logo
Байнгын хорооны гишүүд Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн үйл ажиллагаатай танилцлаа

Байнгын хорооны гишүүд Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн үйл ажиллагаатай танилцлаа

2012/10/24
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос томилогдсон ажлын хэсгийн гишүүд болох УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн Д.Батцогт, Р.Бурмаа, З.Баянсэлэнгэ нар /2012.10.22/ Улсын дээд шүүх, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн үйл ажиллагаатай танилцлаа.
Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дарга Ц.Зориг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн шүүхийн шинэчлэлийн тухай багц хууль батлагдсантай холбогдуулан Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс хуулийн хэрэгжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Сүүлийн таван жилийн хугацаанд шүүхийн байгууллагатай холбоотой 70 гаруй дүрэм, журам гаргасан. Шүүхийн байгууллагын үйл ажиллагааг иргэдэд ойртуулах, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх үүднээс тойргийн зарчмаар ажиллана. Шүүхийн шинэчлэлийн хүрээнд нийслэлд Баянзүрх, Сонгинохайрхан, Налайх Багахангай, Багануур дүүргүүдэд тус бүр нэг шүүх байгуулах, шүүгчдийн ажлын ачааллыг тэнцвэржүүлж Нийслэлийн шүүгчдийн орон тоог нэмэгдүүлж, хөдөө орон нутгийн шүүгчдийн орон тоог багасгахаар төлөвлөж байна. Шүүхийн шинэчлэлийн багц хууль нь 2013 оны 7 дугаар сараас, 2014 оны 1 дүгээр сараас тус тус хэрэгжиж эхлэхээр хуульд заасан байдаг. Энэ хугацааг эргэж харах шаардлагатай байгаа хэмээн гишүүдэд танилцуулав.
УИХ-ын дэд дарга, ажлын хэсгийн ахлагч  Л.Цог хэлэхдээ,  Би 1999 онд Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн даргаар ажиллаж байсан. Шүүгчдийг ямар их ачаалалтай ажилладаг вэ гэдгийг мэднэ. Хуулийн хэрэгжилтийн бэлтгэл ажил ид явагдаж байна гэж ойлголоо. Ер нь Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн зүгээс хөдөө орон нутагт багц хуулийн талаар ямар сургалт хийв хэмээн асуусан. Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дарга Ц.Зориг, Төлөвлөгөөний дагуу хууль тус бүрээр сургалтыг зохион байгуулсан. Ялангуяа Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль бол шинэ хууль гэдэг утгаараа түлхүү анхаарал хандуулж ажилласан гэлээ.
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ шүүгчдийн хараат бус байдал, ёс зүйн асуудлыг хөндсөн бол УИХ-ын гишүүн Р.Бурмаа шүүгчдийн сонгон шалгаруулалтанд тус зөвлөлөөс ямар байр суурьтай ханддаг талаар асууж сонирхсон юм.
ШЕЗ-ийн Сахилгын хорооны ажлын албаны дарга Б.Энхбаатар,  Шүүгчийн ёс зүйн дүрэм 2004 онд өөрчлөгдсөн байдаг. 2002 оноос хойш үндсэндээ арав гаруй жилийн хугацаанд 114 шүүгч сахилгын шийтгэл хүртсэн. Үүнээс 20 нь ноцтой алдаа гаргасан учир огцорч, 23-т нь зэрэг, дэв буулгах сахилгын шийтгэл оногдуулсан бол үлдсэн 71-т сануулах арга хэмжээ аваад байна. Шүүгчдийн ёс зүй, мэдлэг боловсролд маш их анхаарч, ноцтой алдаа гаргавал шүүгчээс огцруулах хүртэл арга хэмжээг авч байгаа. Хэд хэдэн аймгийн ерөнхий шүүгч нарыг огцруулсан хэмээн хариулт өглөө.
Харин шүүгчийн сонгон шалгаруулалтын тухайд ШЕЗ-ийн дарга Ц.Зориг, Шаардлага хангасан хүн бүр сонгон шалгаруулалтанд орох эрхтэй. Иргэдийн дунд дотроосоо шалгаруулалт хийж, гаднаас хүн авдаггүй гэх шүүмжлэл, хардлага байдаг. Ихэвчлэн шүүгчдийн туслахууд, нарийн бичгийн дарга нар шалгалтанд тэнцдэг нь үнэн. Гэхдээ энд ямар нэг ар өврийн хаалга байдаг гэж ойлгох нь ташаа юм. Дотроо ажиллаж байгаа хүн шалгалт өгөхөд ойр байдаг. Гэсэн ч бид шүүмжлэлийг хүлээн авч байгаа. Саяхан л гэхэд Нийслэлд шүүгчийн хоёр орон тоо гарахад нэг нь Хууль зүйн яамнаас, нөгөөх нь өмгөөлөгчдөөс орж байх жишээтэй. Манай зөвлөлийн зүгээс үүргээ сайн биелүүлж, хангалттай ажиллаж байгаа  гэв.
ШЕЗ нь 14 гишүүнтэй бол Улсын дээд шүүх 17 шүүгчтэй. Бүгд нэг байранд байдаг. Өнгөрсөн онд шинээр барилга бариулахаар зураг, төслөө гаргаад УИХ-д танилцуулж төсөвт суулгуулсан ч хасчээ. Тиймээс барилга барих мөнгийг 2013 оны төсөвт суулгаж өгөхийг УИХ-ын гишүүдээс ШЕЗ-ийнхөн хүсч байлаа.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш