logo
Монгол Улс Европын сэргээн босголт, хөгжлийн банкны 61 дэх гишүүн орон

Монгол Улс Европын сэргээн босголт, хөгжлийн банкны 61 дэх гишүүн орон

2012/10/25
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2012.10.24/ хуралдааны эхэнд Европын сэргээн босголт, хөгжлийн банк үүсгэн байгуулах хэлэлцээрт оруулахаар санал болгосон нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөх тухай асуудлыг зөвшилцлөө.
Европын сэргээн босголт, хөгжлийн банк үүсгэн байгуулах хэлэлцээрийг Монгол Улс 2000 оны долдугаар сарын 26-ны өдөр хүлээн зөвшөөрч, хэлэлцээрийг УИХ-аар соёрхон баталсан юм байна. Харин 2006 онд дээрх хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулан  гишүүн орнуудын жагсаалтад Төв болон зүүн Европын бүс, Монгол Улс гэж нэмэн, ингэснээр манай улсад тус банкны үйл ажиллагаа хэрэгжин, зээлжих эрхтэй  61 дэх гишүүн болжээ.
Энэ удаад Европын сэргээн босголт, хөгжлийн банк үүсгэн байгуулах хэлэлцээрт дахин нэмэлт, өөрчлөлт оруулахаар болж байгаа бөгөөд газрын дундад тэнгис, өмнөд бас зүүн бүсийн зарим орнууд гэсэн бүсийг нэмж, тус банкны гишүүн орноор элсэх хүсэлт тавиад байгаа Морокко, Туни, Иордан улсуудыг нэмэх гэж байгаа ажээ. Хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулснаар Монгол Улсад ямар нэг сөрөг нөлөө үзүүлэхгүй хэмээн Сангийн сайд Ч.Улаан танилцуулгадаа дурдсан юм.
УИХ-ын гишүүн М.Батчимэг, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны гишүүн орны хувьд хамтын ажиллагаа хэр үр дүнтэй байгаа вэ. Хэдий хэмжээний зээл олгосон юм бол. Сүүлийн үед тус банкны зээлийн нөхцөл их хатуу, хувийн хэвшлийн байгууллагын дотоод хэрэгт хэтэрхий оролцох, бизнест нь нөлөөлөх хандлага гаргах болсон талаар гомдол дуулдах болсон. Энэ талаар тайлбар өгнө үү хэмээн Сангийн сайд Ч.Улаанаас хүссэн юм.
Сангийн сайд Ч.Улааны тайлбарласнаар Европын сэргээн босголт, хөгжлийн банкны гишүүни орон болсноор хувийн хэвшлийн салбарынханд хөнгөлөлттэй зээл олгох үйл ажиллагаа идэвхжсэн аж. Өнгөрсөн хугацаанд 800 гаруй сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг хувийн секторт оруулж, 30 гаруй төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм байна. Банкнаас олгох зээлийн хэлэлцээрийн нөхцөл хатуу байгаа талаар сонссон гэж Сангийн сайд хэлсэн. Тэрбээр, Банк болохоор өөрийн гэсэн нөхцөл, шалгуур бий.Гэхдээ хоёр тал тохиролцож байгаа болохоор банкны дотоод асуудалд оролцдоггүй. Гэхдээ тус банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийн талаар тодорхой мэдээллийг эрхэм гишүүнд хүргүүлье хэмээн хэлсэн юм. Гишүүд ийнхүү хэлэлцээд хэлэлцээрт оруулах нэмэлт, өөрчлөлтийг дэмжих нь зүйтэй хэмээн үзлээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш