logo
УИХ-ын гишүүнийг биечлэн хамгаална гэсэн заалт байхгүй гэлээ

УИХ-ын гишүүнийг биечлэн хамгаална гэсэн заалт байхгүй гэлээ

2012/10/25
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцсэний эхнийх нь “Хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүд буцаах тухай” УИХ-ын тогтоолын төсөл байв.
УИХ-д өргөн мэдүүлэгдээд хэлэлцэж эхэлсэн болон хэлэлцэж эхэлсэн ч шийдвэрлэж амжаагүй зарим хууль, тогтоолын төслүүдийг төсөл санаачлагчид нь буцаах  асуудлыг бүх байнгын хорооноос санал авсны үндсэн дээр судалж, тус байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж байгаа билээ.
Тус парламентын бүрэн эрхийн хугацаанд болон өмнө нь өргөн мэдүүлсэн боловч хэлэлцэн шийдвэрлэж амжаагүй нийт 98 төслөөс энэ удаагийн хуралдаанд оруулж байгаа  34 хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг хууль санаачлагчаар нь ангилж үзвэл УИХ-ын гишүүүдээс 33, Засгийн газраас 1 төсөл байгаа юм. Тэдгээр төслийг хэд хэдэн үндэслэлээр буцааж байгааг дурдвал:
1.    Хууль санаачлагч бүх гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дууссан 7 төсөл,
2.    Хууль санаачлагч гишүүдийн олонхийн бүрэн эрхийн хугацаа дууссан 21 төсөл,
3.    Ижил нэртэй боловч үзэл баримтлал нь зөрүүтэйн улмаас дахин боловсруулах шаардлагатай  3 төсөл,
4.    УИХ-ын сонгуулийн тухай, Нийслэлийн болон Аймаг, сум дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулиуд зэрэг зохих хуулиуд нь нэгэнт батлагдсан 3 төсөл тус тус байгаа аж.      
Үүний дараа УИХ-ын гишүүний халдашгүй байдалтай холбоотой асуудал байсан бөгөөд Р.Бурмаа гишүүн өнгөрсөн Пүрэв гарагт өөрийг нь ажилдаа ирэхэд Өвөрхангайгаас УИХ-д нэр дэвшигчидтэй холбоотойгоор ордны гадаа жагсаж байсан хүмүүс Төрийн ордонд нэвтрүүлэхгүй, УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг нь зөрчиж, биед нь хүрэн, доромжилсон, хамгаалалтын албаныхан тэгэхэд ямар ч арга хэмжээ аваагүйг яриад тус албаныхан “Төрийн ордон” гэдэг байшин, эд зүйлийг хамгаалах үүрэгтэй юү, ажлын байрандаа очих гэсэн гишүүнийг хамгаалах үүрэгтэй юү гэсэн асуултыг Төрийн ордны хамгаалалтын албаны дарга, хурандаа Г.Лхагвасүрэн, Төрийн тусгай хамгаалалтын газрын хуулийн зөвлөх, хошууч Тогтохням нарт тавив.             
Тэд “Төрийн ордны гадуур, дотуур хамгаалалт гэж байдаг, ордны хашаагаар ороод ирсэн тохиолдолд аюулгүй байдлыг нь хариуцна”, “Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гэх мэт хүмүүсийг хамгаалахаар заасан байдаг, харин УИХ-ын гишүүнийг биечлэн хамгаална гэсэн заалт байхгүй” гэхчлэн  хариулсан ч Төрийн ордны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн “Төрийн ордон, түүний нутаг дэвсгэрт хориглох зүйл” хэсэгт “Төрийн ордон, түүний нутаг дэвсгэрт жагсаал, цуглаан, өлсгөлөн, суулт хийх зэргээр шаардлагаа илэрхийлэх, Төрийн ордонд нэвтрэгчид саад хийх” /11.1.4/ хэмээн тодорхой заасан байдгийг гишүүд тэдэнд сануулж, Төрийн ордны тухай хуулийн заалт дутагдалтайдаа бус, энэ талаар тодорхой заалт байсаар байхад хамгаалалтын албаны удирдлага түүнийг биелүүлэхийг хүсэхгүй байна хэмээн шүүмжилж, тухайн асуудал болон МАН-ын гишүүдийн эсэргүүцлийн суулттай холбоотой асуудлаар холбогдох хүмүүст хариуцлага тооцон Байнгын хороонд эргэн мэдэгдэхийг хамгаалалтын албаныханд үүрэг болгосноор байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш