logo
744665 хүүхэд “Хүүхдийн мөнгө”-өө авчээ

744665 хүүхэд “Хүүхдийн мөнгө”-өө авчээ

2012/10/24
УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал нар Төрийн ордны В танхимд /2012.10.23/ хэвлэлийн хурал хийж “Хүүхдийн мөнгө”-ний талаарх мэдээллийг сэтгүүлчдэд өглөө.
Монгол Улсын хэмжээнд 0-18 насны  967976 хүүхэд байдгаас 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар арилжааны 12 банкинд 851150 хүүхэд буюу нийт хүүхдийн 87,4 хувь нь хүүхдийн мөнгөний дансаа нээлгэжээ. Үүнээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хүүхдийн мэдээллийн сан, Хүний хөгжил сангийн мэдээллийн сантай тулгалт хийж, иргэний бүртгэлийн зөрчилгүй 744665 хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан арилжааны банкуудаар дамжуулан хүүхэд бүрийн дансанд байршуулаад байгаа юм байна. Давхар данс нээлгэсэн болон иргэний бүртгэлийн хувьд зөрчилтэй хүүхдүүдийн материалыг нягтлан шалгаж, энэ сардаа багтаан шийдвэрлэхээр ажиллаж буйгаа Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ мэдээллээ.
Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал, Улсын хэмжээнд арилжааны банкны 1500 гаруй салбар нэгж үйл ажиллагаа явуулдаг. Иргэдэд энэ бүх салбаруудаар үйлчлүүлэх сонголтыг олгож байгаагаараа давуу талтай. Өмнө нь Хүний хөгжил сангийн мөнгийг олгоход данс нээдэггүй байсан учир чирэгдэл ихтэй байсан. Одоо бол хүн бүрт данс нээж, тэр дансны мэдээлэл манай банкны системд бүртгэгдсэн байгаа. Арилжааны банкууд нийгмийн хариуцлагаа ухамсарлаж өөрсдөө идэвхи санаачлагатай байгааг хэлэх хэрэгтэй. Иргэдийн хувьд хүүхдийн мөнгийг хадгаламж болгон хувиргах хандлага их байгаа нь ажиглагдаж байна. Нийгэмд бэлэн мөнгөний нийлүүлэлт нэмэгдэхээр инфляци өсөх вий гэсэн айдас байгаа байх. Эдийн засагт төгрөгийн нийлүүлэлт хийх нь эерэг нөлөө үзүүлнэ гэсэн дүгнэлтийг хийгээд байгаа гэв.
Хүүхдийн мөнгөний данс нээлгэж мөнгөө авахад харьяа дүүрэг, шилжилт хөдөлгөөн нөлөөлөхгүй. Сар бүрийн 20-нд дансанд мөнгө орох бөгөөд тухайн сардаа авч амжаагүй ч гэсэн таны хүүхдийн дансан дахь мөнгө хуримтлагдсаар байна.
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Монголбанктай хамтран хүүхдэд зориулсан төлбөр тооцоо хийх боломжтой Т-картыг хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм байна. Гэхдээ уг картаар архи, тамхи, мансууруулах бодис зэрэг бүтээгдэхүүнийг худалдан авах боломжгүй байх зохицуулалтыг хийхээр төлөвлөжээ. Мөн нэг наснаас эхлэн хамрагдсан хүүхэд 18 нас хүрэхэд 4 сая 320 мянган төгрөгийн хуримтлалтай болж, ирээдүйдээ зориулах хадгаламжийн эх үүсвэрийг бий болгох боломжтой гэдгийг салбарын сайд онцоллоо.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш