logo
Японы ерөнхий сайд Нода тэнгисийн хүчнийхээ харуул хамгаалалтыг чангатгалаа

Японы ерөнхий сайд Нода тэнгисийн хүчнийхээ харуул хамгаалалтыг чангатгалаа

2012/10/24
Арлын эзэмшлийн маргаанаас Хятад болон Япон улсуудын харилцаа хурцдаад байгаа. Түүнээс хойш өнгөрсөн сард Хятадын Ардын Чөлөөлөх Армийн тэнгисийн хүчин Зүүн Хятадын тэнгист сургуулилт хийж бүс нутгийн орнуудад сүр хүчээ үзүүлсэн. Тэгвэл энэ удаад Японы ерөнхий сайд Нода 2 улсын хурцадмал байдал болон цөмийн зэвсэгтэй Хойд Солонгосын аюул заналаас сэргийлж  тэнгисийн хүчний харуул хамгаалалтыг чангатгаж, болзошгүй мөргөлдөөнд бэлэн байх үүрэг даалгавар өгчээ. Гэхдээ Японы тал хээрийн сургууль хийсэнгүй. Зүгээр тэнгисийн хүчний үзүүлэн тоглолт хийсээн байна. Өнгөрсөн 9 сард Наран улсын засгийн газар 2 улсын эзэмшлийн маргаантай байдаг арлуудын 3-ыг эзэмшигч Японы чинээлэг гэр бүлээс улс худалдан авах шийдвэр гаргасны дараа 2-улсын харилцаа хурцдаж эхэлсэн юм. Японы засгийн газрын шийдвэрийн дараа Хятадууд эсэргүүцлээ илэрхийлж Дундад улс дахь Японы хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжүүд рүү халдаж, тонож, дээрэмдсэн. Японы компаниудын зүгээс үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болоод байгаа. Мөн Японд аялах байсан Хятад жуулчид захиалгаа цуцалсан нь Наран улсын жуулчлалын салбарт сөргөөр нөлөөлөөд байгаа. АНУ-ын 47 мянга орчим цэргийн албан хаагч Японд байрлаж бүс нутгийн холбоотон улсуудын аюулгүй байдлыг хамгаалдаг. Ерөнхий сайд Нода Японы тэнгисийн хүчний сөнөөгч хөлөг онгоц, шумбагч онгоц, усны мина устгагч, шатахуун тээвэрлэгч онгоц, нисдэг тэрэг, шумбагч хөлөг устгагч, харуулын онгоц зэрэг байлдааны техник хэрэгсэлтэй танилцлаа. Тайвань болон Окинава арлын хооронд оршдог маргаантай арлуудыг Японоор Сенкаку, Хятадаар Даюу гэдэг. Маргаантай арлын орчим загас элбэгтэй, мөн байгалийн хий газрын тосны нөөц ихээр илрээд байгаа юм. Хятад болон Японы харуулын онгоцууд арлын орчим харуул хийж бие биетэйгээ ойрхон зөрж байгаа. Сөргөлдөгч талууд бие биеэ болгоомжтой ажиглаж байгаа. Санамсартай болон санамсаргүй тохиолдлоор 2 улсын хооронд зэвсэгт мөргөлдөөн гарах вий гэдгээс бусад улс орнууд болгоомжилж байгаа юм. 3 жилд нэг болдог үзүүлэн тоглолтыг гадны улсуудын цэргийн мэргэжилтнүүд ирж үзэж сонирхжээ.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш