logo
АНУ-ын армид бэлгийн хүчирхийлэл нэмэгдсээр байна

АНУ-ын армид бэлгийн хүчирхийлэл нэмэгдсээр байна

2012/10/24
2011 онд АНУ-ын зэвсэгт хүчинд 3192 бэлгийн хүчирхийлэл бүртгэгджээ. АНУ-ын батлан хамгаалах яамны мэдэгдсэнээр сүүлийн 10 жилд энэ тоо тогтмол өссөөр байгаа юм байна. Пентагоны мэдээлж байгаагаар өнгөрсөн онд бэлгийн хүчирхийлэл, бэлгийн дарамт зэрэг нийт 19 мянга орчим хэрэг бүртгэгджээ. Гэхдээ ихэнх нь мэдээлэгдээгүй, эзэн холбогдогчид нь тодроогүй, хэрэг үйлдэгчид хариуцлага хүлээлээгүй юм байна. Зөвхөн эмэгтэй цэргийн албан хаагчид хүчирхийлэлд өртдөггүй. Мөн ижил хүйстэн болон жирийн эр цэргийн албан хаагчид ч бэлгийн хүчирхийлэлд өртдөг гэсэн судалгаа гарсан байна. Нийт хохирогчдын 88 хувь нь эмэгтэй, 12 хувь нь эрэгтэй цэргийн албан хаагчид байна. Эрэгтэй болон эмэгтэй цэргийн албан хаагчид Бушийн засаг захиргааны үед батлан хамгаалахын сайд байсан Рональд Рамсфелд болон одоогийн батлан хамгаалахын сайд Леон Панетта нарт хандаж гомдол гаргаад байна. Цэргийн албан хаагч асан хохирогч Коул Велшийн яриагаар бол цэргийн дээд албан тушаалын офицерууд эрэгтэй болон эмэгтэй цэргийн албан хаагчдыг хүчирхийлдэг байсан байна. Гэсэн ч дарга нар хэргийг ихэнхдээ нуугаад өнгөрчээ. Коул тухайн үедээ цэрэг цагдаад мэдэгдсэн боловч цэргийн том дарга нар үгүйсгэснээр хэрэг дарагдаад өнгөрчээ. Коул Велш хүчирхийлүүлснийхээ дараа ДОХ бэлгийн замын өвчин туссанаа мэджээ. Хохирогчын эрх ашгийг хамгаалахаар тэмцэж байгаа өмгөөлөгч Сузан Буркийн ярьж байгаагаар Нэгдсэн Улсын арми үнэнийг ил болгож, буруугаа хүлээх хэрэгтэй. Хүчингийн холбогдолтой хэрэг болохоор армийн нэр хэндэд муугаар нөлөөлнө гэж үзэн мөрдлөг шалгалт хийдэггүй байснаас хүчингийн гэмт хэрэг армид амь бөхтэй оршдог болсон юм байна. Нийт бүртгэгдсэн хэргийн ердөө 10 хувь нь л шүүхээр орж таслагддаг. Үлдсэн нь садар самуунд холбогдсон гэсэн үндэслэлээр дарагдан үлддэг байжээ. Хамгийн гол нь цэргийн цагдаа, цэргийн шүүхийн бүтэц тогтолцоог өөрчлөх хэрэгтэй байгаа юм байна. Нэгдсэн Улсын Батлан Хамгаалахын сайд Леон Панетта “Цэрэг армид хүчингийн гэмт хэрэг байж болохгүй. Хүчин бол гэмт хэрэг. Хүнд үнэ цэнэ гэж байх ёстой. Иймэрхүү гэмт хэрэг нь цэрэгт алба хааж байгаа хүмүүсийн ар гэр, найз нөхдийн санааг зовоож байна. Бэлгийн хүчирхийлэл дайны бэлэн байдлыг сулруулах муу үр дагавартай” гэжээ. 2011 онд армид 3192, 2010 онд 3158, 2009 онд 3230 хүчингийн гэмт хэрэг бүртгэгджээ. 
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш