logo
Багануурын уурхайн орд газарт олгогдсон хувийн компанийн лицензийг хүчингүй болголоо

Багануурын уурхайн орд газарт олгогдсон хувийн компанийн лицензийг хүчингүй болголоо

2012/10/25
Багануурын уурхайн орд газарт хууль бусаар хувийн компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгожээ. “Багануур” ХК-ийнхан газраа чөлөөлж авахаар олон удаагийн хүсэлт гаргасан ч өнөөг хүртэл шийдэгдээгүй байна. Монгол Улсын Ерөнхий сайд энэ сарын 23-нд тус уурхайд ажиллах үеэрээ энэ асуудлыг нэг тийш нь болгож цэгцэллээ.
Улсын төсвийн мөнгөөр хайгуул хийсэн, Төрийн өмчийн компанийн газрыг тойруулаад хувийн компанид лиценз олгосон шийдвэрийг хүчингүй болгосон. Шинэчлэлийн Засгийн газар төрийн өмчийн уул уурхайн газар руу ингэж хууль бусаар халддаг байдлыг зогсоох, шударга бус явдалтай тэмцэнэ гэсэн зорилтынхоо эхний алхмыг Багануураас эхлүүлж байна гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ.
Ашигт малтмалын тухай хуулийн заалтыг баримтлаагүйн дээр журам зөрчиж улсын төсвийн хөрөнгөөр геологийн судалгаа, хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн ордод хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон, төрийн захиргааны байгууллагын шийдвэр гараагүй байхад тусгай зөвшөөрөл олгосон Геологи уул уурхайн кадастрын албаны (хуучин нэрээр) даргын 2006, 2007 оны 1071 болон 2375 тоот шийдвэрүүдийг хүчингүй болгосугай гэсэн Ашигт малтмалын газрын даргын тушаалыг энэ үеэр уншиж танилцууллаа.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш