logo
Банди “Баавай” үгүйлэгдэж байна шүү

Банди “Баавай” үгүйлэгдэж байна шүү

2012/10/19
Монголын боксчид, ширэн бээлийтэй жинхэнэ эрчүүдийн залуу халааг бэлтгэн гаргах эхний шалгуур болдог “Олимпийн гараа” нэртэй боксын тэмцээнийг сонирхохоор очвол энэ цагийн Монголын боксын эцэг, Ардын багш Д.Банди гуай хэзээний танил дотно зангаараа инээчихсэн явж байх нь цаанаа л нэг сайхан.

Булган аймгийн Тэшиг сумын уугуул Монголын боксын шигшээ багийн ахлах дасгалжуулагч асан, Ардын багш Д.Банди өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөө хүсээд багагүй хугацаа өнгөрчээ. Буриадууд ард олондоо хүндлэгдсэн, хийсэн ажилтай, хэлэх үгтэй халхгар өвгөдөө “Баавай” хэмээн эрхэмлэн дууддаг.

Д.Банди багш Монголын боксын спортын дөрвөн үеийнхнийг хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганз­ганд нь хүргэсэн, халз тулааны спортын баавай дасгалжуулагч аргагүй л мөн.

Монголын боксын спор­тын үндэс суурийг тавигч гавьяат дасгалжуулагч Б.Олзотоос хойш түүн шиг дасгалжуулагчийн ажилд тэсрэлт гаргаж, Монголын боксчдын авьяас чадварыг дэлхий нийтэд хүлээн зөвшөөрүүлсэн багш байхгүй.

Уг нь УБДС-ийг төгссөн математикийн багш хүн л дээ. Математикийн багшийн оновчтой түргэн сэт­гэлгээгээ, төрөлхийн уужуу тайван ухаантай хос­луулан намуухан дуугаар зааж зөвлөсөөр Монголын боксчдыг өнөөдрийн хэм­жээнд бэлтгэсэн гавьяатан билээ.

Сүүлийн арван жилд дэлхий нарыг бүтэн тойрох 365 хоногоос 70 гаруй өдөрт нь гэртээ тайван хонож үзээгүй Д.Банди багш аргагүй л ядарч, бие нь тэнхээрхээд ажлаасаа чөлөө хүссэн болов уу. 2010 оны тавдугаар сард цус харвасан ч Монголын боксын маргаашийн төлөөх сэтгэлийн их тэнхээ, хань ижил, зургаан сайхан хүүхдийнхээ хүчээр хоёр хөл дээрээ бат зогссон билээ.

Д.Банди багш хэзээ ч, хаана ч уулзсан инээмсэглэсэн, уриалгахан зангаараа угтаж, царгиадуу баргил хоолойгоор ажил хэргээ урамтай гэгч нь тайлбарладаг зантай. Түүнд уулзаж учирсан хүмүүсийг, шавь нараа, хавь ойрынхноо өөртөө татах ямархан нэгэн хүч байх шиг л санагддаг. Миний бодлоор тэр их хүч нь ямар ч үед адгаж сандардаггүй, орилж хашгичдаггүй дөлгөөхөн, тайван занд нь л оршдог болов уу. Бээжингийн олимпод Монголын боксчид аянга цахилгаан шиг тэсэрч, Э.Бадар-Ууган алт, П.Сэрдамба мөнгөн медаль шүүрэх хүртэл 1350 удаа рингэнд шавь нараа дагуулан гарч, тэр хэрээр тархиныхаа эд эсээс хороосон нь ойлгомжтой.

Бээжингийн олимп хүртэлх зургаан жилд эх орныхоо хилийн дээсийг 200 гаруй удаа алхаж, Монголын ширэн бээлийтнүүдийн гайхамшигтай цуврал ялалтуудыг удирдан чиглүүлж явсныг нь бодохоор 60 насны босгыг холхон алхсан түүнийг бахдан бишрэхээс аргагүй. Бээжин, Милан, Баку, Чикаго, Бусан гээд дэлхийн өнцөг булан бүрт Монголын ширэн бээлийтнүүдийг ялалтын тавцан өөд хөтөлж явсан урт замынх нь гэрч болсон 20 ширхэг хуудас нь дууссан гадаад паспорт түүнд хадгалагдаж байгаа.

Монголын боксын спорттой 40 гаруй жилийн амьдралаа холбосон түүний хоолойны хөвч нь суларч, өнөөдөр ярихдаа нэлээн хүч гарган хоолойгоо шахаж ярьдгаас амархан ядардаг болсон юм билээ. Гучин жил дасгалжуулагч хийхдээ боксын тэмцээн үзэхээр танхимд цугласан олон зуун хөгжөөн дэмжигчийн шуугианаас даван дуугарч, хэрэгцээтэй цаг үед нь шавьдаа ганц ч болтугай оновчтой зөвлөгөө өгөх гэж хоолойгоо сөөтөл хашхирч явсны хор нөлөө өнөөдөр ингэж илэрч байгаа ажээ.

Э.Бадар- Ууган, П.Сэрдамба нарын хоёр Хөдөлмөрийн баатар, Т.Үйтүмэн, У.Мөнх-Эрдэнэ, Н.Төгсцогт нарын таван гавьяат, 30 гаруй ОУХМ, 60 гаруй спортын мастер, 600 гаруй зэрэгтэй боксчныг Монголын их спортод бэлтгэж өгсөн Ардын багш маань олон жил өөрийн гэсэн орон сууцгүй, айлаас айл дамжин нүүдэллэж билээ. 2008 оны Бээжингийн олимпод алт, мөнгөн медаль ихэрлүүлэн Монголын спортыг цоо шинэ түвшинд гаргачихаад ирэхэд нь улсаас байр өгөлгүй өвгөн багшийн голыг харлатал гомдоосон түүхтэй. Гараас нь хөтлөн явж их спортын оргилд хүргэсэн шавь нар нь гавьяа шагналдаа дарагдаж байхад, замыг нь зассан дасгалжуулагчийг  бүгдээрээ мартчихсан нь мөн ч эмгэнэлтэй хэрэг шүү.

Харин 2009 оны Миланы дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс П.Сэрдамба алт, Н.Төгсцогт мөнгө, У.Мөнх-Эрдэнэ хүрэл медаль хүртэж багаараа 75 хувийн амжилттай тэмцэлдэж, 48 орноос тавдугаар байрт шалгараад ирэхэд нь сая нэг ШШБЕГ-ын харьяа “Сүлд” спорт хорооныхон дөрвөн өрөө байраар мялааж билээ. Ардын багшийг өөрийн гэсэн орон сууцтай болоход нэр нөлөө, албаны эрх дархаа ашиглан, ихэд хүчин зүтгэл гаргасан ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдоржтонд гүн талархал илэрхийлүүштэй. Хүн гэдэг чаддаг юмаараа хэрэгцээтэй цагт нь хэн нэгнээ магнайг нь тэнийтэл баярлуулах шиг буянтай ажил гэж юу байх билээ.

Д.Банди багш Монголын боксын спортыг хөл дээр нь найдвартай босгосон шигээ өөрийнхөө зургаан хүүхдийг эрдэм боловсролтой, хаана ч амьдралаа аваад явчих чадвартай хүмүүс болгон хүмүүжүүлжээ. Том охин Б.Ариунтуяа нь “Урбанек” компанид ерөнхий нягтлан бодогчоор ажилладаг.Түүний нөхөр үндэсний “Соёмбо” хөдөлгөөний тэргүүн Б.Лхагважав гэж сэтгэлийн хөдөлгөөнөө тэр бүр ил гаргаад байдаггүй хянуур нэгэн байдаг. Чамбайхан хүргэн нь нэгэн удаа “Өөлөх өөгүй сайхан хүн” хэмээн хадам аавыгаа магтаж гэнэ алдсан байна лээ. Том хүү Б.Ариунболор нь “Улаанбаатар” дээд сургуульд багшилдаг бол удаах охин Б.Ариунжаргал нь “Толгойт” өртөөнд хариуцлагатай албанд зүтгэж, түүний дүү Б.Ариунчимэг нь Сангийн яаманд хэлтсийн даргаар ажиллаж явна. Их амьдралын жаргал зовлонг 30 гаруй жил хуваалцаж яваа гэргий Д.Долгоржавыгаа “Энэ зэрэгтэй яваа амьдралын минь түшиг” гэж ихэд хайрлан дээдлэх юм билээ. Д.Долгоржав эгчийг Монголын спортын хүрээнийхэн андахгүй. Тун ч илэн далангүй, их л хээгүй нэгэн билээ.

Харин Д.Банди баавайг өөхөнд ороосон бөөр шиг л газарт хүргэлгүй бөөцийлж байх санаатай ганц хүн гэж хэлж болно. 1997 онд гавьяат дасгалжуулагч болоход, дараа нь 2009 онд Ардын багш болоход нь л нутаг усныхан, хамаатан садан, үр хүүхэд, ач зээгээ бүгдийг нь тойруулаад нэг сайхан цугласан даа гэж ярина. “Муу өвгөн минь дэндүү гэмээр цайлган цагаан сэтгэлтэй хүн. Муу хүнд итгээд XV хорооллынхоо сайхан байрыг алдчихаад олон жил зүдэрч амьдарсан шүү. Төр түмэндээ хоёргүй үнэнч сэтгэлээр зүтгэснийх хожуухан ч гэлээ өөрийн гэсэн сайхан орон байртай болоод одоо л нэг сэтгэл минь тэнийж явна. Гэртээ ирэхэд нь юунд ч санаа зовохооргүй байлгах гэж зүтгэсээр ирлээ. Үнэндээ миний муу өвгөн чинь оймсоо ч хаана байдгийг мэддэггүй хүн” хэмээн саяхан ярьсан байсан.

Хийсэн ажилтай, хэлэх үгтэй, сүүн цагаан зам мөртэй хүний ажил, амьдрал аяндаа л тэгшрээд ирдэг юм байна. Баавай минь таны олон жил сэтгэлээ шингээсэн их ажлын үр шимээр дэлхийд Монголын бокс эхний наймд найдвартай жагсдаг боллоо. Гурав хүрэхгүй сая хүнтэй Ази тивийн жижигхэн орны хувьд энэ бол гайхмаар амжилт.

Монголын боксын шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн албанаас хөндийрсөн ч “Баавай” танд цаашид хийх ажил мөн ч их байна санж. Та үндэсний шигшээ багтаа зөвлөх хийгээд явахад л таны нөмөр их нөөлөг, хаялага буян нь шавь нарт тань нөлөөлж, тэд дэлхийн дэвжээнд хэнээс ч айхгүй нүдэлдэх болно. 2014 оны олимп хүртэл танд хийх ажил их байна.

Монголын бокс, ард түмнийхээ магнайг дахин тэнийлгэх эрч хүч, урам зориг танд байгаа. Өнөөдөртөө Монголын боксын удирдлагууд жаахан таарамж муутай байгаа нь Ардын багш, агуу дасгалжуулагч Д.Банди таны л орон зай дутагдсаных шүү. Та эргээд боксын зааландаа оч доо. Таны орон зай үнэхээр үгүйлэгдэж байна шүү, Д.Банди “Баавай” минь.


Эх сурвалж: "Өглөөний Сонин"

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш