ач буянаар олон арав, зуун монгол хүний амь нас аврагджээ гэсэн үг. Ин­гээд бодохоор монголчууд их азтай ард түмэн юм байна. Үнэхээр гал усны гамшигт аюулын ирмэгт тулж очоод л амжиж зайл­сан байгаа юм. Харин хэ­ний ачаар гэдгийг энд нэр заах хэрэггүй байх Гэвч Н.Энхбаяр бол Мон­го­лын үндэсний баатар болох гавьяатай нэгэн байж бо­ло­хыг сануулахад илүү­дэх учиргүй гэж санана.

Долдугаар сарын 1-ний үймээн самууныг үнэ­лэх­дээ Монголыг мон­гол ардын намаас чөлөө­лөх “Хувьсгал” болгох бай­сан юм гэж харамсаад бай­на уу гэмээр нэхэл да­гал одоо ч гарсаар байгааг тэмдэглэе. Тэр үймээний үед гэмт хэрэгт холбогдож ял авсан хүмүүсийг ца­гаат­гах ёстой гэсэн утга­тай шаардлага цухалзаж бай­на. Одоо мөдхөн тэр үй­мээнээр амь алдсан нөх­өдөд зориулсан дурсга­лын хөшөө босгоно. Үн­дэс­ний баатруудын зин­даанд үнэлж байгаа учраас тэр хөшөөг барих гэж буй нь тодорхой. Лениний хө­шөө байгаа тэр газарт заавал байрлуулна гэж зүтгэж байгаа нь цаанаа бас учиртай биз. Ленин гэдэг хүн чинь учрыг лав­тай мэдэх монголчуудад бол тэгтлээ муучлагдах нүгэлтэн байгаагүйг хэл­мээр байна. Алсын удам­даа бол манайхны яс мах­ны тасархай, монгол ухаа­ны нэгэн хэлтэрхий, “Крем­лийн ихийг мөрөө­дөгч намхан хүн”, “Мон­гол­жуу маягийн онигор хар нүдтэй нөхөр” гэж гад­на төрхөөрөө дэлхийд тэм­дэг­лэгдсэн тийм л нэгэн. 1937-1939 оны хэлмэгдүү­лэл­тээс 15 жилийн өмнө бур­хан болсон хүн. Манай ар­дын хувьсгалыг ялахаас өмнө 1921 оны дөрөвдү­гээр сарын 24-нд “Хувийн өмчийг устгах гэсэн тэр нам өөрөө сүйрнэ” хэмээх алдарт үгээ тунхаглаж, “Социализм бол мөн чана­раараа ард түмний хамтын капитализм байх учиртай” гэхчлэн сургаснаараа Ста­лин тэргүүт коминтер­ний нөхөдтэй адилгүй огт ондоо хүн гэдгээ харуулс­ныг манай залуус мэдэх­гүй байх. Бидний ахма­дууд түүнийг хэлж өгөөгүй, тийм зав чөлөө ч олдоогүй юм чинь.

Нэгэнт энд хөнд­лөнгийн оруулга нэмж бай­гаа учраас өнөөгийн манай дарга нарт ч санаж явууштай нэгэн үгийг иш­лэн дурдъя. “Сталин бол дэн­дүү ширүүн хүн, энэ ду­тагдал намын Ерөнхий нарийн бичгийн даргын тушаалд тэвчиж болшгүй дутагдал юм. Ийм учраас Сталиныг энэ тушаалаас өөрчилж, энэ тушаалд нө­хөр Сталинаас зөвхөн нэг зүйлээр давуу, тухайлбал илүү тэвчээртэй, илүү дүн нуруутай, нөхдөдөө илүү эелдэг, халамжтай ханд­даг, ярдаг зан багатай өөр хүнийг томилох арга бодо­хыг би нөхөдөд санал бол­гож байна. Энэ байдал өчүү­хэн жижиг зүйл мэт санагдаж болох юм. Гэвч энэ бол жижиг зүйл биш эсвэл шийдвэрлэх учир холбогдолтой байж болох тийм жижиг зүйл юм. Ленин. 1923 оны нэгдүгээр сарын 4” гэсэн Сталин амьд ахуйдаа нууцлан дарж байсан бичмэл эх 1956 онд нийтийн хэвлэлд гарсан байдаг. Цус хар­вал­тын улмаас тал бие нь мэдээгүй болж хэвтэрт орсон хойноо бичээчдээ хэлж бичүүлсэн энэхүү үгэнд түүний өөрийнх нь хүмүүн чанар дам туссан байгааг ажиглахад тун гэмгүй. Хорвоод 54-хөн наслахдаа 55 боть ном туурвин бүтээж дэлхийд цоорч явсан зохиогч гэд­гийг дурдъя. Олон орны хэлээр орчуулагдсан ту­хай­даа У.Черчильтэй хамт хоёулаа дэлхийд тэргүүл­дэг байсан мэдээ бий. Дахин хэлэхэд Ленин бол Сталин биш.

Дээд байгууллагын шийд­­вэр нэгэнт гарсан бо­лохоор тэр нэгэн уран барималчийн “В.И.Ле­нин” хэмээх хө­шөө Мон­гол түм­ний нүд­нээс далд орох нь гарцаа­гүй боллоо. Харам­саад байх учир шалт­гаан алга. Хараал идэж ил байс­наас ухаант­ны сүүдэрт далд байсан нь ч дээр болов уу. Үхэр гэдэг адгуус агь ша­рилж, хал­гай, ерхөг гэж ялгахгүй зулгаагаад хивж байвч доороос нь улам шимтэй өвс ногоо ургаж байдаг жам ёсон байх агаад “Цаг цагаараа бай­даг­гүй, ца­хил­даг хөхөөрөө хагдар­даг­гүй” юм чинь яалтай билээ.

Харин одоо сэдэвтээ эргэж оръё. Н.Энхбаяр бээр тун саяхныг хүртэл ба­­раг л ижий ахай болж яв­сан өөрийн намын удир­дах хүмүүстээ “Үнэгэн хор­хой” болж жигшигдсэн яв­дал байгаа. 2009 оны Ерөн­хийлөгчийн сон­гуульд ялж чадаагүй хий­гээд УИХ-ын нөхөн сон­гуульд намаасаа нэр дэв­шиж чадаагүй хоёр барим­тыг онцолж байна. Тэд­гээрт их бухимдсан агаад адтай шазруун удир­дагч хүн болохоор бас ч сэтгэл санаа нь хямран аргагүй­дэж байсныг бид ойлгож байна.

Энэ удаагийн сонгуу­лиар авсан хэдхэн тооны са­налын зөрүүг Ардчилсан намын зүтгэлтнүүд маш зальжнаар ашиглаж Ар­дын намыг улс төрийн тав­цангаас үндсэнд нь ар­чиж байна. Түүнд нь Ар­дын намаас салж одсон чу­хам­даа бол улс төрийн нэг үүр ноохойд амьдарч, байнга хамтдаа зүтгэж, хамтдаа зүдэрч явсан эрхэм нөхөд хамсан оролц­­сонд харамсаж суух юм. Гэвч улс төр гэдэг зөөлөн боорцог биш яс шиг хатуу ааруул тул алдаж эндэх явдал байлгүй яахав. Харин алдсан бол заавал засдаг нь ма­найхны намч чанар мөн. Ардын нам, өм­нөх дар­гатайгаа хамт аюу­лын ангалд хэдүйнэ уна­жээ. “Ардын намын нөхөд УИХ-д байгаа ч юм шиг, байхгүй ч юм шиг. Хэлтэй ч юм шиг, хэлгүй ч юм шиг. Хэрэгтэй ч юм шиг, хэрэггүй ч юм шиг. Амьд ч юм шиг амьгүй ч юм шиг” болтол Ардчил­сан намынхан тохуурхаж бай­на гэж хэд хоногийн өмнө “Хөөс” өгүүлэлд бичсэ­нээ энд дахин сий­рүүлье. Асан намын асан дарга, ар­дын төрийн асан тэр­гүүн, түмний ухаанаар тэ­жээгдэж тэмцлийн галд хатаагдсан зоригт нэгэн бүр­гэд чийгт гянданаа тор­ны цаана хулхи улс төрийн зовлонт идээг тон­шин суух­даа эрх ямбаны хар үүл битүү бүрхсэн тэнгэрийн хаяаг нэвтлэн мон­голчууд бид­ний оюун са­наа цугтаа тэмүүлэн бай­гаа тэр гэгээн алс руу хамт нисэн одъё гэж зүрх сэт­гэлээрээ дуудаж байгааг манайхан далд ухаанаараа мэдэрч байгаад эргэлзэх­гүй байна.

Далайн давалгаа хэч­нээн өндөрт хуйлран боссон ч тасраад цаашаа тэнгэрт нисчихдэггүй эх далай­даа эргэж буудаг жамтай юм гэсэн. Тэгэхлээр бид эвлэрвэл бүтнэ, эвдэрвэл гутна. Албан тушаа­лын дарамт, эрх ашгийн зөр­чил сөнө­түгэй. Үзэл са­нааны эв нэгдэл манд­тугай.

 

Хорлоогийн ЦЭВЛЭЭ chuhal.mn

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш