2000 гаруй жилийн төрт ёсны түүхтэй Монгол Улс ардчилал зах зээлийн замаар замнаснаас хойш 4 дэх Ерөнхийлөгчийнхөө нүүрийг үзэж байна. Ерөнхийлөгч нарын хэн нь хэн бэ гэдгийг ард түмэн сайн мэдэх учраас өөр өөсдийнхөөрөө дүгнэх биз ээ. Ерөнхийлөгч байсан хүн ард түмнийхээ дунд насаараа Ерөнхийлөгч хэмээгддэг.
Пунсалмаагийн Очирбат
Шуналын хүүдий битгий болчихоосой
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч. Дорнодын Тамсагт гарсан нефьтээр шинэхэн дээлийнхээ энгэрийг мялааж сэтгэл хөдлөлөө ард түмэнтэйгээ хуваалцаж байсан. Монгол Улс нэг намын системээс олон намын тогтолцоонд шилжиж, шинэ Үндсэн хуулиа өлгийдөн авсан 1990-1997 он хүртэл 7 жил Ерөнхийлөгчөөр ажилласан. Түүний үед хийгдсэн хамгийн том ажил “Алт” хөтөлбөр. Байгаль орчинд халтай энэ хөтөлбөр ард түмэндээ бус цөөхөн хэдэн хүнийг Монголын байтугай дэлхийн толгой баячуудын энд хүргэсэн гэж шүүмжлэгддэг. Ер нь мэргэжил нь болоод ч тэрүү уул уурхайгаар одоо ч “занималдсаар” яваа. “Тэнгэрийн цаг” компаниас гадна хэд хэдэн компаниас хувь эзэмшдэг, “Энержи ресурс” компанийн ТУЗ-д ордог. Сард ажлын хөлс 30 мянган ам.доллар халаасалдаг гэж байгаа. “Алтайн хүдэр” компани түүний хүргэнийх. Бизнес эрхэлж яваа цорын ганц Ерөнхийлөгч гэж хэлж болно. Ард түмнээс бэлэглэсэн хотын төвийн эдэлбэр газар бүхий хашаа хамгаалалттай, халаалт дулаантай тохилог орчин үеийн хаусаа 1.5 тэрбум төгрөгөөр зарсан нь “юугаар дутсан гэж энэ вэ” гэх хэл амны бай болсон. Хээгүй гүндүүгүй монгол эр хэмээн олондоо хүндлэгдсэн анхны Ерөнхийлөгч маань шуналын хүүдий л битгий болчихоосой доо.
Нацагийн Багабанди
40 мянган долларт бүү сохроосой
Хүнсний технологич мэргэжлээс Монгол Улсын Ерөнхийлөгч болсон. Анхны Ерөнхийлөгч П.Очирбатыг “хээгүй” гэдэг байсан бол Н.Багабандийг “хийгүй” гэдэг байв. 9 хутагт, анхны хоёр Ерөнхийлөгч манайх гэж Завханчууд онгирох нь зөв. Ардчилсан хүчний лидер Да.Ганболдыг Еранхий сайдаас 7 удаа буцааж, төрийн төмөр нүүрийг харуулж байсан. Ш.Отгонбилэг, Ц.Балдорж, Н.Багабанди гурвыг бизнес, хэвлэл мэдээлэл, улс төрийн пирамид хэмээн нэрлэж байв. Нэгэн цагт энэ гурван анд Монгол төрийг атгаж суусан нь яах аргагүй үнэн. Өөрийнх нь халааг авах намын лидер Н.Энхбаяртаа ер нүүр өгдөггүй байв. Ц.Нямдоржид ч ялгаагүй. Түүнийг “хүйтэн царайт” хэмээн огт үздэггүй нэг хэсэг хүн байхад төрийн билэг тэмдэг байж, шударга ёсыг тогтоож чадсан, “Монголын нууц товчоо”-г айл бүрт залах санаачилга гарган хэрэгжүүлж, Монгол морин хуурыг дэлхийн соёлын өвийн сан ЮНЕСКО-д бүртгүүлсэн хэмээн үнэлэх хүмүүс байдаг. Ерөнхийлөгчөөс буусан цагаасаа хойш элдэв хэл амнаас хол байж, залуу үеийнхэндээ хандан “Титэм үг” тэрлэсэн шиг явсан. Гэвч бас л уул уурхайн “хараал идсэн” мөнгөнөөс хол байж чадсангүй. 2009 онд Монгол түмний үндэсний баялаг болох Оюутолгойг эзэмшиж буй “Айвенхоу Майнз Монголиа” компанийн ТУЗ-д сонгогдсон. Сард тус компаниас 40 мянган ам.долларын цалин авдаг. Тэгэхээр Ерөнхийлөгч маань “Айвенхоу”-гийн талд уу, ард түмнийхээ талд уу гэдэг нь эргэлзээтэй болчихож байгаа юм. Олныхоо дунд ноён нуруутай гэгддэг Ерөнхийлөгч маань “зальт” хэмээх хочит Фрийдландын сар бүр өгч буй 40 мянган долларын гялбаанд бүү сохрочихоосой билээ дээ.
Намбарын Энхбаяр
Шүүхээс ял сонссон анхны Ерөнхийлөгч
Монгол Улсын шүүхээс ял сонссон анхны Ерөнхийлөгч. Утга зохиолын ажилтан орчуулагчаас Соёлын сайд, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн албан тушаалыг алгасалгүй хашсан түүн шиг хүн байхгүй. Нам болоод найз нөхөддөө гавьяатай, бас гайтай хүн. Бүх л бүтэн улсыг нэг харцаар хөдөлгөж байсан гэж бодохоор одоо ч улс төрийн хүрээнийхэн түүнээс битүүхэн эмээх нь аргагүй юм. Ерөнхий сайд байхдаа Мянганы зам буюу хот, аймаг хоорондын авто замыг холбох нүсэр ажлыг зориглон эхлүүлж, их өрийг тэглэсэн гээд хэл амтай ч гарт баригдах, нүдэнд үзэгдэх ажил түүнд бий. Харин Ерөнхийлөгч болоод хийсэн тоймтой зүйл ховор. Намынхантайгаа дайтсаар байгаад хамаг цагаа барсан. Өөрийгөө Чингис хаантай нэг өдөр төрсөн гэж хэлүүлэх хүртлээ тойрон хүрээлэгчид нь түүнийг “алсан”. Сонгуульд ялагдсан буруугаа С.Баяр, У.Хүрэлсүх нарт нялзаадаг. Ерөнхийлөгчөөс буусныхаа дараа НҮБ-д ч юмуу ажил эрхлээд явах нас, чадал түүнд байсан. Ясны хортой шартай хүн юм. Намынхандаа ялагдахыг тэр хүссэнгүй. МАН хоорондын дотоод зөрчил 2013 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Элбэгдоржид сайхан дэм болох учиртай. Гэвч тэр “хэцүү нэрт”-ийнхээс ч улс төр хийсээр байх биз. Идсэн уусан нь өмч хувьчлалын үеийн завхрал, банкны дампуурлын дэргэд өчүүхэн ч ял авсан төрийн хамгийн өндөр албан тушаал хашиж байсан анхны хүн болж түүхэнд үлдэх нь. Тэр Оюутолгой зэрэг алтны компаниудаас харамж шан авдаггүйгэээрээ өмнөх хоёроосоо арай өөр.
Цахиагийн Элбэгдорж
Ардчилсан намын Ерөнхийлөгч үү, ард түмний Ерөнхийлөгч үү
Хамгийн уран илтгэгч Ерөнхийлөгч. Анхны ардчилсан Ерөнхийлөгч биш. Анхны ардчилсан Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар бол П.Очирбат, Д.Бямбасүрэн нар. Ц.Элбэгдоржийн хувьд анхнаасаа ардчилсан хувьсгалыг дэмжин эхлүүлж, Ерөнхий сайдаар хоёр ч удаа ажилласан. Авилга, шударга ёсыг тууштай ярьдаг. Шүүхийн шинэчлэлд ахиц гарч байгаа. Ашигт малтмалын лицензийг цэгцлэх гэж оролдсон нь сайшалтай. Шинэ жилээр оргилуун дарс бус сүүгээ өргөж байхыг анх санаачилсан. Овоо тахих, одон тараахыг эсрэг байна гэж ярьж байсан ч Ерөнхийлөгч болоод мартсан. Дорнодын Халх голын сав нутагт солонгосчуудад 270.000 га газар ашиглахлуулахыг дэмжсэн. Барак Обамадуулсан, ахыгаа төмөр замын дарга болгосон, байсхийгээд л гадаадын аль нэг орныг зорих нь ихэссэн зэргээр хэл ам салахгүй байгаа. Хамгийн олон хүүхдийн аав Ерөнхийлөгч. Харин Ардчилсан намын Ерөнхийлөгч үү, ард түмний Ерөнхийлөгч үү гэдгийг нь сүүлийн үед ялгаж салгахад жаахан хэцүү болчихоод байгаа.