УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар ирэх оны төсвийн талаар ажлын хэсгийн танилцуулгыг сонссон байна. Түүнчлэн сүүлийн үед улстөрийн хүрээнд өрнөж байгаа асуудлуудын талаар бүлгийн гишүүд санал солилцож, байр сууриа илэрхийлсэн юм. Бүлгийн хуралдааны дараа УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийлээ.
Түүний тайлбарлаж буйгаар бүлгийн гишүүд СЕХ-ны шийдвэрийг хууль ёсных хэмээн үзэж байгаа гэнэ. Өвөрхангайн тойргийн асуудалд СЕХ хуулийн дагуу шийдвэрээ гаргасан. Тиймээс энэхүү шийдвэрийг АН-ын гишүүд УИХ-ын чуулганаар хэлэлцэж, хоёр гишүүнийхээ тангаргийг өргүүлэх ёстой гэж үзэж байгаа аж.
Мэдээллийн эхэнд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “МАН-ын гишүүд анхдугаар чуулганаас эхлэн УИХ-ыг даргалах асуудлыг улстөржүүлсэн, 24 цагийн дотор бүлгээ байгуулах асуудлаа өөрсдөө шийдээгүйгээс болж өдийг хүртэл бүлэггүй байна. Тиймээс АН энэ асуудалд хууль зөрчөөгүй гэдгийг хэлэх ёстой” гэв.
Түүнчлэн “УИХ-ын сонгуулийн хуулийг хэрэгжүүлэх явцад хууль зөрчсөн үйлдэл хавтгайрсныг манай нам хэзээ ч хүлээн зөвшөөрч чадахгүй. Өвөрхангайн асуудалд хэдэн хүний санал авсан нь огт хамаагүй. Харин иргэдийн саналыг худалдаж авч болохгүй. МАН-ын гишүүд насанд хүрээгүй хүүхдийг сонгуулийн сурталчилгаанд ашиглаж, мөнгө тараасан нь тогтоогдсон” хэмээн намынхаа байр суурийг илэрхийлэв.
Эх сурвалж: "Өглөөний Сонин"