logo
УУҮА-ийн удирдлагыг шүүхэд өгч буйгаа мэдэгдлээ

УУҮА-ийн удирдлагыг шүүхэд өгч буйгаа мэдэгдлээ

2012/10/24
УИХ-ын гишүүн С.Ганбаатар өчигдөр Төрийн ордны хуралдааны В танхимд хэвлэлийн бага хурал хийж, Уул уурхайн үндэсний ассоциаци /УУҮА/-ийн гүйцэтгэх захирал Н.Алагааг нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд өгч байгаагаа мэдэгдлээ.
Тэрбээр “Алагаа намайг уул уурхайн мэдлэгээр өөрийг нь барахгүй, тэгээд ч намайг далдаас удирдаад би харь гүрний бодлогоор  яваад байгаа мэтээр хэлсэн. Би Алагааг үүнийгээ нотолж, баримттай нь гаргаж ирэхийг шаардаж байна. Хэрэв нотолж гаргаж ирж чадахгүй бол ингэж ул үндэсгүйгээр хүнийг гүтгэн доромжлох нь хуулийн хүрээнд хүлээх үүрэгтэй байдаг учраас түүнийг шүүхэд өгч байна” гэлээ. Түүний гаргасан мэдэгдэлд:
“...Өнөөдөр бид Монгол орны ирээдүйн тухай  ярилцаж байна. Бид 70 жилийн төслийн талаар ярилцаж байгаа энэ цаг үед дан ганц мэдлэг ярих ёсгүй. Мэдлэг, мэдээлэл хоёулаа чухал ач холбогдолтой байх болно. УИХ-ын гишүүний хувьд би мэдлэгийг ч, мэдээллийг ч ард түмэндээ өгч, ард түмнээсээ авна гэдгээ энэ дашрамд хэлье. Хөрөнгө оруулалтын гэрээнд  өөрчлөлт оруулж болохгүй гэдэг байр суурийг хатуу илэрхийлж байгаа байдлаас нь харахад хэн нь гар хөл болоод явж байгааг Монголын мэргэн ард тунгаана биз ээ.
Оюутолгой бол УУҮА-ийн гишүүн байгууллага юм. Хэдийгээр гишүүн байгууллагаа хамгаалж, ашиг сонирхлыг нь хамгаалж болох ч ингэж бизнесийн, байгууллагын, хувь хүний ёс зүйгүй авирлаж болохгүй. Бид мөнгөтэй, томоохон гадна, дотны байгууллагын гар, хөл  болох ёсгүй. Монголчууд бид энэ цаг үед, ер нь бүхэл цаг үед эвтэй, Монгол түмнээ боддог байх ёстой. Гадаадынхан биднийг нэг уутанд хийсэн эвэр шиг  харж хооронд нь турхирч, хагаралдуулаад харж суух дуртай.
Оюутолгойн ганц хийж чаддаг зүйл нь өөрийн түнш, гишүүнчлэлтэй байгууллагуудад санхүүгийн туслалцаа, ивээн тэтгэлэг өгөх замаар хүссэн зүйлээ хийлгүүлдэг... Бид энэ даяарчлагдсан үед бусдын сайн туршлагаас суралцаж, аль болох бага алдаа гаргах ёстой. Монгол орондоо, иргэддээ аль болох ашигтай байдлаар байгаль орчинд ээлтэй, нийгмийн хүртээмжтэй байдлаар, эдийн засгийн өсөлт бий болгохоор хэрэгжүүлэх ёстой. Үүний тулд бусдын сайн туршлагыг ярьсан хүн яагаад бурууддаг юм бэ?
Оюутолгойн түнш гадна, дотны байгууллагууд хөрөнгө оруулалтын гэрээнд  өөрчлөлт оруулах, эсвэл амлалтаа биелүүлэхийг нь шаардсанаар Монгол улсын нэр хүнд унана гэж ярих дуртай. Тэгвэл бид нэрээ бодоод хүн ардаа, байгаль орчноо гаргуунд нь хаях болж байна уу? Ард түмний сонирхлыг сонсож, хүрэх газарт нь хүргэж шийдвэрлүүлэх нь УИХ-ын гишүүний үүрэг гэдгийг Алагаад дуулгамаар байна...” гэжээ.
Тэрбээр эл мэдэгдэлдээ бас дэлхийн хэмжээнд уул уурхайн хамгийн том 2 компанийн нэгт зүй ёсоор тооцогддог Рио Тинто групп нь ХIХ зууны хоёр дахь хагасаас хойш үйл ажиллагаа явуулж, дэлхийн 6 тивд уул уурхайгаар дагнан ажиллаж ирсэн түүхээс дурдаад тэдний үйл ажиллагаа, эсвэл эс үйлдлээс болж зарим улс оронд нийгмийн тогтворгүй байдал, бослого, иргэний дайн хүртэл гарч байсан тохиолдлуудыг жагсаасан байна.
 Хэвлэлийн бага хурлын эцэст С.Ганбаатар гишүүн УИХ-ын гишүүн С.Баярцогттой Оюутолгойн асуудлаар өмнө зарлаад байсан халз мэтгэлцээнээ ирэх сарын эхээр буюу 11 дүгээр сарын 7-нд товлохоор төлөвлөснөө дуулгаад энэ мэтгэлцээнд иргэд, олон нийт, чөлөөт хэвлэлийн төлөөллийг байлгаж, дэлгэцээр гаргах боломжоор хангахыг УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийнхнээс хүслээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш