-Өнөөдөр /өчигдөр/ үүсээд байгаа нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна вэ?
-Сонгуулийн маргааны эцсийн дүнг СЕХ гаргана. СЕХ-ны гаргасан шийдвэрийг хууль зөрчсөн байна гэж үзвэл хяналтын шүүх цаашаа давж заалдаад явж болно. Хүний үндсэн эрх зөрчсөн байна гэж үзвэл Үндсэн хуулийн цэцэд хандах хүртэл маргааныг шийдвэрлэх институци бүтэц нь бүрэн байна.
-Та хуульч хүн. Өвөрхангайн шүүхийн шийдвэрийг үндэслэж СЕХ УИХ-д өргөн барьсан шүү дээ. Тэр шийдвэрээ эргэж харъя гэсэн байна?
-Эргэж харж болно. Тэр битгий хэл шүүх нь хяналтын шатны шүүхэд өгч болно. Улсын дээд шүүх тэрнийг эргэж харна. Хэрвээ тэгж байгаа бол СЕХ эргэж харж болно. Өөрийнхөө шийдвэрт баттай зогсох гэдэг юм уу, маргааныг эцэслэн шийдэхэд асуудлыг тал талаас нь харах болно. УИХ-ын даргад СЕХ-ноос өргөн баригдаад байгаа хоёр гишүүний асуудал нь УИХ-ын гишүүний тангараг өргөхдөө төрийн сүлдэнд тангараг өргөснөөр бүрэн эрх нь хэрэгжээд явж байгаа. Тэрнээс биш шинээр орж ирж байгаа гишүүд хуучин гишүүдийн өмнө тангараг өргөх гэж байгаа асуу¬дал биш. Шинээр орж ирсэн гишүүдийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх эсэх асуудал нь хуучин гишүүдийн мэддэг зүйл биш. Хууль эрхзүйгээ ойлгомоор байгаа юм. Хэдэн гишүүн цуглачихаад шинэ гишүүдээ тангараг өргүүлэх гэж байгаа юм шиг зарим хүмүүс ойлгоод байна.
-Ирц хамаагүй гэсэн үг үү?
-Чуулганы үйл ажиллагаа явж байгаа учраас ирц хангалттай байх ёстой. УИХ-ын хуучин гишүүд тангараг өргүүлснээр бүрэн эрх нь хэрэгжихгүй.
-СЕХ сонгогчийн олонхийн саналыг авсан хүнийг өргөн мэдүүлэх учиртай. Харин шүүх хурлын шийдвэрийг хүлээх нь буруу гэж хуульч гишүүд үздэг?
-Сонгуулийн маргааныг шийдвэрлэдэг систем боловсронгуй биш шүү дээ. Улс орнууд сонгуулийн маргааныг хоёр, гурван хоногийн дотор түргэвчилсэн журмаар шийддэг. Манайд хоёр, гурван сар үргэлжилдэг. Өвөрхангайн тойргоос гарч ирсэн З.Энхболд гишүүн бүр жил хагасын дараа УИХ-д орж ирж байсан. Сонгуулийн маргааныг шийдвэрлэх систем боловсронгуй биш байгаагаас үүдээд улстөрийн нам хүчин, иргэдийн дунд үл ойлголцол бий болоод байгаа юм. Гэхдээ үүнийг улстөрийн намууд, улстөрчид нягталж үзээд эв зүйгээр хуулийн хүрээнд шийдэх ёстой. Оновчтой гаргалгааг олох ёстой. Ганц хоёр гишүүн, хуулийн маргаанаас болоод монгол төрийн ажил цалгардах ёсгүй. Цаана нь 2.7 сая иргэний эрхийн асуудал байгаа. Өнөөдрийн чуулганаар ганцхан гишүүний асуудал биш өөр олон хуулийн төслүүдийг хэлэлцэх байсан. Гэтэл ажил хойшиллоо.
-СЕХ-ны дарга солигдсоноор АН хүчээр асуудлыг шийдлээ гэж дүгнэж байна шүү дээ?
-Ардын намынхан хэт улстөржүүлээд байх шиг байна. АН ардчиллыг булшиллаа ч гэх шиг. АН дарангуйлал тогтоолоо гэж байна. Харин ч Монгол Улсад ардчилал, хүний эрхийн төлөө зогсдог нам бол Ардчилсан нам гэж би ойлгодог. Ардын нам ардчиллын төлөө зүтгэж байгаад баяртай байгаа. 22 жил МАН ардчиллын эсрэг явсан. Иргэд рүүгээ бууны ам шагайсан. Хүний эрхийг уландаа гишгэсэн нам. Өнөөдөр ардчилал, хүний эрх, шударга ёсны үнэ цэнийг МАН-ынхан ойлгож, хүндэтгэлтэй хандаж байгаад баярлаж байна.
-Та олон жил жагссан. Ардын намын гишүүдийн жагсаалыг хараад юу бодогдов?
-Би ордонд жагсаал хийж үзээгүй. Дандаа ордны гадаа 22 удаа жагсаал хийж байсан. Манай нөхдүүд ордонд зөөлөн буйдан дээр суугаад тав тухтай эсэргүүцлээ илэрхийлж байна. Асар том ялгаа байгаа. Гэхдээ энэ бол мэдээж ардчилсан парламентад байдаг нөхцөл.
-Энэ хэр удаан үргэлжлэх юм бол?
-Удахгүй байх гэж найдаж байна. Аль болох богино хуга¬цаанд улс төрийн намууд ойлголцоод асуудлаа цааш нь явуулах чухал. Зам түгжрэлтэй, Улаанбаатар утаатай байхад улс төр бас түгжрээд байж болохгүй.
-Гарц нь юу гэж бодож байна?
-Гарц байгаа. Гарцыг харж байна. Гол нь уулзаад ярилцах ёстой. Чихэр горьдсон хүүхдүүд шиг хоёр тийшээ хараад сууж болохгүй. Зөвшилцөл рүү явах ёстой. МАН-ыг буурьтай, суурьтай улс төрийн хүчин гэж ойлгож байгаа. Тэрнээс биш үймээн самуун турхирдаг, иргэдийг хууль бус зүйл рүү турхирахгүй байх. Манай Ардын намынхан жагсаал цуглаан хийж, эсэргүүцэж сурах хэрэгтэй. Сөрөг хүчин байхын зовлон, хүний эрх чөлөөг ойлгох хэрэгтэй гэж хэлмээр байна.
Б.Өнөртогтох
Эх сурвалж: www.mminfo.mn